УБТЗ-ын Баянбуурал амралтын газрын Аж ахуйн эрхлэгч, хангамжийн нярав Дэмбэрэлийн Сосорурам тун завгүй нэгэн. Түүнтэй уулзаж ярилцахаар очиход “За одоохон” гэж намдуухан хэлчихээд Баянбуурал амралтын нэг, хоёрдугаар давхарт юм хийхээр явах зуурт гал тогоонд ирсэн хүнсний бүтээгдэхүүн, эд материалыг хүлээн авах ажил ундарна. Ерөнхий нягтландаа тайлан, орлого зарлагын падаан өгөх, авах, тайлан тооцоо нийлэх гэхчилэн ёстой л “гүйдэг” нярвын ажил барагддаггүй бололтой.
Д.Сосорбурам төмөр замтай л ажил, амьдралаараа холбогдох хувь заяатай байжээ. Тэрбээр 1985 онд Төв аймгийн Бүрэн суманд наймдугаар анги төгсөөд “Аавын бийд хүн тань, агтны бийд газар үз” хэмээн алс хэтийг бодсон аавынхаа үгийг дагаж УБТЗ-ын ТМС-ийн мужааны ангид элсжээ. Суралцаад хоёр жил болж байтал эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх үүрэг хүлээж Эрдэнэтэд хоёр жил цэргийн алба хаажээ. Цэрэгт мордох тэр жил түүний сургуулиас олон залуус цэрэгт явсан, эсвэл түүний хувь заяа дахин түшиж сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломж тохиосон. Учир нь тэр үед цэрэгт явж сургуулиасаа завсардсан оюутныг буцааж сургуульд суралцуулдаггүй байсан гэдэг.
УБТЗ-ын даргын тушаалаар 1990 оны долдугаар сард Баянбуурал амралтын газарт томилогдож ирснээр ажил, амьдралын гараагаа эхэлжээ. Д.Сосорбурам “1990 оны зах зээлийн давалгааг төлийн гарзгүй гэдэг шиг зовлонгүй туулсан. Баянбуурал амралтын газар ажиллаж байсны буянаар хямарсангүй, орох орон, хоол хүнс, өмсөх хувцастай байлаа. Тухайн үед лангуу дээр давснаас өөр зүйлгүй. Төмөр зам ажилчдаа их анхаардаг, Замын даргын үзлэг жилд хоёр удаа явагдаж, ажилчдын гэр орноор орж, амьдрал ахуйтай танилцдаг. Замаа ч үзнэ, ажлаа ч шалгана. Ажилчдын ар гэрийн нөхцөл байдлыг судалж арга хэмжээ авдаг байсны ачаар зах зээлийн шуургыг ажралгүй давсан. Тухайн үед төмөр замын цалин номер нэг байлаа” хэмээн өгүүлж байв. Д.Сосорбурам 1978 онд байгуулагдсан амралтын газарт 35 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаагаас 27 жилд нь мужааны ажлаа хийжээ. Амралтын газрын бүхий л модон эд хогшилд түүний ур ухаан шингэсэн. Өвлийн амралтын эргэн тойронд баригдсан арав гаруй зуны байшинг ажилчдаа удирдан барьж, төмөр замын тасаг, цехүүдийн дунд зарласан байшин барих уралдаанд багаараа түрүүлж аялж байжээ.
Энд ажиллах хугацаанд тэрбээр арваад даргын “нүүр үзсэн”. Бүгд л болгоё, бүтээе гэсэн зорилготой ажиллаж ирсэн нь дамжиггүй. Түүнд дарга нарынхаа тухай сайхан дурсамжууд олон бий. 2000 онд Баянбуурал амралтын даргаар ирсэн Ц.Цэрэндорж амралтын хуучин төрхийг бүрэн шинэчилж, бүтээн байгуулалтыг сайн хийсэн байна. Амралтын даргатайгаа БНХАУ-ын Эрээн хотыг зорьж, тавилга эд хогшил гэхчилэн ачааны вагон дүүрэн бараатай ирж, бүх тавилгаа хоёр хоногт багтаан угсарч 30-ны орой шинэ жилээ хийж байжээ. Тухайн үедээ зэрэглэлтэй амралтын жишигт нийцэхүйц бүх тавилгаар тохижуулж, өнгөт зурагт, хөргөгч тавьж байжээ. Даяндорж даргын үед бүх орыг шинэчилсэн нь одоог хүртэл байдаг нь мужаан эвдэрч муудсаныг сэлбэх, шинэчлэх, өнгө үзэмжийг сэргээх зэргээр үргэлж додомдож ирснийх. 2017 онд Д.Ганбат дарга ирснээр хөрөнгө оруулалтын эрин эхэлсэн гэж болохоор аж. Д.Ганбат дарга юу санаачилж хийх гэж байна, тэр бүгдийг дэмжинэ, бүтээнэ гэсээр заавал ажил хэрэг болгодог нэгэн. Тэрбум төгрөгийн санхүүжилттэй спорт заал барина гэхэд тэр үед “Мянгуужингийн үлгэр” шиг сонсогдож байсныг Д.Сосорбурам нуусангүй. Фитнес заал, хүүхдийн тоглоомын талбай түүний хэлснээр баригдаж, одоо Баянбуурал амралт улсдаа зэрэглэлээрээ эхний тавдугаар байранд жагсдаг болсон байна.
Хүний амьдрал баялаг. Насаараа нэг мэргэжилд баригдалгүй ахиж дэвшиж суралцах ёстойг үргэлж дэмжиж, ажилтан бүрээ хөгжүүлж ирсэн хүн бол ерөнхий нягтлан бодогч Б.Гантуяа. Амралтын газрын уурын зуухны машинч хүртэл хөрвөж галч, мужаан, слесарь хийдэг. Бүх чиглэлээр нь сургаж, зөвлөж, мэргэшүүлдэг. Нарийн мэргэжлээс бусдыг хөрвүүлж ажиллуулдаг. Үйлчлэгч, зөөгч гэх мэт хаана ачаалалтай байна тэнд сэлгэж ажилладаг. Туслах бармен хийнэ. Санхүүгийнхэн ч үйлчилгээнд гарна. Энэ нь Б.Гантуяа даргын баримталдаг зарчим. Бидний амьдрал ахуйг анхаарна, түүнээс урам авч баярлаж явдгаа илэрхийлж байсан. Баянбуурал амралтын газрынхан долоо хоногийн нэг, хоёр дахь өдөр ээлжлэн амарна. Өвөлдөө 150, зундаа 500 амрагч хүлээн авдаг, ачаалал их, ажиллах орон тоо дутмаг ч тэд монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, эрчүүд нь Мартын-8-ны баяраар эмэгтэйчүүдээ амрааж баярлуулдаг сайхан уламжлал бий.
Тэрбээр энд гал голомтоо бадрааж, дөрвөн сайхан охинтой өнөр гэр бүлийн тэргүүн болжээ. Түүний гэргий Т.Нарангэрэл зөөгч, худалдагчийн ажил эрхэлж байгаад одоо цагаан хэрэглэл угааж, индүүддэг ажилтай. Тэднийх дөрвөн охинтой, гурван том нь ажил хөдөлмөр эрхэлж, бага охин нь Улаанбаатар хотын 73 дугаар сургуульд суралцдаг.
Д.Сосорбурамтай ярилцах хугацаанд хамт олноо, дарга нарыгаа магтсан, талархсан яриа л хөвөрнө. “Насаараа ажилласан байгууллага, хамт олонтой байх сайхан шүү” гэж бахархах энгийн нэгэн эрхэм Баянбуурал амралтын түүхийг бүтээлцэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тууштай ажилласаар явна.
П.Түмэндэмбэрэл
