Хугацаат цэргийн албанаасаа дөнгөж халагдсан, шижигнэсэн залуу УБТЗ-ын хэвлэх үйлдвэрт 1985 оны долдугаар сарын 1-ны өдөр хэвлэгчээр ажилд орж, яг 40 жилийн дараа буюу 2025 оны зургадугаар сарын 30-ны өдөр “Алтан гараа”-гаа хийлээ. “Ган зам пресс төв”-ийн хэвлэгч Н.Баасанбуу ийнхүү хөдөлмөр бүтээлээ хамт олноороо үнэлүүлж бахархал дүүрэн өндөр насны тэтгэвэртээ гарлаа. Н.Баасанбуу төмөр замын хэвлэх үйлдвэрт ажиллах хугацаандаа хэвлэлийн үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг бүрэн хангаж, бүтээгдэхүүний үзэмж чанарыг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, техникийн шилдэг мэргэжилтэн, шинийг санаачлагч, зохион бүтээгч, тэргүүний ажилтан болж, хамт олныг үлгэрлэн манлайлагч болсон юм. Н.Баасанбуу өнгөрсөн 40 жилд хэвлэлийн эх бэлтгэгчийн үндсэн ажлынхаа хажуугаар 1990-ээд оны эхээр анх суурилуулсан офсет хэвлэлийн “ПОЛ-54”, “ЗБР-136”, “P-314”, “БШМ-4” маркийн хэвлэлийн машин болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг технологийн дагуу тогтмол чанартай хийсээр иржээ. Түүнчлэн сүүлийн 23 жил хэвлэгчээр ажиллаж, хэвлэлийн болон хэвлэлийн дараах үйлчилгээний тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашигласны үрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол давуулан биелүүлж, замын хэмжээний уралдаанд жил бүр эхний байрт шалгарч, шагнуулж байжээ. Тэрбээр, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, үйлдвэрлэлийн гоо зүй нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, байгууллагыг соёлжуулан тохижуулахад олон зүйл санаачлан хийсэн ажилтан юм. Тухайлбал, өөрийн гарын ур дуй, техник сэтгэлгээ, сэтгэн бодох чадвараа дайчлан цаас, бэлэн бүтээгдэхүүн зөөх тэргэнцэр, засварын өрөөг шинээр тохижуулж, химийн хорт бодис цэвэрлэх болон бохир агаар сорж гадагшлуулах төхөөрөмж, сургалтын танхимын тавилга, самбар үзүүлэн, хэвлэх машины эргэлдэх хэсгийн хаалт, хамгаалалт, түүнд ашигладаг бодисын илүүдлийг сорох төхөөрөмж зэрэг 30 гаруй зүйлийг санаачлан хийжээ. Хэвлэгч Н.Баасанбуугийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгууллагын хөдөлмөрийн аваргаар 10 удаа, Зангилааны аваргаар 3 удаа шалгаран, “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин”, “Төмөр замчны алдар”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан нь түүний хөдөлмөр зүтгэлийн тод илрэд юм. Тэргүүний ахмад ажилтан, ҮЭ-ийн гишүүн Н.Баасанбууг өндөр насны тэтгэвэрт гарсантай нь холбогдуулан “ “Ган зам пресс” төвийн ҮЭ-ийн хорооноос “Алтан гараа”-ны ёслолыг зохион байгуулж, хамт олон нь хүндэтгэлтэйгээр үдлээ. Энэ үеэр Н.Баасанбууг МТЗ-дын ҮЭ-ийн холбооны “Хүндэт үнэмлэх”-ээр шагнасныг гардуулан өглөө. Тандаа эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдралыг хүсэн ерөөе.
