Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн хурдан галт тэрэг урьдчилсан туршилтын үеэр цагт 453 км хурдалж шинэ дээд амжилт тогтоолоо.CR450 загварын тус галт тэргийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэхийн өмнө нийт 600 мянган км-ийн туршилт хийх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Энэ нь өмнөх CR400 fuxing галт тэрэгний сайжруулсан хувилбар бөгөөд агаарын урсгалд зохицсон хэлбэр бүхий 15 метр урт хамар нь эсэргүүцлийг 22 хувиар бууруулдаг байна. Өмнөхөөсөө 50 тонноор хөнгөрч, өндөр нь 20 см-ээр намсаж, аэродинамикийн үзүүлэлт нь илт сайжирсан тус галт тэрэг 4 минут 40 секундын дотор 0-350 км цаг хүртэл хурдаа авдаг ажээ. Дашрамд дурдахад, өмнө нь дэлхийд хэт хурдаараа гайхагддаг Япон, Францын галт тэргүүд цагт 320 км туулах чадвартай байсан юм.
Б.Занданхүү
