Нүүр Ахмад үе Д.Ичинхорлоо: Хамт олон маань намайг санаанд оромгүй баярлууллаа
Ахмад үе

Д.Ичинхорлоо: Хамт олон маань намайг санаанд оромгүй баярлууллаа

G.Press 1 жилийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

“Ган зам пресс” төвийн дэвтэрлэгч Д.Ичинхорлоогийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 30 онцгой сайхан, дурсамжтай өдөр боллоо. Хамт олон нь түүнийг “Алтан гараа”-гаа хийхээр  ажилдаа ирэхэд нь гэнэтийн бэлэг дүүрэн угтаж,

“Ажил амьдралын анхны алхмаа хийсэн

Алтан босгот УБТЗ-ын Хэвлэх үйлдвэртээ

Алтан гараагаа хийж буй Д.Ичинхорлоо танд

Ах дүүс шиг ижилдсэн хамт олноос тань

Аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээгээд цэцгийн баглаа, гэрэл зургийн цомог, хүн бүр гарын бэлэгтэй угтсан юм.

Энэ баярт үйл явдлын үеэр бүх зүйл учрал ерөөлтэй гэдгийг сануулах мэт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн Зөвлөх Р.Раш зочлон ирж таарсан юм.

Р.Раш, “Д.Ичинхорлоогийн гоё зураг, баяр хүргэсэн сэтгэл хөдлөм сайхан үгсийг харлаа. Хэвлэхээр ороход түүнийг тэтгэвэртээ гарч байгаа гэхэд нь “Би худлаа байлгүй дээ, өдийд тэтгэвэртээ гарна гэж юу байх вэ” гэж хэллээ. Он жилүүд өнгөрч, улиран одож байна. Юмс бүхэн өөрчлөгдөж, хувьсаж шинэчлэгдэх нь хорвоогийн хууль юм. Намайг орж ирэхэд Д.Ичинхорлоо маань доголон нулимсаа арчиж харагдсан. Би хэзээнээсээ л Хэвлэх үйлдвэр, “Ган зам” сониноо дэмжиж ирсэн. Сонин, хэвлэх үйлдвэргүйгээр төмөр замыг төсөөлөх аргагүй. Энэ л жижиг байшинд оюуны бүтээлүүд хэвлэгдэж, ажил буцалж байдаг өргөө. Чиний баярын нулимс нь хамт олноо дээд зэргээр хүндэтгэсэн сэтгэлийн илрэл юм. Энд л 39 жил ажилласан болохоор сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй” хэмээн урмын үг хайрласан билээ. Р.Раш даргад Д.Ичинхорлоо эгч “Танд баярлаж явдаг шүү. Та л намайг орон байртаа болгож өгсөн” гэж олон жилийн өмнөх баярт мөчөө дурслаа.  

Данзандаржаагийн Ичинхорлоо 1986 онд 20 настай, хонгорхон зүстэй охин УБТЗ-ын Хэвлэх үйлдвэрийн босгыг анх алхан оржээ. Төв аймгийн Эрдэнэсант суманд найм, Алтанбулаг суманд  аравдугаар ангиа дүүргээд, Улсын хэвлэлийн комбинатын курсийг төгсжээ. Тэртээ 1986 онд хөдөөний байтугай хотын иргэнд ч ажилд ороход бэрх байжээ. Төмөр замын босго ч их өндөр. Хөдөөнөөс хотын паспорт авах ч ярвигтай үе байж. Нутгийн танил нь болох Товуу УБТЗ-ын  хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байсан нь,  мөн түүний хамаатан Соёлын яамны орлогч сайд н.Сундуйгийн дэмжлэгтэйгээр УБТЗ-ын Хэвлэх үйлдвэрт ажиллах хувь түүнд тохиожээ. Соёлын яамны  түр томилолтоор Улаанбаатар хотын иргэн болгосноор төмөр замтай ажил, амьдралаа холбосон нь хувь заяаны төөрөг тавилан нь гэлтэй. Эгэл жирийн малчин айлын охинд хэвлэх үйлдвэр гэсэн ойлголт огт байсангүй, төсөөлж ч байгаагүй цоо шинэ “ертөнц” байв. Төмөр замын хэвлэх үйлдвэрт ажилласнаар Монгол Улсад хэвлэх үйлдвэрийн хөгжил, дэвшилтэт техник технологийг алхам тутамдаа мэдэрч, суралцсаар иржээ. Анх өндөр хэвлэхийн хэвлэлийн хэвлэгчээр, 1988 оноос үсэг өрөгчийн дагалдангаар, 2000 оноос офсет хэвлэлийн хэвлэгчээр тус тус ажиллаж байжээ. Хөдөлмөрийн хуулиар эмэгтэй хүн хэвлэгчээр ажиллахыг хориглосон тул дэвтэрлэгчээр сэлгэж ажилласнаас хойш 25 жилийг ардаа үдсэн байна. 

Д.Ичинхорлоо, ”Хөдөөний хүүхэд хэвлэлийн үйлдвэрийн сураг чимээ ч мэдэхгүй, тохиолдлоор л Төмөр замын хэвлэх үйлдвэртэй амьдралаа холбосон. Сайн ч явж, сайхан л амьдарч байлаа. Төмөр зам буянтай сайхан газар. Төмөр зам гэдэг их айлтай холбогдсоноор ажилдаа үнэнчээр хандаж, социализмын үеийн хүмүүсийн хүмүүжлээр нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж, өөр байгууллагад шилжиж ажиллах ч завдалгүй ажилдаа дурласаар 39 жилийг ардаа үджээ. Би ч гэлтгүй надаас өмнө, зэрэгцэж ажилд орж байсан хүмүүс ч он удаан жил ажилласан. Ц.Оюун мастер, Н.Баасанбуу, Д.Отгонсүрэн, С.Байгальмаа, М.Мөнхжаргал, Б.Оюун бид нар энэ хэвлэх үйлдвэрт ах дүүс мэт дотносож, 37-39 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Ц.Оюун мастераа дурсахгүй байхын аргагүй. Биднийг загнаж нэг заана, аргадаж нэг сургана. Мастертайгаа 32 жил хамтдаа ажилласан. Энэ олон жил ажиллах хугацаандаа олон ч залууст зааж сургаж, ажлын дөртэй болгожээ. “Хөх Монгол принт”-д ажилладаг Батболд гэдэг залуу миний гарын шавь. Хааяа тааралдана, “Сайн уу? багшаа...” гээд л инээчихсэн гүйж явдаг. Одоо ажиллаж байгаа Л.Хулан, Б.Түвшинтөр Г.Ганзул нар зааж, сургаж, зөвлөснөөр тэд одоо сайн ажилчид болсон. Өнөөдөр хамт олон маань намайг санаанд оромгүй баярлууллаа.  Баярын нулимстай, өндөр сэтгэгдэлтэй хамгийн сүүлийн өдөр алтан гараагаа сайхан хийлээ. Л.Хулан миний баярыг хуваалцаж Хэвлэх үйлдвэрийн хамт олноо төлөөлж үг хэлэх гэсэн ч уйлсаар, намайг улам догдлуулж би дагаж уйллаа. Аргагүй шүү дээ. Л.Хулан бол олон жил мөр зэрэгцэн ажилласан С.Байгальмаа найзын минь охин. Намайг анх ажилд ороход ээжийнхээ хэвлийд бойжиж байсан. Түүний өвөө, эмээ, ээж нь энэ хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан удам дамжсан төмөр замчид. Ийм сайхан түүх, уламжлалтай газар. Хэвлэх үйлдвэрийн ажил  нэг хүний ажил биш багаар ажилладаг. Хэвлэсэн бүтээгдэхүүнийг дэвтэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгодог ажлыг сүүлийн 25 жилийн хугацаанд  хийжээ. Байгууллага, хувь хүний оюуны бүтээлийг хэвлэж түүх болгож үлдээх үйл хэрэгт гар бие оролцож ажиллаж байснаараа,  нийт 16000  төмөр замчны  үүх түүхийг хэвлэж үлдээж байгаагаараа бахархаж байна” гэж өгүүлсэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2022 онд Төрийн дээд “Алтан гадас” одон, 2005 онд “Тэргүүний төмөр замчин” 2017 онд “Төмөр замчны алдар”  шагнал хүртэж байсан. 2014, 2024 онд Зангилааны аваргаар, “Ган зам пресс” төвийн хэвлэх үйлдвэрийн аваргаар олон удаа шалгарч  байжээ.

Д.Ичинхорлоогийн охин И.Доржханд АШУИС-ийг дүрс оношилгооны эмчээр төгсөж, БНХАУ-ын Ухань хотод магистраа хамгаалсан. Эмч охин нь ээжтэйгээ хамтдаа аялах дуртай.  Тэд ээжийнхээ ээлжийн амралтаар Тайландаар аялсан бол, БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр явахдаа ч ээжтэйгээ явахаар болж, Д.Ичинхорлоо эгч маань “Алтан гараа”-гаа хийж хамт олон олноороо үдүүлсний маргааш нь Солонгос руу аяны жолоо заллаа. Сайхан аялаарай. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

П.Түмэндэмбэрэл

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.