Нүүр Бүтээн байгуулалт Д.Ганбаатар: Та хийсэн бүтээсэн бол үр өгөөжийг нь хүртэх л ёстой
Бүтээн байгуулалт

Д.Ганбаатар: Та хийсэн бүтээсэн бол үр өгөөжийг нь хүртэх л ёстой

G.Press 9 сарын өмнө 120 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-т зохион бүтээгч, шинийг санаачлагч инженер, техникийн олон ажилтан бий. Тэдний ШБАЗ-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон зуун сая төгрөг хэмнэсэн тооцоог ч зарим байгууллагын эдийн засагч нар гаргасан байдаг. Тэдний нэг буюу Улаанбаатар татах хэсгийн ахмад инженер Д.Ганбаатартай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд мэргэжлийн баярын мэнд хүргэе. Та ажил амьдралынхаа замналыг товч танилцуулна уу?

 

-Намайг урьж ярилцлага авч буй танай хамт олонд баярлалаа. Энэ ташрамд нийт төмөр замчдадаа сонины дугаар очих өдрийн мэнд хүргэж, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд 1982-1987 онд хуучнаар Ленинград хотын Төмөр замын инженерийн дээд сургууль /ЛИИЖТ-а/-д зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн инженер-механик мэргэжлээр сурч төгссөн. Тэгээд 1987-2000 онд Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, машинч, засварын инженер, туршилт тохируулгын инженер, Зүтгүүрийн аж ахуйн албанд зааварлагч машинч, зүтгүүрийн диспетчер, албаны засварын байцаагч, 2000-2009 онд УБТЗ ХНН-ээс Украин Улсын Полтава хот дахь Зүтгүүрийн засварын үйлдвэрт суурин төлөөлөгч, 2010-2014 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар болон ЗТЯ-ны Хяналт, бүртгэлийн газарт Зүтгүүрийн хяналтын улсын байцаагч, 2014-2016 онд Улаанбаатар татах хэсэгт Засварын чанар хариуцсан орлогч, 2016-2017 онд Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн техникийн хяналт хариуцсан орлогч, 2017-2024 онд Улаанбаатар татах хэсэгт засварын инженерээр тус тус ажилласан. Үндсэндээ төмөр замын салбарт 37 жил ажиллаад гавьяаныхаа амралтад өнгөрсөн оны аравдугаар сард гарсан.

 

-Та цөөнгүй шинэ бүтээл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм байна. Үр дүнгээ өгсөн шинэ бүтээлийнхээ талаар танилцуулна уу?

 

-Юун түрүүнд “Илчит тэрэгний хос дугуйн голоор гол замын 2ТЭ25КМ, 2ТЭ116УМ серийн зүтгүүрийн ДТК-417К, ЭД-133 загварын татах цахилгаан хөдөлгүүрийн якорийн гол шинээр зорж, шахаж суулган ашиглах” шинэ бүтээл санал санаачилга гаргах болсон нөхцөл байдал юунаас үүссэн бэ гэдгээс эхэлье. 2022-2023 онд якорийн холхивч гацсан, жижиг хөтлөгч араа гол дээрээ хий эргэсэн, якорийн голын хүзүү тасарсан, хугарсан зэрэг гэмтлээр 25 удаагийн тохиолдол гарч, татах цахилгаан хөдөлгүүр /ТЦХ/-ийн якорийг ахин ашиглах боломжгүй болсон. Харин ОХУ, БНХАУ-д ТЦХ-ийн их засварын гэрээгээр якорийн голыг шинээр солих ажил хийж байсан нь өндөр үнэтэй, засварын хугацаа урт байдаг. Үүнээс үүдэж УБТЗ-ын зүтгүүрүүдэд ТЦХ-ийн якорь хомсдолтой болж, дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн нөхцөлд хос дугуйн голоор якорийн гол шинээр хийх шинэ санал санаачилга гаргасан юм. Энэ шинэ бүтээлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

 

-Гадаад гэрээгээр ТЦХ-ийн якорийн гол сольсон тоо баримт байна уу?

 

-2023-2024 онд гадаад гэрээгээр 168 ширхэг ЭД-133 загварын ТЦХ, якорьт их засвар хийхээс 48-д нь якорийн гол солиулах гэрээ хийгдэн сольсон байна. Мөн 2023 оны гадаад сэлбэгийн захиалгад ЭД-133 якорийн 12 ширхэг гол худалдан авахаар гэрээ хийсэн боловч нийлүүлэгдээгүй байна.

 

-Таны энэ дээр дурдсан санал санаачилга өмнө нь манайд улсад болон гадны бусад улс оронд гарч, шинэ бүтээл хийгдэж байсан юм болов уу?

 

-Манай улсад өмнө нь илчит тэрэгний хос дугуйн голоор ТЦХ-ийн якорийн голыг шинээр зорж, шахаж суулгах техникийн шийдлийг хийж байгаагүй. Гадны улс оронд ч зорсон, сольсон туршлага байгаа эсэхийг интернет, яндексаар хайхад мэдээлэл олдоогүй.

 

-Шинэ санал санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бичиг баримт боловсруулах, бэлтгэл ажил хангах гээд их ажил өрнөсөн байх даа?

 

-Тэгэлгүй яах вэ. Би хос дугуйн голоор якорийн гол зорж суулгаж, ашиглах төслийг хэрэгжүүлэхийн тулд ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар татах хэсгийн инженер-техникийн ажилтнуудын хамт 100 хувь хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  1. ДТК-417К, ЭД-133 загварын ТЦХ-ийн якорийн голын ажлын зураг боловсруулж гаргасан.

 

 

  1. ШУТИС-ийн харьяа МехТС/механик техникийн сургууль/-ийн Металлын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төвийн итгэмжлэгдсэн лабораторид илчит тэрэгний хос дугуйн гол болон ТЦХ-ийн якорийн голын металлын механик шинж чанар, химийн найрлага, микро бүтэц, хатуулаг тодорхойлох харьцуулсан шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний үр дүнгээр эерэг гарсан байгаа.

  2. Шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд дараах технологийн карт, дарааллыг боловсруулан мөрдөж байна.

  • Якорийн голын бэлдцийн цилиндрт хэт авианы сорилоор гүний цав байгаа эсэхийг шалгах технологийн карт

  • Якорийн гол зорох технологийн карт

  • Якорийн голд цэвэр зоролт хийсний дараа соронзон бөөмийн сорилоор гадаргуугийн цав байгаа эсэхийг шалгах технологийн карт

  • Якорийн гол солих технологийн дараалал.

 

-Якорийн гол зорох, шахаж суулгах ажил ямар үе шаттайгаар хийгддэг вэ?

 

-Эхлээд хос дугуйн голыг якорийн голын уртын хэмжээгээр хөрөөдөн тасдаж аваад зорж бэлдцээ бэлтгэдэг. ТЦХ-ийн якорийн голын бэлдцийн цилиндрт хэт авиан сорилоор гүний ан цав байгаа эсэхийг шалгана. Сонгож авсан ТЦХ-ийн брак, гэмтэл гарсан якорийн голыг 200 тоннын шахагч прессээр шахаж авдаг. Тэгээд якорийн голын бэлдцийн цилиндрт ажлын зургийн дагуу цэвэр зорлого хийж, соронзон бөөмийн сорилоор бүх гадаргууд ан цав байгаа эсэхийг шалгаж, гол суух хэсэгт нарийн хэмжээ  хийж хүлцэл/натяг/ тооцоолно. Дараа нь цэвэр зорлого хийсэн якорийн гол дээр тооцоолсон хүлцлийн дагуу эцсийн зоролт хийж, голын галтелийн хэсгүүдийг өнхрүүлгээр /роликоор/ нягтруулж, сонгож авсан якорьт 200 тоннн шахагч прессээр шахаж суулгаснаар шинэ бүтээгдэхүүн бэлэн болдог.

 

     Гол шахаж суулган бэлэн болсон якорь

 

ЭД-133 маркын Татах цахилгаан хөдөлгүүрийн зүсэлттэй зурагны 16 дугаартай нь якорийн гол

https://rcit.su/gif/tiE3-02.jpg

 

-Анхны ТЦХ-ийн якорийн голыг хэзээ бэлэн болгож, илчит тэргэнд тавив?

 

-Анхны шинээр зорсон якорийн голыг 2023 оны хоёрдугаар сарын 25-нд 2ТЭ25КМ-257 илчит тэрэгний Б1 дүгээр ТЦХ-ийн №832 дугаартай якорьт шахаж суулгасан. Түүнээс хойш 360611.0 км ямар нэгэн гэмтэлгүй ажиллаж, үр дүнгээ өгч байна.

 

-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн гол зорон суулгаж, эдийн засгийн хувьд ямар үр дүн гаргасан бэ?

 

 

-УБТЗ ХНН-т ашиглаж байгаа гол замын илчит тэрэгнүүдийн ТЦХ-ийн якорийн гол хугарах, том, жижиг холхивч гэмтэж голын хүзүү дээр холголт үүссэн, жижиг араа хий эргэж голын хүзүүний хэмжээ багассан зэрэг шалтгаанаар якорийн гол солих зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс ашиглалтаас хасагдсан /хаягдал/ хос дугуйн голоор ТЦХ-ийн якорийн голыг шинээр зорох, суулгах, ашиглах санаачилгыг гаргаж, 2023 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл нийт 31 ширхэг гол шинээр зорж, шахаж суулган илчит тэргэнд тавьсан. Ингэснээр нийт 134.908.0 мянган төгрөгийн ашиг өгсөн. Үүнээс 16 голыг нь 2024 онд шинээр зорж суулган 69.940.0 мянган төгрөгийн  шууд ашиг өгөөд байгаа. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 10 дахь голоо зорж, шахаж суулгасан. Бүгд хэвийн ажиллаж байгаа. Энэ шинэ бүтээл нь илчит тэрэгний ТЦХ-ийн  якорийн гол худалдан авах болон солих засварын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Мөн засварын ажлын хугацааг хэмнэх, якорийн нөөц бүрдүүлэх, илчит тэрэгний техникийн найдвартай бэлэн байдлыг бүрэн хангах, УБТЗ-даа эдийн засгийн хэмнэлт гаргасан шинэ бүтээл болсон.

 

-Та шинэ бүтээлдээ ямар хүмүүстэй хамтран ажилласан бэ?

 

-Энэ шинэ бүтээлийг Улаанбаатар татах хэсгийн механик цехийн токарьчин-фрезерчин Ц.Ихбаяртай хамтран гүйцэтгэсэн. Ц.Ихбаяр маань олон арван ШБАЗ гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. УБТЗ-ын 2023 оны ШБАЗ-ын аварга шинийг санаачлагч, алтан гартай, өндөр зэрэглэлийн токарьчин шүү дээ. Депогийн хамгийн нарийн хэмжээтэй, ур ухаан шаардсан бүх эд ангийг зорж, хийж бүтээдэг тэргүүний хүн. Манай хамт олон болон би энэ хүнээр маш их бахархдаг юм.

 

-Зарим алба, салбар нэгжийн чадварлаг инженерүүдийн санаачлан нэвтрүүлсэн ШБАЗ нь УБТЗ-аас гарах байсан олон тэрбум төгрөгийг хэмнэсэн тооцоо байдаг юм билээ.  Тиймээс зохиогч та бүхэн ямар шагнал, урамшуулал авсан бэ?

 

-УБТЗ-ын даргын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан А-33 тоот тушаал байдаг. Энэ тушаалын “Улаанбаатар төмөр замын оюуны өмчийн бодлого”-ыг эхний хавсралтаар, “Улаанбаатар төмөр замын ажилтнуудын шинэ санаа, санаачилгыг дэмжих журам”-ыг  II хавсралтаар, “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, ажилтан шалгаруулах болзолт уралдааны журам”-ыг IV хавсралтаар батласан. Энэ тушаалын хавсралтаар батлагдсан журмууд нь УБТЗ-ын нийт шинэ санаа гаргадаг, шинийг санаачилдаг, ШБАЗ хийж бүтээдэг, хийсэн бүтээснээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг төмөр замчдын хийе, бүтээе гэсэн урмыг сэргээсэн, хөхиүлэн дэмжсэн, хамт олон руу чиглэсэн тушаал, журам болсон. Үүнийг бид хоёрын авсан шагнал, урамшуулал нотолж байна. Бидний шинэ бүтээл 2024 оны болзолт уралдааны шилдэг бүтээл номинацид өрсөлдөн “Дэлхийн Оюуны өмчийн өдөр”-өөр УБТЗ ХНН-ийн шилдгийн шилдэг Гран-При шагналыг хүртсэн. Мөн 5.3 дахь заалтын дагуу 2024 онд үйлдвэрлэсэн бүтэн жилийн эдийн засгийн шууд үр ашиг, өгөөжийн 10 хувьтай тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал, “Улаанбаатар төмөр замын ажилтнуудын шинэ санаа, санаачилгыг дэмжих журам”-ын 5.2.1 дэх заалтыг үндэслэн УБТЗ ХНН-ийн шагнал олгох журмын 3.1.1.2 дах заалтын дагуу гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал авсан. Энэ завшааныг ашиглан танай сониноор дамжуулан бид хоёрын шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тусалж, дэмжсэн Замын удирдлага, Зүтгүүрийн аж ахуйн алба болон Улаанбаатар татах хэсгийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлье.

 

-Та шинэ бүтээлдээ Оюуны өмчийн газраас зохиогчийн эрх авсан уу?

 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас Улсын бүртгэлд №10-2025-0007459 дугаараар бүртгэж, шинэ бүтээлийн зохиогчийн эрхийг бид хоёр, патент эзэмших эрхийг УБТЗ ХНН-ийг төлөөлж Улаанбаатар татах хэсэг авсан.

 

-Танд нэмж хэлэх үг байна уу?

 

-Хөдөлмөр хөнгөвчилсөн, зардал хэмнэсэн, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн, УБТЗ-даа эдийн засгийн үр өгөөж өгсөн шинэ санаа гаргаж, шинийг санаачилдаг, санасан бодсоноо үйлдвэрлэлд нэвтрүүлдэг, оюунлаг нийт төмөр замчин та бүхэн маань А-33 тушаалаар батлагдсан журмуудын заалтын дагуу шагнал, урамшуулал авч  болдог юм байна гэдгийг сануулъя. Та хийсэн бүтээсэн бол үр өгөөжийг нь хүртэх эрхтэй шүү гээд цаашдын шинэ инноваци, ШБАЗ-ын ажилд нь өндөр амжилт, ажил, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

-ШБАЗ санаачлан нэвтрүүлсэн олон төмөр замчин өөр шиг чинь үр шимийг нь хүртээсэй гэж хүсэж байна. Дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа.

 

М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.