Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдоржтой төмөр замын гармын аюулгүй байдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Та гармын зөвлөгөөний талаар танилцуулна уу?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гармын зөвлөгөөн”-өө бид Тээвэр зохион байгуулалтын албатай хамтран гуравдугаар сарын 28-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр бид өнгөрсөн онд гармын талаар хийсэн ажлаа товч тайлагнаад, энэ онд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаараа ярилцдаг. Олон улсын төмөр замын байгууллага UIC-ээс зохион байгуулж, бид 2013 оноос хойш нэгдэн орж зохион байгуулж буй “ILCAD-2025 Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” арга хэмжээний бэлтгэл хангахад чухал нөлөөтэй зөвлөгөөн юм. Зөвлөгөөнд ЗТЯ-ны салбарын хяналтын газрын дарга М.Энхболд, улсын байцаагч Д.Батхүү, Тээврийн прокурорын хяналтын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга хурандаа Ч.Батболд, Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга В.Мягмар нар урилгаар оролцлоо.
-Энэ жилийн зөвлөгөөний онцлог юу байв?
-Олон онцлог зүйл байснаас цөөн хэдийг хэлье. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн илтгэлд гарсныг та харсан байх. 2024 онд зөвхөн гармын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр өмнөх жилүүдээс гурав дахин их буюу 672 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ажил хийсэн байна. Энэ нь зөвхөн УБТЗ ХНН-ээс гарсан зардал юм. Нийслэл хотын төсвөөр 396 дугаар км-ийн буюу Таван шарын гармыг хааж хонгилон гарц болгосон. Мөн 508 дугаар км буюу Багахангайн гармыг дүүргийн төсвөөр буюу тендерээр орж зардлыг нь авч бид сайжруулсан. 518 дугаар км-т байсан гармыг “МонЧех” компани өөрийн зардлаар хонгилон гарц болгож эрсдэлийг байхгүй болгосон гэх мэт том ажлууд хийсэн жил байлаа. Манай байгууллага 2025 онд 1.5 тэрбум төгрөгийг гармын сайжруулалт, хонгилон гарц хийх чиглэлээр төлөвлөсөн байна.
-Уригдсан зочдыг харахад төрийн байгууллагын чухал албан тушаалтнууд иржээ. Эдгээр хүмүүс гармын зөвлөгөөнд оролцохын үр дүн ямар байдаг вэ?
-Та маш зөв асуулт асуулаа. Гармын аюулгүй байдал буюу эцэстээ хүний амь насыг хамгаалах, төмөр замын тээврийн тасралтгүй аюулгүй байдлыг хангахад бид дангаараа хүчин мөхөстөх, бидний үүрэг, ажилд байхгүй олон бэрхшээлүүд гардаг. Тэр тусмаа хууль эрх зүйн орчин, Тээврийн цагдаагийн үйл ажиллагаа, бидний хамтарч ажиллах байдал, гарман дээр зөрчил гаргасан жолооч, иргэнийг торгох шийтгэх гээд олон зүйлээс шалтгаалдаг тул дээр дурдсан зочид маш их чухал байдаг. Эдгээр төрийн байгууллагын ажилтнууд, байгууллагууд гармын эрсдэлийг маш сайн ойлгоод бидний ажилд хамтран туслах юм бол эрсдэл сайн буух юм. Сүүлийн гурван жилийн зөвлөгөөнд тасралтгүй ирж байгаа Прокурор Д.Дамдинсүрэн гуайд, ЗТЯ-ны байцаагч Д.Батхүү, В.Мягмар гээд төрийн байгууллагын ажилтнуудад талархсанаа илэрхийлж байна. Энэ зөвлөгөөнд анх удаа оролцсон Тээврийн цагдаагийн албаны хурандаа Ч.Батболд бидэнд маш сайхан шинэ санаа, хамтарч ажиллах сэдэл, зөвлөгөө өгсөнд талархалтай байгаа.
-Та ярилцлагын эцэст гармын эрсдэлийг бууруулах чиглэлээр гол анхаарал хандуулах зүйлийг хэлээч?
-УБТЗ ХНН-ийн зүгээс бид бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Гэхдээ гарам байсан цагт эрсдэл байсаар байх болно. Д.Дамдинсүрэн прокурорын хэлснээр гармаар нэвтэрч буй жолооч иргэдэд, ирээдүйд жолооч болох хүүхдүүдэд хүмүүжил, соёл олгох, зөв дадал хэвшилтэй болгох, гармыг яаж ажилладгийг, галт тэрэг шууд зогсож чаддаггүйг ойлгуулах хэрэгтэй. Зөрчил гаргасан жолооч нарт сануулдаг, торгодог нь үр дүнтэй оновчтой байдаг, өөрсдийнх нь “Амь насыг хамгаалах гэж хийж буй” алхам гэдгийг олон нийтэд ойлгуулах, зам тээврийн дүрэм журмыг нийтээр хэлбэрэлтгүй мөрддөг болж байж эрсдэл буурна бодож байна. Та бүхэнд энэ соёлыг түгээхэд дэмжин ажилласанд баярлалаа.
