Дэлхий дахинд эрэлт буурахтай зэрэгцээд 2022 оны 12 дугаар сард БНХАУ-ын экспорт огцом буурсан байна. Экспортын дүнг ам.доллароор тооцвол өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар буурсныг тус улсын Гаалийн газар мэдээлсэн нь шинжээчдийн 11 хувиар буурах таамгаас бага үзүүлэлт боллоо.

Харин жилийн дүнгээр БНХАУ-ын экспорт долоон хувиар өсөж, 3.6 их наяд ам.доллар хүрсэн нь дээд түвшин болж байна.

Импорт нь 7.5 хувиар буурсан нь шинжээчдийн 10 хувиар буурна гэсэн таамгаас бага үзүүлэлт болов. Ингэснээр тус улсын гадаад худалдааны ашиг тайлант хугацаанд 78 тэрбум ам.доллар болж өссөнийг дата мэдээлэл харуулж байна.

Хэдийгээр БНХАУ-ын экспорт сүүлийн сарын байдлаар ийнхүү буурсан ч жилийн дүнгээр аваад үзвэл гадаад худалдааны ашиг нь 878 тэрбум ам.доллар хүрсэн нь дээд түвшин боллоо.

"Дэлхий дахинд  эрэлт буурч байгаатай зэрэгцээд Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэн нь экспорт буурахад голлон нөлөөлж байгаа" гэж “Pinpoint Asset Management”-ийн шинжээчид мэдээллээ.

Мөн "Экспортын өсөлт сул байгаа тул 2023 онд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх нь чухал байгаа”-г Pinpoint Asset Management тодотгосон байна.

Эх сурвалж:  Bloomberg TV Mongolia