2023 он гарсаар Ази, Номхон далайн орнуудын Төв банк хөгжиж буй орнуудтай харьцуулахад бодлогын хүүгээ бага хэмжээгээр нэмэгдүүлээд байна

Ам.долларын ханш чангарч, газрын тосны үнэ өндөр байгаа энэ үед Австрали, Индонез, БНСУ зэрэг Ази, Номхон далайн орнуудын Төв банкнууд ирэх зургаан сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ыг тооцолгүйгээр Ази, Номхон далайн бүсэд бодлогын хүү дунджаар 13 суурь нэгжээр  нэмэгдэнэ гэж арилжаа эрхлэгчид таамаглаж байгаа аж.

Харин Азийг оруулалгүйгээр хөгжингүй зах зээлүүдэд бодлогын хүү төдийлөн өөрчлөгдөхгүй бол Европ, Ойрх Дорнод, Латин Америк, Африкт буурах төлөвтэй гэж үзжээ.

“Валютын ханш унах, инфляц өндөр түвшинд байх зэрэг хүчин зүйлс зэрэгцсэнээр Азийн Төв банкнууд дахин бодлогын хүүгээ чангаруулахаар байна” гэж “DBS” банкны Ахлах эдийн засагч онцоллоо.

2023 он гарсаар Ази, Номхон далайн орнуудын Төв банк хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага хэмжээгээр бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн байна. Энэхүү бодлогын хүүгийн зөрүү ам.долларын ханш чангарахад нэмэлт түлхэц болсон гэж “HSBC Holdings”-ийн Азийн бүс хариуцсан Ахлах эдийн засагч мөн дурдаж байсан юм.

Монгол Улсын хувьд энэ онд бодлогын хүүг хэвээр хадгалах бодлого баримталж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлж байв. Монголбанкнаас явуулсан макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаар шинжээчид 2024 оны II улиралд инфляц 9.2 хувийн түвшинд, харин бодлогын хүү бага зэрэг буурч, 11.5 хувьд хүрнэ гэж үзэж байна.