Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг иргэдийн дунд зохион байгуулж буй “Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах” ажлын явц байдалтай танилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор УБТЗ-ын төв эмнэлэг дээр ажиллалаа. УБТЗ ХНН нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд анхаарч жил бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулж үр дүнг нь тооцож ажилладаг. Энэхүү хэвшсэн ажлынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах ажилтай уялдуулан зохион байгуулж байна. 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар эрт илрүүлэг үзлэгт Төмөр замын эмнэлэгт 3415 хүн хамрагдсанаас 1712 буюу 50.1 хувь нь эрэгтэйчүүд, 1703 буюу 49.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 2003 буюу 58.7 хувь нь Улаанбаатар хотод, 1412 буюу 41.3 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 1082 буюу 31.7 хувь нь 18-30 насныхан байна. Нийт 3415 эрт илэрүүлэгт үзлэгийн 3069 буюу 89,8 хувь нь өвчтэй илэрч 1436 буюу 46.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 729 буюу 23.8 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 635 буюу 20.7 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 126 буюу 4.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, хавдар 11 буюу 0.4 хувь, 89 буюу 2.9 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд байгууллага хоорондын хамтын ажиллагаа уялдаа холбоог хангаж ажиллаж байна. УБТЗ-ын байгууллага хариуцсан хүний нөөцийн ажилтнууд нь үйлдвэр хариуцсан эмч нартайгаа нягт холбоотой ажиллаж эрт илрүүлэгт хамрагдах ажилтнуудынхаа хуваарийг гаргаж Төв эмнэлэгт илгээх үзлэгээс гарсан үр дүн, судалгаанд дүгнэлт хийн ажилтнуудаа эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийг дэмжигч ажлын байр, орчин бүрдүүлэх замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг байгууллага хамт олны хамтын ажиллагаанд тулгуурлан бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.