Монгол, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 6-7-нд цахимаар боллоо. Зөвлөгөөнөөр Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээ, галт тэрэг солилцоог нэмж, галт тэрэгний жин болон уртыг нэмэх зэрэг олон чухал асуудлыг хөрш төмөр замуудын төлөөлөл хэлэлцсэн юм. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй боомтуудын төмөр замын төслөө танилцууллаа. Засгийн газрын тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан билээ. Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны 2 дугаар сард хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа. Боомтын төмөр замыг энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулж, 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.