Саяхны хаврын тогтуухан өглөө (тавдугаарын сарын 20) Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр галт тэрэг зорчигчдоо суулган 09 цаг 35 минутад аялалд гарлаа. Уг галт тэргэнд Зүүнхараа зангилаанд зочлохоор УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш суусан нь Зорчигчийн вагон депогийн 16 дугаар цувааны хамт олон болоод зорчигчдын хувьд хүндтэй зочин байлаа. УБТЗ-ын анхны монгол дарга, улмаар төр түшилцэж, салбарын яамны сайд хүртэлх албыг хашиж явсан буурал даргын хувьд хэдэн ногоон вагон, эгэл төмөр замчидтайгаа сэтгэл нь ямагт уяатай явдаг бол төмөр замчдын хувьд ч тэрбээр хүндтэй, эрхэм хүн билээ.
Галт тэрэгний дарга Б.Наранцогт буурал даргыгаа угтан авч, аяллын бүрэлдэхүүн, зорчигч дүүргэлт зэрэг ажлынхаа талаар танилцуулж, улмаар тэдний дунд зорчигч тээврийн салбарын үүх түүх, зорчигчийн паркын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, зорчигч үйлчилгээний ажилтнуудын ажлын нөхцөл гээд төмөр замчдын ажил, амьдралын тойрогт халуун яриа өрнөлөө.
Мөн 271 дүгээр галт тэрэгний нийтийн вагоны зорчигчдын санал сэтгэгдлийг нь сонсохоор Замын даргын зөвлөх Р.Раш орсон билээ. Уулзсан зорчигчид төмөр замд болоод төмөр замчдад ам сайтай, урмын үг хэлсэнд буурал дарга тун баяртай байв.
Зорчигчдын дунд нэгэн хүн бөхийн зодог шуудагны ширээс хийж явахтай таарлаа. Түүнийг н.Алтангэрэл гэх ажээ. Тэрбээр, төмөр замын байнгын үйлчлүүлэгч бөгөөд галт тэргэнд явах хугацаагаа ингэж бүтээлчээр ашигладаг гэв.
Зорчигч н.Алтангэрэл “Галт тэрэг тух тохитой сайхан унаа. Би галт тэргээр явах гурван цагийн дотор зөндөө ажил амжуулдаг. Машинаар явбал ингэж юм оёж чадахгүй шүү дээ” гэв. Тэрбээр, бөхийн зодог шуудаг, монгол гутал зэргийг урладаг аж. Галт тэргэнд байнга юм оёж явдаг болохоор манайхан ч андахгүй болжээ. Тэрбээр, өөрийн бүтээлээ онлайнаар борлуулдаг гэж хуучиллаа.
Зарим зорчигч “271 дүгээр галт тэрэгний цагийн хуваарь нэг цагаар урагшилсан нь их таалагдаж байна. Цаашид энэ цагийн хуваариар яваасай” гэж хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн Буянт зөрлөгийн зорчигчийн тавцан их богинохон тул хүүхэд, хөгшид бууж суухад их хүндрэлтэй байдаг. Ер нь, Буянт зөрлөг, Түнх өртөө рүү аялагч, амрагчид ихээр явдаг болсон учир зорчигчийн тавцанг уртасгаж өгөөч гэдэг хүсэлтийг та дээш нь уламжилж өгөөч” гэж хүссэн билээ. Мөн галт тэрэгний тасалбарыг цахимаар худалдан авдаг болсон нь зорчигчдод их амар болсон. Мөн Замын-Үүдээс Эрээн рүү гарахад галт тэргэн дотор хилээр гарах штамб дардаг болсон зэрэг олон үйлчилгээ хөнгөн шуурхай болж байгаад талархаж байна гэцгээв.
Уг галт тэргээр зорчиж яваа залуусын нэгтэй уулзахад “төөрсөөр төрөлдөө” гэгчээр Зүүнхараа ТҮГ-ын вагон үзэгч Х.Мөнхсүх байв. Тэрбээр, МСҮТ-ийг төгсөөд тус ТҮГ-т зургаа дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Р.Раш дарга Х.Мөнхсүхээс төмөр замд ажиллахад ямар байна гэхэд “Төмөр зам сайхан байгууллага. Дэгтэй журамтай, сахилга хариуцлага өндөртэй. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд вагоноо үзээд, дугуйгаа тогшоод явж байх сайхан. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад амьдрал ахуй давгүй сайхан явна. Ирэх намраас дахин сурч мэргэжил дээшлүүлнэ гэж төлөвлөж байгаа” гэв. Авдаг цалин чинь амьдрал ахуйд чинь хүрэлцэж байна уу гэхэд “Хүрч байгаа. Гэргий маань Үнэгт зөрлөгт жижүүрээр ажилладаг. Хоёулаа ажилтай орлоготой болохоор болоод л байна” гэв. Р.Раш “Залуу төмөр замчинтай уулзахад ийм өөдрөг сайхан байгаад баярлаж байна. Хүний хэрэгцээ байнга л өгсөж явдаг юм хойно. Төмөр замчдын цалин хөлс байнд нь биш ч банзанд нь тусаж байгаа байхаа. Залуучууд та нар л төмөр замаа төдийгүй энэ улс эх орноо авч явна шүү дээ. Аливаа юм эхнээсээ дэгтэй журамтай байвал бүх юм болно доо. Амжилт хүсье” гэлээ.
271 дүгээр галт тэргээр төмөр зам дагасан малтай иргэд өдөр тутам зорчдог бололтой. Тэд бүгд л Р.Раш даргатай таарсандаа баярлаж, нутаг ус, хаваржаа, бороо хур, газрын гарц гээд амьдралын энгийн яриа өрнүүлцгээв.
Энэ өдөр уг галт тэрэг 96 зорчигчтой аялж явсан билээ. Галт тэрэгний дарга Б.Наранцогттой цөөн хором ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-д өдгөө 35 дахь жилдээ, үүнээс 18 жилд нь галт тэрэгний даргаар ажиллаж байгаа аж .
-Төмөр замынхаа буянаар ажил, амьдрал сайхан л явна. Анх 1993 онд 23-хан настай галт тэрэгний даргаар томилогдож байлаа. Тэр үед энэ хэдэн ногоон вагон Монгол Улсын эдийн засгийг нуруундаа авч гарсан даа. Бидний хувьд амаргүй цаг үе. Зорчигч нарт варень, сокны шилэнд цай хийж өгдөг үеийг туулаад гарснаа бодоход одоо цаг сайхан болсон. Тухайн үед вагоноор ганзагын наймаанд явж байсан хүмүүс Монголын толгой бизнесмэнүүд, том группийн эзэд болсон доо. Олон улсын галт тэрэгний цуваатай наймаачид нь хүртэл нэг хамт олон шиг өөрсдийнхөө явдаг цуваатай л явдаг байсан даа. Тэр цаг үеийг одоотой харьцуулалтгүй амаргүй он жилүүд байлаа” хэмээв.
Р.Раш: -Зах зээлийн үеийн хүнд он жилүүдэд бидэнд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламж мөн ч их жийрэг болсон доо. Одоо зорчигчийн хэдэн вагон маань “өвгөн” боллоо. Ингэхэд зорчигчид 271 дүгээр галт тэрэгний энэ цагийн хуваарийг их таашааж байгаа бололтой байна шүү.
Б.Наранцогт: -Өмнөх цагийн хуваариас нэг цагийн өмнө галт тэрэг явж байгаа нь зорчигчдод таалагдаж байгаа. Гэхдээ үүний ард манай үйлчлэгч нар маш эрт ирж ээлжээ хүлээж авч, аялалд гарах бэлтгэлээ хангах шаардлага гарч байгаа. Гэхдээ бид нийгмийн хариуцлагын хүрээнд энэ мэт бэрхшээлийг үл ажран зорчигчдод үйлчилж байна. Ер нь, сүүлийн жилүүдэд галт тэрэгний үйлчлэгчээр ажиллах хүн цөөрсөөр л байна. Үндсэндээ галт тэрэгний үйлчлэгч долоон төрлийн ажил хийдэг. Ажлын нөхцөл хүнд, олон хоногоор аялалд явна. Дээр нь цалин хөлс ч бага шүү дээ. Тэгэхээр шинээр ажилд ороод шантраад гарах нь их байна гэлээ.
Ингэхэд мартсанаас мал мэнд үү? Гэдэг шиг өөрийн бодож явдаг зүйлээ хэлэхэд төмөр замаас бусад салбарынхан өөрсдийн ажил мэргэжлийг сурталчилсан, ард иргэдэд зөв ойлголт өгөх зорилгоор ажил мэргэжлийн онцлогийг харуулсан олон ангит кино их хийдэг болж. Эмч, цагдаа, онцгой байдал, зэвсэгт хүчин гээд...
Тэгэхээр төмөр замынхаа тухай, төмөр замчдын ажил амьдралын онцлогийг харуулсан найман ангитай кино хийж болохгүй юу. “Газрын жигүүр”-ээс өөр төмөр замын ажил мэргэжлийг харуулсан кино байхгүй шахуу санагдаад байх юм гэв.
Р.Раш: Санадаг л санаа. Төмөр замын тухай ганц нэг кино бий л дээ. Гэхдээ ийм кино хийхэд болохгүй юмгүй. Ийнхүү төмөр замчдын ажил амьдрал, өнгөрсөн он жилүүдийн түүх, ирээдүйн тухай яриа хөвөрсөөр ... цагт галт тэрэг Зүүнхараа өртөөнд ирж зогслоо.
Б.Гүнжинлхам
