Нүүр Гэгээн анир Ээжээ таны тэврэлт хорвоогийн хамгийн аюулгүй орон зай
Гэгээн анир

Ээжээ таны тэврэлт хорвоогийн хамгийн аюулгүй орон зай

G.Press 14 цагийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

Сайн байна уу, хайрт ээж минь. Энэ захидлыг бичиж суухдаа таны тухай бодол зүрхэнд минь хөвөрч, хүүхэд насны минь хамгийн дулаахан дурсамжууд нүдний өмнө тодорно. Би танаас нахиалж, алтан хэвлийд тань бүрэлдсэн амьдралын үргэлжлэл. Таны зүрхний хэмнэлээр анх аялгуугаа олж, халуун энэрэлд торнин өссөн нэгэн билээ. Багадаа би таны хайрыг ердөө л амьдралын нэг хэсэг мэт хүлээн авдаг байж. Өглөө сэрэхэд байдаг бэлэн хоол, даарч хөрөх вий гэсэндээ өмсүүлэх дулаан хувцас, өвдөхөд минь шөнөжин нойргүй сахих тань надад энгийн зүйл байлаа. Өнөөдөр эргээд бодоход тэр бүхэн ээж хүний агуу хайрын илэрхийлэл байж. Ээжээ, таны дуу хоолой миний хувьд үргэлж бүүвэйн аялгуу мэт санагддаг. Таны тэврэлт хорвоогийн хамгийн аюулгүй орон зай байсаар иржээ. Амьдралын замд бүдэрч унах үед намайг босгох хүч үргэлж таны хайр дотроос олддог байлаа. Та дэргэд байгаагүй үед ч сургааль, ерөөл, итгэл тань надад жигүүр ургуулж, урагш алхах зориг өгдөг байсан. Мөрөөдлөө даган гэрээсээ гарч, бие даан амьдрах болсон тэр үеэс л таны хайрын үнэ цэнийг улам их ойлгож эхэлсэн дээ. Утасны цаанаас “Хоолоо сайн идээрэй”, “Дулаан хувцаслаарай”, “Өөртөө анхаараарай” гэх хэдхэн үг тань надад өлссөн үед цатгах, даарсан үед дулаалцуулах, өвдсөн үед эм болох шидтэйг одоо ч мэдэрдэг. Өнгөрсөн он жилүүдэд та өөрийн хэрэгцээг хойш тавьж, миний төлөө санаа зовж, зүтгэж ирснийг би тэр бүр анзаардаггүй, бүрэн ойлгодоггүй байж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ээжийнхээ золиослол, сэтгэлийн их хайрыг улам илүү ухаарсан. Олон бэрхшээл байсан ч ээжийн сэтгэл үргэлж дэргэд байж, үр намайгаа чимээгүйхэн түшиж, гэрэлтүүлнэ. Учир нь ээжийн хайр орон зайгаар хэмжигдэхгүй, цаг хугацаагаар хуучирдаггүй, хүний амьдралын туршид хамт байдаг хамгийн нандин хүч юм. Нас ахих тусам таны золиослол, тэвчээр, энэрэнгүй сэтгэлийг улам илүү ойлгож байна. Намайг жаргалтай байлгахын төлөө та ямар их зүйлээс татгалзаж, ямар их хайраа зориулсныг бодох бүр зүрх минь талархлаар дүүрдэг. Ээжээ, хүн бүхэн амьдралын нэгэн мөчид эцэг эхийнхээ гэрээс гарч, өөрийн гэсэн амьдралын замыг эхлүүлж, охин үр нь айлын бэр, хүний хань болсон тэр өдөр ээжийн сэтгэлд баяр, гуниг хоёул зэрэгцэн оршдог. Үрээ аз жаргалтай яваасай хэмээн хүсэхийн зэрэгцээ дэргэдээсээ холдож буйг нь бодохоор эх хүний зүрх эзгүйрдэг. Охин нь өөрийн гэсэн гэр бүлтэй болж үүрнээсээ нисэхэд чимээгүй түшиг, холоос залбирч ерөөх сэтгэл болон хувирна. Хүний эхнэр болоод ээжийнхээ хайрын агууг илүү гүн ойлгодог болов. Өрх гэрээ авч явах, хань, үрээ халамжлах, бусдын төлөө санаа тавих бүрдээ ээжийнхээ хийдэг байсан бүхнийг эргэн санаж, тэр их хайр ямар үнэ цэнтэй байсныг мэдэрнэ. Цаг хугацаа өнгөрч, амьдрал өөрчлөгдсөн ч эх хүний хайр хэзээ ч хувирдаггүй аж. Харин ч улам гүнзийрч, алсаас гэрэлтэх мөнхийн дэнлүү мэт үрийнхээ амьдралыг гэрэлтүүлсээр байдаг. Эмэгтэй хүн ээж болох тэр мөчөөс амьдралыг өөр нүдээр харж эхэлнэ. Хэвлийдээ үрээ тээж, анхны хөдөлгөөнийг нь мэдэрч, анхны уйлах дууг нь сонсох мөчид зүрхэнд нь өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй нэгэн үлэмж их хайр төрнө. Тэр хайр нь өөрийнхөө төлөө бус, үрийнхээ төлөө амьдрах эх хүний хайр юм. Ээж болсон тэр мөчид бас нэгэн үнэнийг улам гүн ойлгосон. Тэр нь ээжийнхээ хайр ямар аугаа байсныг ойлгох ухаарал. Шөнө нойргүй хонож хүүхдээ асрахдаа, өвдөхөд нь хамт шаналахдаа, инээхэд нь хамт баярлахдаа ээж таныхаа туулсан бүхнийг бага багаар мэдэрч эхэлсэн. Ээж минь надаас юу ч нэхэлгүйгээр бүхнээ зориулж ирсэн гэдгийг мэдрэх тусам зүрхэнд талархал дүүрнэ. “Ээжээ, намайг ингэж их хайрлаж, хамгаалж, өсгөж хүмүүжүүлэхэд ямар их хүч, тэвчээр шаарддаг байсныг би одоо л ойлгож ухаарч байна” гэж сэтгэлдээ шивнэнэ. Ээжийн хайр үеэс үед үргэлжилдэг. Нэгэн цагт охин байсан би ээж болж, өөрийн үрээ энэрэн хайрлахдаа эхээсээ авсан тэр их хайрыг цааш нь өвлүүлнэ. Ийнхүү ээжийн хайр нэгэн амьдралаар төгсөхгүй, үе дамжин урсах нандин ариун хэлхээс билээ. Цаг хугацаа тойрч өнгөрч, нэгэн цагт гараас минь хөтөлж явсан ээжийн минь гар үрчлээтэж, намайг тэвэрдэг байсан хүчирхэг мөр нь аажмаар бөхийж эхэлнэ. Харин тэр үед л амьдралын хамгийн нандин үнэнийг хүн ойлгодог аж. Ээж бид хоёр хамтдаа өтөлж байна. Хүүхэд насанд ээж минь намайг хамгаалдаг байсан, харин нас ахихын хэрээр хүүхэд шиг болох ээжийгээ би халамжилж, хайрлахыг хичээх болсон. Энэ нь амьдралын жам, хайрын хамгийн сайхан эргэлт юм. Ээжийн хайр он жил өнгөрөх тусам улам өгөөмөр болдог. Нас ахисан ээжийн нүдэнд хүүхэд нь хэдэн настай болсон ч үргэлж л жаахан хэвээрээ. Харин үр хүүхдийн хувьд ээжтэйгээ өнгөрүүлэх цаг мөч бүр үнэтэй болж эхэлдэг. Хамтдаа уух аяга цай, хуучны дурсамжаа ярилцах үдэш, инээмсэглэн суух энгийн агшнууд хүртэл амьдралын эрхэм баялаг болж хувирна. Учир нь цаг хугацааг буцааж болдоггүй ч хайрласан хүмүүсийнхээ дэргэд байх мөч бүрийг үнэ цэнтэй болгож чаддаг. Ээж тантайгаа хамт өтлөх нь өдөр бүрийн халамж, санаа тавих дуудлага, дулаан тэврэлт, хамтдаа өнгөрүүлэх энгийн атлаа нандин мөчүүдийн цуглуулга, их хайр билээ. Таны минь үс мөнгөрч, алхах нь удааширсан ч таны хайр хэзээ ч хөгширдөггүй. Харин ч улам уужуу болж, үр хүүхдийнхээ амьдралыг гэрэлтүүлсээр байдаг. Тиймээс ээжтэйгээ хамт өтлөх он жилүүд нь амьдралын эрхэм бэлэг, зүрхэнд үүрд хадгалагдах нандин хайр юм. Ээжээ таны минь хайр нэгэн амьдралаар төгсөхгүй ээ. Охин нь ээж болж, ээж минь эмээ болж, хайр үе дамжин урсаж, үрээс үрд, зүрхнээс зүрхэнд өвлөгдөнө. Тиймээс ээжийн минь хайр цаг хугацаа дамнан урсах мөнхийн гэрэл, үе үеийг холбосон ариун холбоос, нэгэн амьдралын төгсөшгүй, үе дамжин үргэлжлэх хамгийн нандин хэлхээс билээ. Ээжээ, тандаа баярлалаа. Намайг энэ хорвоод төрүүлсэнд баярлалаа. Намайг хайрлаж өсгөсөнд баярлалаа. Алдахад минь уучилж, унахад минь түшиж, амжилтад хүрэхэд минь хамгийн түрүүнд хүч өгсөнд баярлалаа. Таны хайр миний амьдралын эхлэл байсан. Таны хайр өнөөдрийн намайг бүтээсэн. Таны хайр насан туршид зүрхэнд минь гэрэлтэх болно. Ээжийн хайр хаврын нарны туяа шиг дулаан, зуны бороо шиг үнэртэй, намрын навч шиг нандин, өвлийн цас шиг цагаахан билээ охин нь тандаа хязгааргүй их хайртай.

 

П.Түмэндэмбэрэл 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.