Гаалийн байгууллагаас мэдээлснээр оны эхний 3 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5703.6 сая ам.доллар болов. Энэ нь 2022 оны мөн үеэс 2070.9 сая ам.доллар буюу 57 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 1824.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Мөн хугацаанд экспортод 3764 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.8 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь,

  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь,

  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна.

Экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д,

  • үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг мөн БНХАУ-д,

  • ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д,

  • ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.

 

Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.