"Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023" арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдлаа. ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө”  уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбарын оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг дүгнэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж идэвхжүүлэх боломжийг олгож буйг оролцогчид онцолжээ. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.

Тухайлбал, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” хүн амд хүргэх зорилго бүхий  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 70 хувьд буюу өрхийн болон сумын эрүүл мэндийн 353 төвд энэхүү технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдийг эрт үед нь оношлох, халдварт бус өвчнийг тэдний амьдарч байгаа газар нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр илрүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн, 2023 онд “Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлуулан

  • Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ

  • Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах

  • Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ

  • Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ

  • Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх

  • Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх гэсэн зургаан сэдвийн хүрээнд жилийн турш нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн. Үүний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.

 Төмөр замчдадаа  хандан, энэ аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

                 Төв эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан

                                 М.Жаргалмаа