Дэлхийн газрын тосны үйлдвэрүүд хангалттай хэмжээний дизель түлш боловсруулах хүчин чадал дутмаг байгаа нь тодорхой болсноор инфляцын шинэ фронт бий болж, улс орнууд аж үйлдвэрлэл, ачаа тээврийг хөдөлгөх түлшний хомсдолд орох эрсдэл үүсээд байна. Хэдийгээр газрын тосны фьючерс үнэ эрс өсөж, баррель нь 95 ам.доллар дөхөөд буй ч дизель түлшний өсөлттэй харьцуулахад энэ нь юу ч биш гэхээр байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д дизелийн үнэ 140 ам.доллар давсан нь жилийн мөн үеийн хамгийн өндөр өсөлт болсон бол Европт зунаас хойш 60 хувиар өсөөд байгаа аж.
Үүгээр зогсохгүй байдал улам муудаж болзошгүй байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийг тэргүүлдэг Саудын Араб болон ОХУ дизелийн агууламж өндөр түүхий газрын тосны гарцаа бууруулсны зэрэгцээ дизель түлшний эрэлт өсөх хандлагатай байдаг оны эцэс үе өнгөртөл таналтаа үргэлжлүүлэхээ есдүгээр сарын тавны өдөр зарласан юм.
Үүнээс гадна ОХУ-ын дизель түлшний экспорт есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт 30 орчим хувиар буурсан байна. Улирлын чанартай засвар үйлчилгээний улмаас гарц нь багассантай холбоотой аж. Тус улсын Засгийн газраас дизель түлшний үнийг бууруулах зорилгоор зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй зэрэг хүчин зүйлс экспортын хэмжээнд нь нөлөөлжээ.
Энэ сарын эхний 13 хоногт ОХУ-ын компаниуд өдөрт 63 мянган тонн дизель түлш экспортолсон нь наймдугаар сарын эхний 30 хоногийн дунджаас 31 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.