ОХУ-аас бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг өчигдөр орой мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Манай улс өнөөдрийн байдлаар 92 болоод дизель түлшний хувьд Засгийн газраас тогтоосон 30 хоногоос давсан нөөцтэй байна. Өчигдөр ОХУ-аас арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гаргасан. Тогтоолд тодорхой нэр төрлийн дизель түлш болоод автобензиний экспортод хориг тавьсан байна. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр евро азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд, Роснефть компаниас экспортолж байгаа дизель түлш багтах боломжтой гэж бид харж байгаа. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарах байх. Ер нь, тогтоолыг уншиж үзвэл манай импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байна. Харин 92 болон 95 авто бензиний хувьд хоригт орсон. Гэхдээ энэ тогтоол гарах болсон шалтгаан улс төрийн болон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Гурван сарын өмнөөс ОХУ-ын дотоодод иргэдийн хэрэглэдэг бензиний үнэ зах хязгаар нутгуудад нэлээд нэмэгдсэн. Үүнийг тогтворжуулах, буулгах арга хэмжээг шат шатандаа авсан. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдрийн тогтоол гарч байгаа юм. Ганцхан Монгол Улс хамаараагүй. Дэлхийн бүх улс хамаарч байгаа гэдгийг хэлье.  Автобензин гэдэгт 92 орж байгаа. ОХУ дотооддоо дийлэнхдээ евро тав ангиллын бензин хэрэглэж байгаа. Харин манай улсын хувьд евро хоёрыг хэрэглэж байгаа.

Бид Роснефть компаниас нийт шатахууны 85-90 хувийг экспортолж авдаг. Харин энэ хоригт ОХУ-ын Роснефть тэргүүтэй томоохон компаниуд 100 хувь хамаарахгүй байх магадлалтай. Тиймээс Роснефть компаниас хоёр хоногийн дотор хариугаа авах байх хэмээлээ.