Нүүр Боловсрол Ээж аавууд хүүхдийнхээ биеэ даах чадвар сурсан зүйлсийг хараад сэтгэл нь амарда...
Боловсрол

Ээж аавууд хүүхдийнхээ биеэ даах чадвар сурсан зүйлсийг хараад сэтгэл нь амардаг

G.Press 1 сарын өмнө 79 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Дэгдээхэй” 24 цагийн цэцэрлэгийн инээд хөөр, дуу хөгжим, шавар, будгаар дүүрэн хөгжилтэй нэг өдрийг сурвалжиллаа. Өглөөний 10:00 цагийн үед цэцэрлэгийн халгаар ороход хүүхдүүдийн дуу цангинаж, нэг ангиас хөгжим хангинаж, цэцэрлэгээс хоолны зөөлөн, сайхан үнэр ханхийж, цэвэр цэмцгэр орчин, бяцхан хүүхдүүдийн хийсэн цаасан урлал, багш ажилчдын тордож арчилдаг таримал цэцэг, ургамал зэрэг нь өнгө өнгийн үзэмжийг бүрдүүлжээ. Үүдээр оронгуут цэцэрлэгийн эрхлэгчийн өрөө байх аж. Эрхлэгч Н.Сэржмядаг 1998 онд энд багшаар ажиллаж эхэлснээр бөгөөд олон өдөр шөнийг багачуудтайгаа  хамт өнгөрүүлдэг. Тэр 2015 оноос эрхлэгчээр ажиллаж байна. “Дэгдээхэй” цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай ч бүртгэлээрээ 128 хүүхэдтэй, төмөр замын ажилчдын хүүхдүүдийг хүлээн авдгаараа онцлог. Агуйтаас Шатан зөрлөг хүртэлх өртөө, зөрлөг замын хэсгийн ажилчдын хүүхдүүд энд хүмүүждэг. Үүний 40 орчим хувь нь төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг замчдын хүүхдүүд. Мөн зүтгүүрийн депо, вагон депо, эмнэлэг зэрэг ээлжийн ажилтай эцэг эхчүүд ч хүүхдүүдээ энэ цэцэрлэгт өгдөг гэнэ. Дөрвөн бүлэгтэй, нэг ангид 25-30 хүүхэд суралцдаг. “Дэгдээхэй” цэцэрлэг 24 цагийн үйл ажиллагаатай учраас багш нар ээлжээр хүүхдүүдийг авч, анги бүрт таван багш ажиллаж, бүх үйл ажиллагааг чанартай явуулдаг нь илт анзаарагдана.

07:30 цагт өглөөний багш нар ирнэ. Бага бүлгийн хүүхдүүд багштайгаа хамтарч, ахлах, бэлтгэл бүлгийнхэн өөрсдөө ороо хурааж, хувцсаа өмсөнө. Хүүхдүүд нүүр гараа угааж, биеэ засаж, хоолойгоо зайлна. Өдөртөө хүүхдүүд төсөлт, үлгэрт суурилсан тоглоомд оролцож, бие даах, хамтран ажиллах чадвараа хөгжүүлдэг юм байна. Бага бүлгийн хүүхдүүд биеэ даах, амьдралд сурах, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвараа хөгжүүлнэ. Бага бүлгээр зочлоход бяцхан хүүхдүүд бусдыг анзаарах сөхөөгүй эвлүүлдэг, угсардаг тоглоомоор наадна. Янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгө өнгийн тоглоом алаглана. Хүүхдүүд хэлбэр дүрсээ эвлүүлэхээс гадна, өнгө ялгаж сурах зэргээр давхар үйлдлийг хийцгээнэ. Бага бүлгийн багшаар Б.Ууганчимэг С.Ундрах, багшийн туслахаар Х.Бат-Өлзий, Б.Батцэцэг, Ш.Цэцэнмандах нар ажилладаг ажээ.

Дунд бүлгийнхэн наранцэцэг тарихаар багш нар хүүхдүүдэд туслаад тун завгүй байцгаав. Багш нь гарын авлага үзүүлж, хүүхдүүдэд тайлбарлана. Хүүхдүүд ч цэцэг тариаар тун ихээр яарна. Нэг нь савх барьж шороондоо нүх гаргаж байхад, нөгөө нь суулгах үрээ алган дээрээ тавиад сонирхоно. Хэсэг хүүхдүүд нь устай шүршигч саваа барьчихсан догдолно. Үүний хажуугаар ганц нэгэн хүүхэд ус шүршиж зүггүйтнэ. Дунд бүлгийн багшаар Г.Ганцэцэг Г.Номин, багшийн туслахаар Д.Оюунчимэг Ч.Батжаргал С.Цээлхам нар ажилладаг.

 

Хүүхдүүдийн эрч хүч унтарсангүй, харин ч багштайгаа хамт тоглож, бүтээлч ажил өдрийн хоол хүртэл үргэлжилнэ. Хүүхдүүд бие биенээ дэмжиж, хамтран суралцана. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаагаа  боловсруулж, багш нар хүүхэд тус бүрийн онцлогт тааруулан ажилладаг байна. Хүүхдийн өдөр тутмын амьдрал, хүүхдүүдийн онцлог нь янз бүр. Зарим нь энхрийлүүлэх дуртай, багшид ойртож, тэврүүлж, ойр дотно харилцаа үүсгэдэг. Нөгөө нь биеэ даасан, багшийн үгийг сонсож, хурдан дасдаг гэсэн.

 

“Цэцэрлэг минь баяртай” тайлан тоглолтоо хийнэ

 

Бэлтгэл бүлгийнхэн “Цэгээр наадъя” төслийн хүрээнд гарын авлага, материалуудтай болжээ. Түүнийгээ  ашиглан гар хурууны жижиг булчингаа хөгжүүлж, сэтгэн бодох чадвар дээшилж байна. Бэлтгэл бүлгийн багшаар Д.Туяа, Ж.Отгонбаяр, багшийн туслахаар Х.Болормаа З.Тэрбиш С.Золзаяа нар ажилладаг. Ирэх жил сургуульд орох бэлтгэл бүлгийн хүүхдүүд эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ тайлагнахаар “Цэцэрлэг минь баяртай” тайлан тоглолтоо хийхээр өдөр бүр бэлтгэж байна.

Дунд бүлгийнхэн усан будгаар зураг зурж байгаа болохоор хормогч, ханцуйвч өмссөн нь догь харагдана. Хүүхдүүд өөрсдийн уран сэтгэмжээр бүтээл туурвина. Зарим нь өнгөт цэцэг, зарим нь инээдтэй дүрс зурна. Энэ ангид ихэр хүүхдүүд хүмүүждэг. Таван настай Т.Үжингоо, Т.Эрхэс нар ихрүүд. Т.Үжингоо барбигаар тоглох дуртай, Баясгалан,Тэмүүлэн хоёр найзтай, удахгүй сургуульд орох тухайгаа ярьсан юм.  Ахлах бүлэг багшаар Д.Даваасүрэн Д.Сайнзаяа, багшийн туслахаар Б.Номин-Эрдэнэ Х.Нармандах П.Мөнхтуяа нар ажиллаж, тэднийг халамжилдаг.

“Дэгдээхэй” цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр, нас сэтгэхүйд онцлогт нь тохируулан хөгжүүлж, бэлтгэл бүлгээс эхлэн сурагч болоход нь  бэлтгэж, биеэ даасан, сэтгэл зүйн хувьд тогтвортой хүмүүжүүлэхийг зорьж байна. Багш нарын туршлага, эцэг эхийн итгэл, хүүхэд тус бүрийн өвөрмөц онцлог нь цэцэрлэгийн амжилтын үндэс болдог. Шинэ багш нарыг туршлагатай багш нар нь даагалдуулж, хүүхдүүдэд чанартай сургалт, халамжийг үзүүлдэг. Багш нарын хариуцлагатай, сэтгэл гаргасан халамж нь хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд, хөгжилд шууд нөлөөлдөг байна.

24 цагийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүд таван өдөр эндээ өнжин, эцэг эхээсээ хол хүмүүждэг. Анх ирж байгаа хүүхдүүдэд гирвэшиж, гэрээ санан уйлж, уйтгарлахад багш нар нь элгэндээ нааж тэврээд, тоглуулж, тайвшруулж, яг эцэг эх шиг халамжилж цэцэрлэгт нь дасгадаг гэнэ. Ангиуд нас бүлгээрээ ялгаатай бөгөөд ах, дүү хоёр тус тусдаа ангид байх нь хэвийн. Дүүг нь уйлагнах үед багш нар нь ах, дүү хоёрыг уулзуулж, тэврүүлж, тоглуулж дасан зохицоход нь тусалдаг аж.

 

Би өөрөө чөлөөтэй баймаар байна

 

“Орчин үеийн хүүхдүүд бие даасан, өөртөө итгэлтэй, оюун ухаан сайтай болжээ. Тэд илүү сайжирсан орчинд өсөж, технологитой хурдан дасаж, багаасаа шинэ зүйлд тэмүүлж, суралцах өндөр чадвартай болсон байна. Харин намайг анх ажилд орж байх үед хүүхдүүд багшийн үгийг эргэлзэлгүй дагадаг байлаа. Өнөөдрийн хүүхдүүд харин “Би өөрөө чөлөөтэй баймаар байна” гэж өөрийн үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлдэг болсон нь цаг үе хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Н.Сэржмядаг ярилаа. Түүний энэ үг өнөөгийн хүүхэд багачуудын өөрчлөлтийг тодхон илтгэнэ.

12:00 цагт өдөр болоход хүүхдүүд ширээгээ засаж, өдрийн хоолоо амтархан идэж эхлэв. Лхагва гарагийн хоолны цэсэд тасалсан гурилтай ногоотой шөл, брокли ногоогоор “чимэглэсэн” төмсний хучмал байв. Тус цэцэрлэг нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийг анхаарч, хоолны шим тэжээлийг сайтар тооцдог. Долоо хоногийн хоолны цэсийг давхцуулахгүй, илчлэгийг нь зохицуулж, амттай, шим тэжээлтэй хоол өгдөг. Туслах багш нар хүүхдүүдэд дэм өгөхийн зэрэгцээ хооллох соёлд сургаж байгаа харагдсан.

Багачууд гурав, тав дахь өдрийг онцгойлон хүлээдэг. Учир нь тав дахь өдөр гэртээ харьдаг бол гурав дахь өдөр эргэлтийн өдөр тул ээж аавтайгаа уулзахаар догдлон хүлээдэг. Гэхдээ зарим хүүхэд хагас сайн, бүтэн сайнд гэртээ харьчихаад цэцэрлэгтээ яаран яарсаар ирдэг гэнэ. Эндээ дасчихсан, найзуудтайгаа уулзахаар яарсан тухайгаа багш нартаа дуулгаж санаа нь амардаг гэсэн.

“Дэгдээхэй” цэцэрлэгийн амжилтын бас нэгэн арга барилыг дурдвал, багш, туслах багш нарын ажлын график нарийн зохион байгуулалттай байдаг.  Багш өмнөх гардсан ажлаа бүрэн хийж дуусгавал, дараагийн багш хүлээж авахад ямар ч саадгүй үргэлжлүүлж чадна. Энэ нь ажлын хуваарь, цаг баримтлах хариуцлагатай салшгүй холбоотой. Өглөө, өдөр, орой багш нар хоорондоо хүүхдүүдээ хүлээлцэж, мэдээлэл өгдөг. Шөнийн ээлжинд ажиллах багш нар хүүхдийн аюулгүй байдлыг хянаж, халуурах, өвдөх, гэнэтийн нөхцөлд шуурхай арга хэмжээ авдаг. Хүүхдүүдийн өдөр тутмын байдал, амралт, хоол, тоглоом, унтах зэрэг мэдээллийг багш нар хоорондоо нягт солилцдог. Нэг бүлэгт таван багш ажиллаж, баг бүр нэг ангийг хариуцан ажилладаг. Багш нар бүлгийн хүүхдүүдтэйгээ олон жилийн турш ажиллаж, тэднийхээ онцлогт тааруулан дасгалжуулдаг туршлагатай.

Мөн цэцэрлэгт Төв эмнэлгээс хүүхдийн эмч ирж ажилладаг аж. Өдөр тутмын үйл ажиллагаандаа хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн эмч онцгой анхаарал хандуулна. Хүүхэд бүрийг долоо хоногт хоёр удаа нямбайлан үзэж, бяцхан биед нь илрэх аливаа өөрчлөлтийг анзааран, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч, гэрт нь амраах эсвэл эмчилгээ, тусламж үзүүлэх зохицуулалтыг хийдэг. Эмч нарын хариуцлагатай, цаг баримталсан энэ үйл ажиллагаа нь эцэг эхчүүдэд итгэл төрүүлж, хүүхэд бүрийг аюулгүй, халамж дүүрэн орчинд өсөн бойжих баталгаа болдог юм.

Хүүхдүүд цэцэрлэгтээ дасаж, багш нараа хайрлан үргэлж санан дурсдаг. Сургуульд орсныхоо дараа ч багштайгаа уулзаж, эргэх холбоотой байдаг гэнэ. Ээж, аав нар ч хүүхдийнхээ сурлага, биеэ даах чадварыг хараад сэтгэл амар байдаг. Хүүхдэд ээлтэй орчинд өссөн нь төгсөгчдөөс ирээдүйд багш болох, боловсролын салбарт ажиллах сэдлийг бий болгодог. Тухайлбал, туслах багш Ш.Цэцэнмандахын амьдрал “Дэгдээхэй” цэцэрлэгтэй салшгүй холбоотой. Бяцхан охин байхдаа энэ л цэцэрлэгийн дулаан орчинд өсөж, инээж, мөрөөдлөө эндээ тээж эхэлсэн тэрбээр өдгөө эргэн ирж, өөрөө хүүхэд багачуудын инээмсэглэл, баяр баяслын шалтгаан болж яваа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Нэгэн цагт тоглож, сурч явсан тэр л орчиндоо одоо багш болон ажиллаж, бяцхан зүрх бүрийг хайр халамжаар дүүргэж байгаа нь амьдралын хамгийн сайхан тойрог мэт.

“Дэгдээхэй” цэцэрлэгийн хамт олон хүүхдийг дасан зохицох, дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нөхөрлөл, сургалт зэрэг олон зүйлээр хөгжүүлж, эцэг эхчүүдэд найдвартай үйлчилгээ үзүүлдэгт талархал илэрхийлье.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.