Сүүлийн өдрүүдэд 13А маягтыг цахимаар авах болсон талаар иргэдийн дунд чирэгдэл үүсээд буй.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, Зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Хуучин 13А маягт цаасан хэлбэртэй байхад иргэн өрхийн эмнэлэг дээрээсээ авсан 13А маягтаа хаясан тохиолдолд ахин очиж авах шаардлагатай болдог байсан. Харин цахим болсноор ийм асуудал үүсгэхгүйгээр эрүүл мэндийн байгууллага нь 13А маягтыг цаасаар биш Эрүүл мэндийн даатгалын системээсээ харчихдаг болсон. Хэрвээ үнэхээр цаасаар хэрэгтэй бол E-mongolia-с хэвлээд авах боломжтой. Үүнийг 13А маягтыг цахимаар авах гэж байгаа юм. Цахим боллоо гэхээр иргэд эмчид үзүүлэхгүйгээр утсаар яриад авчихдаг болсон гэж буруу ойлгоод байна" гэжээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр 13А маягтын учир шалтгааны талаар “13А маягт бол өрхийн эрүүл мэндийн төв тухайн өвчтөнд чадах тусламж үйлчилгээгээ үзүүлээд хэрвээ өөрийнх нь тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү хэмээн шилжүүлж буй бичиг юм.

Зүгээр утсаар яриад 13А авъя гээд хэлээд авчихдаг зүйл биш.

Өрхийн эмч үзсэний дараа зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт очих ёстой байвал 13А маягт өгнө. Харин өрхийн эмч нь өөрөө оношлох, өдрийн эмчилгээгээр эмчлэх, хөнгөлөлттэй эмийг нь даатгалаар нь бичиж өгөх боломжтой бол заавал 13А бичиж өгөх шаардлагагүй.

Дэлхийн бүх оронд өвчтөн шилжүүлэх маягт байсаар ирсэн. Хуучин цаасан байсныг л цахимд шилжүүлсэн болохоос өрхийн эмчдээ үзүүлээд 13А маягт авдаг нь цоо шинэ зүйл биш” гэв.

 

Тэгвэл Төмөр замын Төв эмнэлэг энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар их эмч Д.Хажидаас тодрууллаа. 

-Төмөр замчид Төв эмнэлгээс үйлчилгээ, тусламж авахад 13А маягт шаардаж байгаа нь чирэгдэлтэй байна гэх боллоо. Энэ талаар тодруулна уу?

-Энэ оны наймдугаар сарын 01-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 08 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тавьж байгаа шаардлагын дагуу иргэд харьяа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөсөө цахимаар 13А маягт шивүүлж, амбулатрийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх болсон.

-Төв эмнэлгийн зүгээс төмөр замчдадаа шуурхай үйлчлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Манай эмнэлэг дээрх журамд өөрчлөлт оруулах албан хүсэлтээ төрийн бусад тусгай эмнэлэгүүдтэй хамтран ЭМДЕГ болон ЭМЯ-нд хүргүүлсэн. Тус албан бичгийн хариу иртэл ЭМДЕГ-аас нэг эмчдээ зөвшөөрөл аван дотооддоо 13а маягт илгээж төмөр замчдадаа чирэгдэл үүсгэхгүйн тулд ажиллаж байна.

- 13А маягтгүйгээр шууд очоод авч болох тусламж үйлчилгээ бий юу?

-Дараах 14 тусламж үйлчилгээнд 13а маягт шаардахгүй байгаа. Үүнд:

  1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

  2. Шүд амны хөндийн тусламж, үйлчилгээ

  3. Чих, хамар хоолойн тусламж, үйлчилгээ

  4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

  5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

  6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

  7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

  8. Уламжлалт ангаах ухааны тусламж, үйлчилгээ

  9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ

  10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар

  11. Нүдний тусламж, үйлчилгээ

  12. Мэс заслын тусламж, үйлчилгээ

  13. Диализын тусламж, үйлчилгээ

  14. Амбулаторийн хяналтын үзлэг