Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.
Харин улсын төсвийн зарлага 12.79 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн байна. Ингэснээр төсвийн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Хэдийгээр 2023 оны эхний найман сард төсвийн тэнцэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин ашигтай гарсан ч аравдугаар сараас Төрийн зарим албан хаагчдын цалин нэмэгдэж буй тул төсвийн тэлэлт үргэлжлэхээр байгааг эдийн засагчид болон Монголбанк анхааруулж байна.
2023 оны эхний найман сарын хугацаанд улсын төсөвт бүх төрлийн татвараас 13.7 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн байгаа нь өмнөх оны мөн үеэс 47.1 хувиар нэмэгджээ.
Ийнхүү татварын орлого өмнөх оноос 4.4 их наяд төгрөгөөр өсөхөд 1.4 их наяд төгрөгийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлсэн бол нийгмийн даатгалын орлогоос 537.8 тэрбум, НӨАТ 472.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Харин онцгой албан татвар 80.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Засгийн газар 2023 он дуусталх хугацаанд АИ-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн хууль мөрдөгдөж байна.