Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлох салбар, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбарын өсөлт бүрдүүлжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт оны эхний гурван улиралд 6.9 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлох салбар, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, тэр дундаа тээврийн салбар гол өсөлтийг бүрдүүлснийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Харин хөдөө аж ахуйн салбар тайлант хугацаанд 1.6 нэгж хувиар доош татсан байна. Мөн барилгын салбар өмнөх оноос өөрчлөлтгүй байжээ.

Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар 2023 оны III улиралд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувь, 2024 оны II улиралд 5.6 хувь байх хүлээлттэй байгаагаа илэрхийлээд байсан юм.

Цар тахлын дараах хоёр жилд нүүрс болон бусад эрдэс бүтээгдэхүүний экспорт буурсантай холбоотойгоор уул уурхай, олборлолтын салбар агшиж байсан юм. Харин 2023 оны эхний гурван улиралд тус салбарын нэмэгдэл өртөг 49.8 хувьд хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 2024 онд ч мөн адил уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнөөгийнхөөс өсөх төсөөллийг Засгийн газар танилцуулсан юм.

Хэдийгээр БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хүндрэл металлургийн салбарын гарцад нөлөөлөх ч Монголын нүүрс болон бусад эрдсийн экспортод хүчтэй нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзэж байна.