Монголбанк: Төгрөг ам.долларын эсрэг 2023 онд 1.7 хувиар суларсан бол рублийн эсрэг 32 хувиар чангарсан

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2023 оны сүүлийн хагаст 3450 төгрөгийн орчимд тогтворжиж, есдүгээр болон аравдугаар сарын байдлаар бага зэрэг чангарсан юм. Экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын цэвэр орох урсгал 2023 оны эхнээс хойш эерэг байгаа нь ханш тогтвортой байх нөхцөл болсныг Монголбанк тодотгож байв. Тодруулбал: төгрөгийн ханш өмнөх оны мөн үеэс ам.долларын эсрэг 1.7 хувиар, юанийн эсрэг 0.7 хувиар, еврогийн эсрэг 8.6 хувиар суларсан бол рублийн эсрэг 32.0 хувиар чангараад байна.

Нэгдүгээр сарын наймны байдлаар рублийн спот ханш 91 нэгж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар суларсан үзүүлэлт боллоо.

“Урсгал тэнцлийн алдагдал цаашид үргэлжлэх тохиолдолд төгрөг бусад валютын эсрэг сулрах эрсдэлтэй. Мөн улс орнууд ногоон шилжилт хийж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт буурвал ирээдүйд төгрөгийн ханш үргэлжлэн сулрах эрсдэл байгаа”-г “Bloomberg Intelligence”-ийн ахлах стратегич Стефен Чу онцолж байлаа.

Түүнчлэн тэрбээр "Ам.долларын ханш 2024 оны хоёрдугаар хагасаас төгрөг зэрэг Азийн валютуудын эсрэг тогтвортой сулрах төлөвтэй" гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.