Шинэ судалгаагаар мигрень, тархинд цус харвах, Паркинсоны өвчин, зөнөх гэх мэт мэдрэлийн эмгэгүүд дэлхий даяар нийт өвчлөлийн ихэнхийг бүрдүүлэх болсныг илрүүлжээ.
“The Lancet” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаагаар мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй амьдарч буй эсвэл нас барсан хүний тоо сүүлийн гучин жилийн турш эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, 2021 онд дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.4 тэрбум хүн мэдрэлийн эмгэгтэй байсан аж.
Судлаачид энэ нь дэлхийн хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдсэнээс гадна бохирдол, таргалалт, хооллолт, хүрээлэн буй орчин, бодисын солилцоо, амьдралын хэв маягийн эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой гэж үзжээ.
2021 онд бүртгэгдсэн хамгийн том мэдрэлийн эмгэгүүдэд толгой өвдөх (2 тэрбум гаруй тохиолдол), мигрень (1.1 тэрбум тохиолдол) байсан юм. Харин хамгийн хурдацтай нэмэгдэж буй мэдрэлийн эмгэг бол чихрийн шижингийн улмаас үүссэн мэдрэлийн ширхэгийн гэмтэл байв.
Тус судалгаа мөн өвчлөл ихэнхдээ бага, дунд орлоготой орнуудад тохиолдож буйг онцолжээ. Мэдрэлийн өвчнөөр нас барах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлын 80 хувь нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian