ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын ойролцоох Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 орчим км төмөр замын төсөл хэрэгжиж байна. Элга-Чумикан чиглэлийн төмөр зам нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын экспортын гол дэд бүтэц болох юм. Элга орд бол Монголын сайн чанарын коксжих нүүрсний Таван толгойн ордтой өрсөлдөхүйц гэж үздэг. Уг төмөр зам 2026 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвтэй байгааг ОХУ-ын Якутын засаг захиргаанаас мэдээлжээ.
Өмнө нь Хабаровск хязгаар мужийн амбан захирагч М.В. Дегтярев төмөр замыг 2025 он гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Энэ нь Элга ордын ойролцоох Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 531 км төмөр замыг барьж байгуулж байгаа юм. Элгауголь компанийн тооцооллоор Элга-Чумикан чиглэлийн төмөр замыг байгуулах төслийг нийт өртөг 97.1 тэрбум рубль бөгөөд 37.3 тэрбум рублийг төмөр замд, 28.4 тэрбум рублийг хөдлөх бүрэлдэхүүнд, 15.8 тэрбум рублийг боомт байгуулахад зарцуулахаар урьдчилсан төлөвлөсөн. Элгауголь нь "А Проперти" компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Элга ордын төслийг хэрэгжүүлж байгаа аж. ОХУ-ын Якут дахь Элга ордын 95 хувийг “А-Проперти” компани, 5 хувийг төрийн "Ростех" корпораци тус тус эзэмшдэг.
“А Проперти”-ийн хувьд 2024 онд Элгагийн ордоос 30 сая тонн, цаашлаад 50 сая тонн коксжих нүүрс Хятад, Ази-Номхон далайн зах зээлд нийлүүлэхээр зорьж байгаа тул далайн боомт хүртэл дэд бүтцийг хувийн компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна. Энэхүү дэд бүтцийн төслийг “Номхон далайн төмөр зам” хэмээн нэрийдэж байна. Энэ нь Оросын хувийн хэвшлийн эзэмшилтэй анхны төмөр зам болох юм.