Union Pacific төмөр замын Big Boy №4014 домогт уурын зүтгүүр нь одоог хүртэл ашиглагдаж буй дэлхийн хамгийн том уурын зүтгүүр юм. Тус зүтгүүр ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсны 250 жилийн ойд зориулсан түүхэн, тив дамнасан аяллаа зүүн ба баруун эргийн хооронд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Аялал баруун болон зүүн гэсэн хоёр үе шаттай. Аяллын баруун хэсэгт уурын зүтгүүр болон Union Pacific-ийн сан хөмрөгт хадгалагддаг хэд хэдэн түүхэн зорчигч вагоны бүрэлдэхүүн Вайоминг мужийн Шайенн хотоос Калифорни чиглэлд хөдөлж, дараа нь буцаж ирнэ. Энэхүү үе шат 2026 оны дөрөвдүгээр сарын 24-нд мөн Шайенн хотод дуусна. Маршрутын дагуу замдаа хэд хэдэн зогсолт хийхээр төлөвлөсөн аж. Үзүүлэн явагдах арга хэмжээнүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 10–11-нд Калифорни мужийн Розвилл хотод, 18–19-нд Юта мужийн Огден хотод зохион байгуулагдана.
Union Pacific Railroad компанид нийт 25 ширхэг Big Boy уурын зүтгүүр захиалагдсан бөгөөд анхны зүтгүүрийг 1941 онд нийлүүлсэн ажээ. Эдгээр локомотивуудыг Дэлхийн хоёрдугаар дайны үед огцом өгсүүр замтай төмөр замын шугамуудаар хүнд ачаа тээвэрлэхэд ашиглаж байв. №4014 уурын зүтгүүрийг ойролцоогоор 1.66 сая км зам туулсны дараа 1961 оны 12 дугаар сард ашиглалтаас гаргасан. 2013 онд Union Pacific компани тус зүтгүүрийг Калифорни мужийн Помона хот дахь RailGiants төмөр замын музейгээс дахин худалдан авч, сэргээн засварлах ажил хийхээр Шайенн хотод буцаан авчирсан. 2019 оны тавдугаар сард, Тив дамнасан төмөр замын барилгын ажил дууссаны 150 жилийн ойг тохиолдуулан, уг уурын зүтгүүрийг дахин ашиглалтад оруулсан.
Union Pacific-ийн мэдээлснээр, эрэг хоорондын түүхэн аялал нь Америкийг бүтээн байгуулах, нэгтгэхэд төмөр замын гүйцэтгэсэн үүрэг, аж үйлдвэрийн салбарын хөгжил, шинэ салбаруудын өсөлтийг дэмжсэн ач холбогдолд хүндэтгэл үзүүлж буй хэлбэр юм. Union Pacific компанийн түүх 1862 онд АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн холбогдох хуульд (Pacific Railway Act) гарын үсэг зурсан үеэс эхэлдэг. Аяллын зүүн үе шатыг 2026 оны хаврын сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.