Нүүр Говийн төмөр замчид Дурсамж дүүрэн өрнөсөн “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026” урд замд өндөрлөлөө
Говийн төмөр замчид

Дурсамж дүүрэн өрнөсөн “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026” урд замд өндөрлөлөө

G.Press 4 сарын өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026” урд шугам замд буюу  Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд энэ сарын 13-15-нд гурван хоног амжилттай боллоо. Энэ удаагулзалт зөвлөгөөний зохион байгуулалтын арга хэлбэр жилээс жилд чамбайрч, өвөрмөц, сонирхолтой, эрин үетэйгээ хөл нийлсэн хурдтай, эрч хүч дүүрэн өрнөдөг. Өглөөний 09:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл амсхийх завгүй, нойрмоглох чөлөөгүй, хөшиж хөөрөх завдалгүй дасгал хөдөлгөөн хийж, эрч хүч сэлбэх кофе, амттантай  хагас өдрийг өнгөрөөлөө. Уулзалт зөвлөгөөнд оролцсон залуучууд, дунд үе, ахмадууд сэтгэл хөдөлсөн дурсамжтай, эерэг сэтгэгдэлтэй, санал санаачилга, шүүмжлэлийг дараагийн ажил хэрэг, бодлогодоо тусгах зэргээр ажил хэрэгч уулзалт болдог билээ. Зөвлөгөөн сургалт, хэлэлцүүлэг, “Дурсамжийн галт тэргээр аялах” гэсэн ерөнхий агууламжтай.  Уулзалтын санал асуулгаа QR код уншуулж санал хүсэлтээ илэрхийлж байв. Залуучуудын төв байгууллагын “YOUTH UBTZ”  цахим хуудсаар мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж байсан нь дараагийн зангилаадын уулзалт зөвлөгөөний зохион байгуулалтыг улам чамбай болгож байсан. Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд болсон “Гурван үеийн уулзалт”-д 500 гаруй говийн залуу, дунд, ахмад төмөр замчин оролцов. Зохион байгуулагчдын дийлэнх нь  Millinials-Generation Y үеийн залуус. Бие дааж нийгэмд хувь нэмэр оруулдаг, ойлголцож, хэлэлцэж шийдэлд хүрдэг, манлайллын хэв маяг нь боломж олгохыг уриалдаг зохион байгуулагч залуучуудын байгууллагын 10 жилийн ой энэ жил тохиож буй.

Гурван үеийн уулзалт зөвлөгөөн Залуучуудын хөгжлийн академийн сургагч багш, Улаанбаатар өртөөний ХАБЭА-н инженер Л.Ганхуягийн “Алсын хараа” сургалтаар эхэллээ. Сургагч багш зөвхөн өөрөө ярьсангүй. Чөлөөтэй оролцох боломжийг олгож, асуултад хариулсан оролцогчийг шагнаж урамшуулах, сургалтаас түр сатаарч хоорондоо ярилцах хэсэг хүмүүсийн дэргэд очиж анхаарал хандуулан идэвхжүүлэх, багийн системээр ажиллуулж сургалтаа сонирхолтой хүргэж байв.

Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд болсон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах бүрэлдэхүүнд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан, Залуучуудын төв байгууллагын Ажлын албаны дарга Т.Батсүх, Хяналтын зөвлөлийн ахлагч А.Цэндзаяа, Залуучуудын хөгжлийн академийн сургагч багш Л.Ганхуяг, Э.Ганбат, А.Содбаяр, Цагаанхяр зөрлөгийн жижүүр Г.Энхцэцэг, ТЗИС-ийн оюутан Т.Батзул нар багтсан. Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар уулзалтын үеэр монгол, орос, хятад хэл дээр ая дуугаа өргөсөн нь уламжлал болов.  

Зөвлөгөөний зочин илтгэгч нар 15 минутад илтгэлээ тавих, оролцогчид асуулт, санал асуулга өгөх, хариулах нь 3-5 минутад багтаах зэрэг дэг журамтай. УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогтын тавьсан “Өчигдөр, өнөөдөр, маргааш” илтгэлд 2026 оны зорилт, хүлээгдэж буй үр дүн, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хэрэгжилт, зарцуулсан хөрөнгө, нийгмийн аюулгүй байдал, 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр, цалин хөлс, санхүүгийн менежмент, санхүүгийн сахилга бат зэрэг цогц бодлого шийдвэр товч тодорхой танилцуулагдлаа.

2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Цалингийн нэмэгдэлд 14.0 тэрбум, Хамтын гэрээний хэрэгжилтэд 43.5 тэрбум, замын их засварт 69.0 тэрбум, ажлын хэмжээ болон түлшний үнийн өсөлтөд 26.2 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар байна. Замын удирдлагын бодлогын хүрээнд цалин, урамшууллын тогтолцоог илүү шударга, үр дүнтэй болгох зорилгоор есдүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилтнуудын үндсэн цалин арван хувиар нэмэгдэж, ажлын үр дүнгийн таван хувийг үндсэн цалинд нэгтгэснээр нийт нэмэгдэл 11.5 хувьд хүрсэн. Хоолны хөнгөлөлтийг 5000-5500 төгрөг, албан томилолтын хоногийн зардлын хэмжээг 16500 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нэг ажилтны сарын дундаж цалин 3921349 төгрөг буюу өмнөх оноос 21 хувиар өссөн дүнтэй байна.  Хөдлөх бүрэлдэхүүний хувьд ашиглалтын хугацаа хэтэрсэн зүтгүүр 50,  ачааны вагон 1905, зорчигчийн вагон 219 байна. 2021-2025 оны хооронд сэлгээ болон ачааны хөдөлгөөнд нийт 21 зүтгүүр худалдан авч шинэчлэлт хийсэн. Энэ хугацаанд ашиглалтын хугацаа хэтэрсэн 17 зүтгүүрийг данснаас хассан байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод 40 айлын таван давхар орон сууцыг төмөр замчдадаа таатай нөхцөлтэйгөөр олгосон. Цаашид төмөр зам дагуух томоохон зангилаад, суурин газруудад дээрх жишгээр орон сууц барьж, төлбөрийн нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулахаар ажиллаж байна.

“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд төмөр замын үндсэн мэргэжлээр дотоод, гадаадын их, дээд сургууль төгсөөд өөрийн хүсэлтээр говийн бүсийн салбар нэгжид ажиллаж буй ажилтанд эхний нэг жилийн хугацаанд орон сууц хөлслөн амьдарсан нөхцөлд сар бүр 500000 төгрөгийн хөнгөлөлт олгоно. Ажилтан ажиллаж, амьдарч буй өртөө, зөрлөгтөө хувийн орон сууц барих тохиолдолд барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх зардалд нэг удаа 100 хувийн дэмжлэг үзүүлнэ. Энэ мэтчилэн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлсэн арга хэмжээнд  өнгөрсөн онд  9.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

УБТЗ-ын харьяа говийн бүсэд байрших өртөө, зөрлөгт ажиллаж амьдарч буй ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, ажил олгогч болон ажилтны хамтын ажиллагаа, оролцоог дэмжих зорилгоор 4246 ажилтанд 5.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн хүүхэд асрах чөлөө авсан эхийн өрхийн амжиргааг дээшлүүлэх эх нялхасын эрүүл мэндийг сайжруулах мөн хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд 2025 онд 2622 ээж хамрагдсан байна.

Замын даргын 2026 оны А-01 тушаалаар батлагдсан “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд зургаан төрлийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нь залуу ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, богино хугацаанд мэргэшсэн чадварлаг, бүтээлч, санаачлагатай ажилтнуудыг бий болгон төлөвшүүлэх зорилготой. Байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд залуу ажилтнуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дэмжин хөгжүүлэх, бүтээлч санаачлагыг дэмжих, соёл урлаг, спортын амжилтыг дэмжин ажиллаж байна. Мөн нийгэм, олон нийтийн идэвхтнүүдийг хөгжүүлэх, залуучуудын байгууллага, сонирхлын клуб нэгдлийг дэмжих, залуу ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. ЗТБ-ын 2025 онд олон ажлыг амжуулжээ. Товч дурьдвал, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Залуучуудыэ байгууллагатай хамтарч  “Случайны вагон” төсөлд зургаан залууг сонгон шалгаруулснаар  тэд олон улсын мэргэжил нэгт залуустай нөхөрлөж, хамтын ажиллагаанд оролцох боломж нээгджээ. Залуучуудын хөгжлийн академийн багш нарыг чадавхжуулах “Манлайллын хөтөлбөр” сургалтад 12 сургагч багшаа хамруулжээ. “JCI Mongolia” байгууллагатай хамтран ALPHA  төслийн хүрээнд Хүүхдийн секторын Сурагчдын дотуур байрны хүүхдүүдэд сэтгэлзүйн онцлог, тэдгээрт тохирсон цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Бүтээлч сэтгэе” эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн цахим зөвлөгөөн, Хятад хэлний анхан шатны онлайн сургалт, “Технологийн шийдэл AI-2025” шилдэг технологи шалгаруулах болзолт уралдаан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Зам, тээврийн яамтай хамтран салбарын залуучуудыг дэмжих бодлогын бичиг баримтын төслийн хэлэлцүүлэг, эссэ бичлэгийн уралдаан зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд болсон “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026” зөвлөгөөний үеэр болсон хэлэлцүүлэгт УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ, Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар, Сайншанд өртөөний дарга Ц.Эрдэнэсайхан, Замын III ангийн дарга Ж.Анхбаяр нар оролцсон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ УБТЗ-ын соёлын биет болон  биет бус өв соёлын түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа нэгэн.  Түүнээс юу ч асуусан хариулах нь бахархмаар. Соёлын өвийг өвлөн уламжлах ажлыг зохион байгуулж ирсэн үе үеийн төмөр замчид, удирдах ажилтны намтар түүхийг тэрбээр андахгүй товч бөгөөд тодорхой хариулна.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026"-ийн хүрээнд залуучуудын санаалчилсан нэг арга хэмжээ болох “Төмөр замчдын ажлын байртай танилцъя контент нэвтрүүлэг төмөр замчдын анхаарлыг татсан. Энэ контентын салхийг хагалж, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Замын-Үүд өртөөний вагон бичигч н.Хүслэн нар оролцов. 25 жилийн тэртээ М.Цогт дарга 2001 онд энэ өртөөнд вагон бичигч, пүүлэгч орон тоон дээр ажиллаж байжээ. Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр Дохиолол холбооны III анги буюу Сайншанд өртөөний холбоочин залуустай туршлага дурсамжаа хуваалцсан сэтгэл хөдөлгөсөн мөчүүд олон байв.

Сайншанд зангилааны Дохиолол холбооны гуравдугаар ангийн ахмад  төмөр замчин Д.Батчулуун цоглог мэндчилгээтэй, Улаанбаатар төмөр замын чуулгын дарга Б.Мөнхбат төмөр замчдадаа зориулан урлаг соёлын шинэ содон үйл ажиллагаа өрнүүлэхээр зэхэж буй сонирхолтой мэдээлэлтэй, Сайншанд зангилаа, Дохиолол холбооны III ангийн ажилтан Г.Содцэцэг, Айраг өртөөний ачаа вагон хүлээлцэгч Э.Энхжин,  Чойр зангилааны Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн Г.Харуулбаяр нарын гал халуун аялгуутай, Чойр өртөөний авьяаслаг ахмадуудын ая дууны цэнхэр хадагтай дурсамж дүүрэн өдрүүд урд замд өрнөлөө.

Замын-Үүд, Сайншанд, Чойр гурван зангилаанд “Гурван үеийн уулзалт”-ыг санаачлагч  УБТЗ-ын  Залуучуудын төв байгууллагын  залуус шинэлэг, цаг үеэ мэдэрсэн, сонирхолтой байдлаар хэрхэн хүргэхээ мэддэг, Замын удирдлагууд өндөр ач холбогдол өгдөг, уулзалтын уур амьсгал эерэг, ахисан түвшинд төмөр замчдаа   гэсэн чин хүсэл зорилгын дор нэгдсэн урд шугамын уулзалт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

 

 

 П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.