2023 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын чулуун нүүрсний экспорт 13.8 сая тонн болсон нь 2022 оны мөн үеэс 5.5 дахин, харин 2021 оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт болсныг ГЕГ-ын тайлан мэдээлэлд дурджээ. Цар тахлын нөлөө, БНХАУ-ын хилийн хязгаарлалтууд Монгол Улсын худалдаанд сөргөөр нөлөөлж байсан хоёр жилтэй харьцуулахад ийнхүү гол нэрийн барааны экспортын тоо хэмжээ эрс сэргэж байна. Энэ он болон ирэх онд Монголын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспорт өсөхөөр байгаа нь экспортын өсөлт импортын өсөлтийг гүйцэж эдийн засаг тэлэхэд түлхэц болно гэж АХБ тооцоолсон юм.