Энэ дундаа АНУ, Их Британи, Канад, Испани зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байна гэж тооцоолжээ

 

Дэлхийн хэмжээнд инфляцийн дарамт харьцангуй саарч, Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах циклээ эхлээд байгаа энэ үед дэлхийн эдийн засаг 2024 болон 2025 онд 3.2 хувиар буюу тогтвортой өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шинэ тайландаа дурдлаа. Энэ дундаа АНУ, Их Британи, Канад, Испани зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байна гэж тооцоолжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ихэнх гишүүн орнуудад инфляци үргэлжлэн саарч, Төв банкнуудынх нь зорилтот түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал, “Их 20”-ийн хөгжингүй орнуудад инфляци 2024 онд 2.7 хувь болж, өнгөрсөн оноос 1.5 хувиар саарах тооцооллыг гаргасан. Харин хөгжиж буй орнуудын инфляци хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байх ч алгуур саарна гэж үзжээ. Гэхдээ үйлчилгээний үнийн өсөлт өндөр түвшинд хэвээр байх төлөвтэй байгаа нь гол сорилт болохыг тодотгосон байна.