УБТЗ-ын төмөр замчдын залгамж халаа залуучууд хүч түрэн орж ирж байгаа нь өртөө зөрлөг төдийгүй салбар нэгж бүрд ажиглагдана. Нас залуу цус шингэн тэд ажилдаа дуртай, цаашид өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй байгааг харахад бахдах сэтгэл төрдөг. Тэдний нэг болох залуу бүсгүй Д.Лхагва-Эрдэнэ Замын даргын хаврын үзлэгийн үеэр УБТЗ ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковт ажлаа товч тодорхой итгэл төгс илтгэж байгаа нь сайшаалтай санагдсан. Замын VI ангийн техникч диспетчер ажилтай тэрбээр ажлын хоногийн дэлгэцэн дээр Салхит, Эрдэнэт чиглэлийн нийт 164 км гол замын бүх хэсэг, цехүүдийн болон хоорондын зам анхаарамжтай км-т ямар ямар ажил хийгдэж байгааг гурван минутад л багтаан танилцуулж билээ. Д.Лхагва-Эрдэнэ 2014 онд төмөр замын МСҮТ-ийг замын аж ахуйн мэргэжлээр, 2019 онд замын техникч, 2024 онд замын мэргэжил эзэмшсэн төмөр замд арав гаруй жил ажиллаж байгаа аж. Замын ангид ирж байгаа мэдээллүүдийг ангийн дарга, орлогч дарга, ерөнхий инженер, инженер, техникийн ажилчдад шуурхай дамжуулах, тэмдэглэл хөтлөх үүрэгтэй диспетчерийн ажлыг дөрөв дэх жилдээ хийж байна. Зуны зам засварын ажил эхэлж замчид ачаалал өндөр ажиллацгааж байна.
Д.Лхагвадорж төмөр замын мэргэжлийг сонгоход ээж нь нөлөөлжээ. Түүний нагац машинчаар олон жил ажиллаад гавьяандаа гарсан байна. Д.Лхагва-Эрдэнэ мэргэжилдээ дур сонирхолтой. Түүний нөхөр Б.Буян-Эрдэнэ Замын VI ангийн I хэсгийн мастераар ажилладаг. Тэд хоёр хүүтэй. Б.Буян-Эрдэнэ нь ажлын гараагаа Замын VI ангийн VIII хэсгээс эхэлсэн бол түүний ээж Ч.Цэцэгсүрэн нь төмөр замд 33 жил ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлжээ.
Д.Лхагва-Эрдэнэ, “Манай Замын анги 270 гаруй ажилчинтай. Дийлэнх нь залуучууд. Хамгийн залуу нь 2005 оных. Манай Салхит өртөөнд орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Залуус цалин, амьдрах байр сууцнаас шалтгаалж тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаа нь ажиглагддаг. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага залуучуудыг чиглүүлэх, хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж ажилладаг. Миний хувьд мэргэжлээ дээшлүүлэхээр суралцах, ажлаа хийх зэргээр сүүлийн хоёр жил завгүй байлаа. Цаашдаа залуучуудын байгууллагадаа гишүүнээр элсэх бодолтой байгаа” гэж өгүүлж байсан.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажилдаа дуртай, зорилго, тэмүүлэлтэй ажиллаж байгаа залуу төмөр замчин гэр бүлдээ сайн сайхныг хүсэн ерөөе.
П.Түмэндэмбэрэл
