Нүүр Боловсрол Ё.Бямбатогтох: Мэргэжил сурталчилсны үр дүн энэ жилээс гарч байна
Боловсрол

Ё.Бямбатогтох: Мэргэжил сурталчилсны үр дүн энэ жилээс гарч байна

G.Press 8 сарын өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтохтой ярилцлаа.

 

-Энэ хичээлийн шинэ жил эхэллээ. Өмнөх жилүүдээс юугаараа онцлог болж байна вэ?

 

-Боловсролын яамнаас мэргэжлийн боловсролын байгууллагын багш, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах гэхчлэн зорилтыг тодорхойлсон. Бид түүнтэй нь уялдуулан энэ хичээлийн жилийнхээ зорилтыг тодорхойллоо. Энэ жилийн онцлог гэвэл манай ПТК-ийн техникчийн болон ТЗИС-ийн бакалаврын ангид элсэн суралцах өндөр оноотой хүүхдүүд анх удаа Замын даргын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахаар болсон. Өнгөрсөн жил бид УБТЗ-ын Хүний нөөцийн албатай хамтран 17 аймагт төмөр замын мэргэжил сурталчлах ажлыг ахлах ангийн хүүхдүүдэд зохион байгуулсны үр дүн энэ жилээс харагдаж байна. Элсэгчдийн 70 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж байна. Зөвхөн төмөр зам дагасан аймгуудаас өмнө нь их элсдэг байсан бол энэ жил бусад аймгуудаас ч ирсэн. Үүнийгээ дагаад оюутны дотуур байр хүрэлцэхгүй байдал ажиглагдаж байна. Өмнө нь ихэвчлэн Улаанбаатар хотоос элсдэг байхад ийм хүндрэл гардаггүй байлаа.

 

-Бүх мэргэжлээр элсэлт дүүрсэн үү?

 

-Бид долдугаар сараас элсэлтээ зохион байгуулахад зүтгүүр, ашиглалт, вагоны техникчийн ангиуд дүүрсэн. Харин зам, цахилгаан, дохиолол төвлөрүүлэлт холбооны техникчийн ангиуд бүрдээгүй тул есдүгээр сарын 15 хүртэл нэмэлт элсэлт зарласан. Харин мэргэжлийн боловсролын ангиуд бол дүүрсэн. Зарим хүмүүс төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, мэргэжлийнх нь хүмүүс эрэлт ихтэй, төмөр замыг мэдэхгүй хүн байхгүй байтал сургуулиа сурталчлах шаардлагагүй гэж үздэг. Харин ч тэр тусмаа төмөр замын мэргэжил эзэмшсэний давуу тал нь юу юм, онцлог нь ямар юм гэдгийг бусдад сурталчлах нь зүйтэй гэж бид хардаг. Энэ хүрээндээ сургуулийнхаа page хуудас болон төмөр замчдын олон группээр мэдээлэл хүргэдэг.

 

-Төлбөрийн хувьд нэмэгдсэн үү, хэвээрээ байгаа юу?

 

-Энэ жил ПТК болон ТЗИС төлбөрөө нэмээгүй шүү дээ. Тодруулбал, мэргэжлийн боловсролын төлбөр 1405000 төгрөг байгаа. Техникчийн анги бол тухайн мэргэжлийнхээ онцлог, кредит цагийн үнэлгээнээсээ хамаарч 1.5-1.8 сая төгрөгийн хооронд байна. Гэхдээ техникч болон мэргэжлийн боловсролын ангид суралцагсад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Сүүлд журамд нь өөрчлөлт орж төгсөхөд нь нэг мөр олгодог болсон. Ингэснээр нэг жилийн ангийг дансандаа хоёр сая, техникчийн гурван жилийн ангийг зургаан сая төгрөгтэй төгсөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амжилттай төгсвөл төлсөн төлбөрөө буцаагаад авч байгаа юм.

 

-ПТК сургалтын хөтөлбөрүүдээ бүрэн магадлан итгэмжлүүлсэн үү?

 

-Манайх техникчийн долоо, мэргэжлийн боловсролын найман хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хавар техникчийн хоёр хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулж, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээчид ирж ажилласан. Энэ сард хуралдаад вагоны техникчийн хөтөлбөрийг сунгаж, замынхыг магадлан итгэмжлэх асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Ингэснээр техникчийн гурван хөтөлбөрийг амжилттай магадлуулна гэж ойлгож болно. Түрүү жил бид зүтгүүр, вагоны техникчийн хөтөлбөрийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн. Энэ хичээлийн жилд багтаан техникчийн үлдсэн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх зорилт тавьсан.

 

-Магадлан итгэмжлэл нь хэр хугацаанд хүчинтэй байдаг вэ?

 

-Магадлан итгэмжлэл хоёр янз байдаг. Нэгдүгээрт, тухайн байгууллагыг магадлан итгэмжилдэг. Манай сургууль 2019 онд ПТК болоод 2021 онд байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдсан. 2026 онд ахисан түвшний магадланд орохоор байгаа. Хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэлд анх ороход хугацаа нь нэг, таван жил гэсэн шатлалтай байдаг. Гэхдээ ахисан түвшний магадланд орохоор хугацаа нь сунгагдаад явдаг. Хөтөлбөрийн хувьд манайх зүтгүүрийнх тав, вагоных нэг жилийн хугацаатай итгэмжлэгдсэн байсан. Тэгэхээр вагоны хөтөлбөр гэх мэт зарим сургалтын хөтөлбөр маань одоо дахин магадлан итгэмжлэлд орж таван жилээр сунгуулахаар байна.

 

-Танай сургууль төр, хувийн хэвшлийн бусад төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээндээ хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

 

-Зам, тээврийн сайдаар Л.Халтар ажиллаж байх үеэс Монгол Улсын хэмжээний төмөр замын хүний нөөцийг ТЗДС, ПТК-д төвлөрүүлэн бэлтгэх нь зүйтэй юм гэж үзэж, бид хэд хэдэн удаа уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Улмаар төмөр замын бүх байгууллагатай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд гурван жилийн өмнөөс бусад төмөр замын захиалгаар хүний нөөцийг нь сургаж бэлтгэх ажил эхэлсэн. Өнгөрсөн хавар хоёр дахь төгсөлтөө хийлээ. Бусад төмөр замаас техникчийн 1.5 жилийн ангид ойролцоогоор 50-80 хүн сургаж байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Өмнө нь, манай сургууль зөвхөн УБТЗ-ын хүний нөөцийг бэлтгэнэ гэсэн стратегитай явж байсан бол дээрх санамж бичгүүдийг байгуулснаар манай хоёр сургууль Монгол Улсын төмөр замын хүний нөөцийг бэлтгэх бодлого зорилт руу шилжсэн гэж ойлгож болно. Үүнтэй холбоотой олон ажил хийж байна. Тухайлбал, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөө шинэчилнэ. Учир нь бусад төмөр замуудад орчин үеийн, шинэ, өөр өөр технологиуд ашиглаж буй тул тэр чиглэлийн мэдлэгийг бид бүрэн олгох ёстой шүү дээ. Өнгөрсөн жил бусад төмөр замууд болон УБТЗ-ын холбогдох салбар нэгжүүдийн удирдлага, сургалтын инженерүүдийг оролцуулаад хөтөлбөрийн хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулсан. Үүндээ тулгуурлаад сургалтын төлөвлөгөө хөтөлбөрт багагүй өөрчлөлт орж, энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт хийх нөхцөл бүрдсэн байна.

 

-Ажиллаж буй төмөр замчдын сонирхдог оройн болон эчнээ сургалтын талаар мэдээлэл өгнө үү?

 

-Тавигдах шаардлага нь манай мэргэжлийн боловсролын ангийг ч юм уу бусад МСҮТ-ийг төгсөж, мэргэжлээрээ говийн хэсэглэлд хоёроос, бусад газар гурваас доошгүй жил ажилласан тохиолдолд техникчийн 1.5 жилийн эчнээ ангид шалгалт өгөн элсэх боломжтой. Жилд хоёр удаа цугларч хичээлд суудаг. УБТЗ-д ажиллаж буй хүмүүсийн хувьд бусад төмөр замынхаас цалинтай чөлөөгөөр сурдгаараа давуу талтай. Хэрэв ямар нэгэн МСҮТ төгсөөгүй, богино хугацааны чадамжийн сургалтад хамрагдсан ч техникчийн ангид шууд элсэх боломжгүй. Заавал эхлээд мэргэжлийн боловсролоо эзэмших ёстой.

 

-Төмөр замчдын дундаас ч, өөр бусад хүмүүсээс ч “Би төмөр замын сургуулийн техникчийн ангид нэг жил сураад гарсан юм. Одоо үргэлжлүүлэн сурах боломжтой юу. Эсвэл заавал эхнээс нь суралцдаг уу” гэж их асуудаг. Үргэлжлүүлэн сурах боломжтой юу?

 

-Тухайн хүн маань эрүүл мэндийн шалтгаан, цэргийн алба хаах, хүүхэд төрүүлэх гэхчлэн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай албан ёсны тушаал шийдвэрээр чөлөө авсан байсан бол үргэлжлүүлэн сурч болно. Харин тушаал шийдвэргүй, сургуулиа хаяад явсан бол боломжгүй. Хэрэв сурмаар байгаа бол дахин эхэлнэ гэсэн үг. 

 

-Хүний нөөцийн хувьд танай сургууль ямар байна вэ?

 

-34 хүний орон тоотой. Үүнээс үндсэн багш нь 19 байна. Үндсэн сургалтынхаа хажуугаар богино хугацааны чадамжийн сургалтыг таван мэргэжлээр зохион байгуулдаг. Тэгэхээр багш дутагдах асуудал их байдаг. Нийт 1000 гаруй оюутантай хэр нь 19 багш гээд бодохоор тийм байгаа биз. Тиймээс багшийн орон тоог нэмүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ талаар Замын даргын хавар, намрын үзлэг бүрээр үргэлж ярьдаг ч шийдэгдэхгүй л байна. Харин анги танхимын хувьд бол хангалттай гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд сургалтын орчныг сайжруулах, тоног төхөөрөмж шинэчлэх хүрээнд багагүй ажил хийсэн. Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилгаар хэрэгжүүлж буй дүүргийн сургалтын байгууллагуудыг дэмжих төсөл байдаг. Энэ төсөлд бид хамрагдан таван ухаалаг дэлгэц, зөөврийн 24 компьютер авсан.

 

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэр ахиц дэвшил гарч байна вэ?

 

-Солонгосын гурван сургууль, Хятадын хоёр, ОХУ-аас нэг сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэр дундаа Солонгосын төмөр замын Дуньян их сургууль, Ёнжү хотын төмөр замын ахлах сургууль, Пусаны төмөр замын коллежтой хамтран ажилладаг. Энэ жилээс Дуньян их сургууль манай оюутнуудыг үнэгүй интернэтээр хангах төсөл хэрэгжих гэж байна. Ирэх аравдугаар сард багтаад энэ ажил биеллээ олох байх. Мөн манайд гурван жил техникчээр сурсан төгсөгч тус сургуульд хоёр жил сураад бакалаврын дипломтой төгсдөг болох талаар ярилцан бэлтгэл ажлаа хангаж байна. Ёнжү хотын төмөр замын ахлах сургуультай сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар манай шугамаар БНСУ-ын Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэй дөрвөн хүүхэд очоод суралцаж байна. Өвөр Монголын цахилгаан электроникийн коллеж, Бугатын төмөр замын коллежтой харилцан туршлага судалсан. Цаашид ямар чиглэлээр хамтран ажиллахаа ярилцахаар төлөвлөсөн. Энэ мэтчилэн гадаад харилцаа маань улам өргөжнө гэж харж байгаа.

 

-Ер нь, хүүхдүүд төмөр замын сургуулийг сонгосноор төгсөөд ажлын байр баталгаатай юу? Цалин хөлс, нийгмийн баталгаа нь ямар байх бол гэж асуудаг шүү дээ. Ер нь, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна вэ?

 

-Өнгөрсөн жил 17 аймгаар явахад хүүхдүүд яг энэ хоёр зүйлийг л их сонирхож байсан. Хуучин бол УБТЗ ХНН гэж ганц л ажил олгогчтой байлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, олон аж ахуйн нэгж бий боллоо. Тэнд ажиллах хүний нөөцийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. ЗТЯ-наас өгч буй мэдээллээр бол ойрын таван жилийн хугацаанд төмөр замын салбарт шинээр 20 мянган ажлын байр бий болно. Тэгэхээр оюутнууд сургуулиа амжилттай төгсөж л чадвал ажлын байр баталгаатай гэж ойлгож болно. Цалин хөлс, нийгмийн баталгааны хувьд бол уул уурхайн салбарыг бол гүйцэхгүй. Гэхдээ уул уурхайн салбарын дараа ордог. Сүүлийн таван жилийн статистикаас харахад УБТЗ ажилчдынхаа цалинг 60 орчим хувиар нэмсэн үзүүлэлттэй байна. Энэ мэт цалингаа нэмсэн өөр салбар бараг байхгүй байх. Тиймээс манай сургуулийг сонирхсон хэн бүхэнд үүд хаалга маань үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлье.

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.