УБТЗ-ын Баянбуурал амралтын газар сүүлийн жилүүдэд үйлчилгээ нь улам өргөжин тэлж, төмөр замчид төдийгүй бусад байгууллага, хувь хүмүүсийн зорин очдог газар болоод буй билээ. Өнгөрөгч Бямба, Ням гарагт тус амралтын газарт очиход хоолны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байв. Тиймээс ахлах тогооч Д.Наранцацралтай цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя.
-Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд хэдэн нэр төрлийн хоолоор үйлчилж байна вэ?
-Бид энэ үзэсгэлэн худалдааг 14 хоногт нэг удаа амралтын өдрүүдээр зохион байгуулдаг. Бусад үед долоо хоногийнхоо менюгээр өдөрт гурван удаа, нэг ч хоол давтагдахгүй байдлаар амрагчдадаа үйлчилдэг. Гэхдээ үйлчлүүлэгч захиалгаар хүссэн хоолоо хийлгэж болно. Харин энэ удаад үзэсгэлэн худалдаагаар 20 гаруй нэр төрлийн хоол хийлээ. Таван цулын гэхэд л 5-6 нэр төрлийн хоолоор үйлчилж байна. Тухайлбал, шарсан элэг, гүзээний салат, зайдас гэхчлэн олон хоол бий. Мөн хонины толгой, өвчүү, сүүл, гэдэстэй сет гаргаж байна. Үнэ нь 45 мянган төгрөг. Хүмүүс маш их сонирхож захиалдаг.
-Салат бас их олон төрлөөр гардаг юм байна?
-Тиймээ, найман төрлийн салатаар үйлчилж байна. Үүнээс ч олон төрлийг хийх боломжтой. Амрагчдынхаа тоо байдлаас шалтгаалан хэдэн нэр төрлийн хоол, салат хийхээ шийддэг. Дээр нь бид хэд хэдэн төрлийн нарийн боов хийж үйлчилдэг.
-Хоолныхоо менюг өөрсдөө зохиодог уу?
-Тиймээ, бүгдийг нь өөрсдийнхөө жороор зохиодог. Хоолны үзэсгэлэн худалдаа гэхэд л хоолоо илүү олон нэр төрлийн байлгахыг зорьдог. Нэг төрлийн хоолыг захиалгаасаа хамаараад 10 шахам порц хийж байна. Сүүлийн жилүүдэд манай амрагчдын тоо улам л нэмэгдэж байна. Ажлын өдрүүдэд 50-аас дээш хүнтэй байдаг. Амралтын өдөр бол 170-200-гаараа л ирнэ.
-Оргил ачаалалтай үедээ хоногт дээд тал нь хэдэн хүнтэй байдаг вэ?
-Зуны дэлгэр цагт хүмүүс их ирдэг. Оргил ачаалалтай нь гэвэл наадмын үе. Тэр үеэр хоногт бүр 350-380 хүнтэй байдаг. Энэ амралтын өдрүүдэд 170 гаруй хүнтэй байна.
-Гал тогоондоо хэдэн тогооч, ажилтантай үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ?
-Ерөнхий тогоочтой нийлээд таван тогооч ажилладаг. Дээр нь хоёр зөөгч, хоёр угаагч, үйлчлэгч, талхчин, кофе шоп, бармен тус бүр нэг хүнтэй. Амралтын өдөр хоногт 170 хүн гэхэд бид 600-гаад порц хоол өдөрт хийж байна гэсэн үг. Зун болоод хүн ихэссэн үед туслах ажилтнууд нэмж авдаг. Мөн манай санхүүгийнхэн хүн ихтэй үед тусалдаг.
-Төмс, хүнсний ногоо, материалын хангалт хэр байдаг вэ?
-Өдөр бүр галт тэрэг явж байгаа болохоор тогооч нар тухайн долоо хоногт өөрсдийн хийх гэж буй хоолныхоо материалыг захиалаад тээшээр тогтмол авчихдаг. Төмс, хүнсний ногоогоо бид өөрсдөө тарьчихдаг юм. Харин нарийн ногоо болон бусад түүхий эдээ Улаанбаатараас авдаг. Ер нь, материалаар дутагдана гэж байдаггүй.
М.НАРАНБОЛД