Нүүр Спорт Д.Дамбийбалжирын нэрэмжит “Хаврын тойрог” тэмцээн болно
Спорт

Д.Дамбийбалжирын нэрэмжит “Хаврын тойрог” тэмцээн болно

G.Press 1 жилийн өмнө 91 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжирын нэрэмжит хөлбөмбөгийн “Хаврын тойрог” тэмцээн удахгүй зохион байгуулагдах гэж байна. Замын даргын тушаалаар тэртээ 1975 онд Сайншанд татах хэсгээс Сүхбаатар депогийн анхны даргаар томилогдсон Д.Дамбийбалжирын санаачилгаар зохион байгуулж ирсэн Сүхбаатар депогийн нэрэмжит уг тэмцээн 50 дахь хавартайгаа золгож байгаа юм. Анх Сүхбаатар депод ажлаа авахаар очиход нь тус депод залуучууд цөөн, эх орны дайнд оролцсон ахмадууд, ихэнх нь гавьяаны амралтад гарахаар шийдсэн, орос ажилчид нь эх орондоо буцах шаардлагатай болсон үе таарчээ. Томилолт өвөртлөн Сүхбаатарт очсон гол зорилго нь Дархан, Эрдэнэт хотуудын бүтээн байгуулалтын ажил өрнөж байсантай холбогдуулан боловсон хүчний асуудал хүндрэлтэйг соргогоор анхаарч “Хаврын тойрог” тэмцээн зохион байгуулж, тус тэмцээнд оролцсон цовоо сэргэлэн залуусаар эгнээгээ тэлж, богино хугацааны түргэвчилсэн дамжаанд хамруулж байжээ. Ийнхүү зүтгүүрийн бригадаа төвөггүй бэлтгэн бүтээн байгуулалтад бэлэн болсноо “Багш шавийн гэрээгээр баталгаажуулж, Төмөр замын Нам олон нийтийн байгууллагад өөрийгөө ямар хэмжээний удирдагч болохоо олон ажлын сайны жишээгээр харуулсан удирдагч байв. Замын хэмжээнд “Гэр бүлийн зөвлөгөөн” зохион байгуулж эхэлсэн нь маш их үр дүнгээ өгсөн ажил болсон билээ. “Үгийн урам, сэтгэлийн хайлалаараа “Заазуур Дамбий” бол олон мянган залуусыг ажил амьдралд нь залгуулсан ачтай, буянтай удирдагч” хэмээн инженер Бадайн Шаравжамц агсан дурсдаг байлаа. 1975 оноос буухиалан ирсэн уг тэмцээнийг 2003 онд түүнийг тэнгэрт дэвшсэний дараахан Гавьяатын нэрэмжит болж, өнөөг хүртэл зохион байгуулсаар ирлээ. Эзнээ үгүйлж, эздээ хүлээсэн тус тэмцээн амжилтын буухиа эхлэх тэр өдөр тамирчдадаа Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Сүхбаатар татах хэсгийн дарга, Гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир “Ширэн бөмбөгтнүүд хурдтай, авхаалжтай, өшиглөсөн бөмбөг бүр нь оновчтой байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” хэмээн ерөөдөг байлаа. Тэр сайхан ерөөл өнөөг хүртэл үргэлжилж буй. Хөлбөмбөгийн баг бүрэлдэхүүн болсон 10 эрийг хүмүүжүүлэгч, есөн хүүгийн ээж Ахмад төмөр замчин, айлын хүндтэй дархан бэр Шагдаржавын Ичинхорлоо агсан есөн хүүгээ бөмбөгөөр тасалж үзээгүй буурал байв. Замын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхүйц тус тэмцээнийг олон жил хөлбөмбөгийн домогт тайлбарлагч Э.Балжинням агсан тайлбарлаж ирсэн түүхтэй.

Төмөр замын домог болсон сайхан аавын минь нэрэмжит тэмцээн тун удахгүй болох нь. Татах хэсгийн даргаар 1975-2000 он хүртэл тасралтгүй 25 жил ажиллан гавьяаныхаа амралтад гарч Сүхбаатар зангилааны ОНБ-аар ажилласан байдаг. УБТЗ-даа 44 жил ажиллан зүтгүүрчдийнхээ эцэг нь болж, төмөр замынхаа төлөө шургаж унатлаа зүтгэсэн ааваараа бахархах сайхан.

 

Д.Мөнхбат

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.