Баянтүмэн тасгаас гучаад жилийн дараа Замын мэргэжлийн аварга төржээ. Тэр бол замчин Дамдинсүрэнгийн Батбаяр юм. Түүнийг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зориулж хаягдал хуванцар ашиглан замын овойлтын гэмтэл засварлах ивээсийг санаачилж, уг ивээс хийх хэв, зуухыг бүтээсэн тул 2024 оны ажил мэргэжлийн аваргаар тодруулжээ. Өнгөрсөн өвөл тэрбээр 3600 хуванцар шахмал ивээс хийж, засварын ажилд ашигласан байна. Мөн Замын ангийн хэмжээнд урсгал засвараар солигдсон 8000 төмөр бетон дэрний боолт цутгаж, гол замд 421 төмөр бетон дэр, 236 ширхэг модон дэрийг солих ажлыг тус тус хийжээ.
Энэ амжилтаараа Дамдинсүрэнгийн Батбаяр нь УБТЗ-ын 2024 оны мэргэжлийн аваргаар шалгарсан юм. Хэд хоногийн өмнө Баянтүмэн тасагт болсон Замын даргын үзлэгийн үеэр түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Юуны өмнө Замын мэргэжлийн аваргаар шалгарсанд баяр хүргэе. Та төмөр замд хэдэн оноос ажиллаж байна вэ?
- Би анх Баянтүмэн тасагт замчнаар орсноос хойш 35 дахь жилдээ төмөр замд ажиллаж байна. Аав минь өмнө нь Баянтүмэн тасагт туслах аж ахуйд адуу малладаг байсан юм. Тэгээд л би 1990 онд Баянтүмэн тасагт ажилд орохдоо анх 216 дугаар км-т морин эргүүл хийж эхэлсэн. Морин эргүүлээр нэг жил ажиллаад Хэрлэнд замчингаар орсон. Тэндээ нэг жил ажиллаад төвийн хэсэгт ирсэн. Тэгэхэд Р43 зам төмрийг Р52 төмрөөр сольж байсан үе таарсан. Бас Мардайн төмөр замыг хуулж байлаа. Ингээд би 34 жил тасралтгүй Баянтүмэн тасагтаа хуучин модон дэр сольж, шинэ бетон дэр тавих ажил хийлээ дээ.
-Дэр мод солиход гол хийдэг ажил, тавигддаг шаардлага юу байдаг вэ?
-Дэр мод солихдоо хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах ёстой. Ажил эхлэхийн өмнө хэрэглэх багаж хэрэгсэлээ эмх цэгцтэй, өөрт ойрхон, жаахан хөндийдүү тавих хэрэгтэй. Ингээд нүхээ ухна даа. Дараа нь хуучин дэр модоо сугалж аваад ул шороог нь засаж янзлаад буцааж шинэ дэр модоо шургуулж хийгээд, чигжиж бөхөлнө. Дараа нь эвүүрээ хийж, хадна. Хамгийн сүүлд хог, шороогоо шүүрдэж, цэвэрлээд ажил дуусдаг даа.
-Таныг дагуулж явсан анхны багш ямар хүн байсан бэ?
-Миний анхны багш Цэрэндаш гэж Замын мэргэжлийн аварга болж байсан, одоо нас дал гарсан өвгөн бий. Манай хороололд амьдардаг юм. Багш маань намайг дагалдангаар авч байхдаа “За миний дүү ажлаа сайн хийгээрэй. Зуны халуун, өвлийн хүйтэнд байнга гадаа байдаг хэцүү ажил шүү. Хувцас хунараа тааруулж, унд, хоолоо сайн базааж явж байгаарай” гэж захиж байсан.
-Нэг бригадаар гарахдаа ямар машин техниктэй, хэдүүлээ гарах вэ?
-Манай хэсэг нэг том машинтай, тэрүүн дээрээ хамаг багаж хэрэгсэлээ ачаад хоёулаа явна. Хоол унд, уух юмаа өөрсдөө зохицуулаад аваад явдаг. Өдөрт 20 дэр мод солих нормтой байлаа.
-20 дэр модыг хэдий хэмжээний урт замд хэрэглэх вэ?
- Дэр модныхоо муудсан байдлаас шалтгаалж хоорондын зайг харж байгаад сольдог учраас янз бүр. Гайгүй бол 500 метр, муудсан байвал 300 метр дотор л солино л доо.
-Ер нь танай замын хуучин моднууд их муудсан харагдаж байна лээ?
-Өө бүр их муудсан, одоо солих гээд авч байгаа хуучин дэр мод гэхэд бараг л хамрын тамхи шиг л юм гарч ирж байна. Анх намайг ажилд орж байхад арай л гайгүй байсан санагдана. Одоо бол долоо наймуулаа бөөндөө явж, 25 метрт 10 бетон дэрийг сэлгэж, өдөртөө 30-40 төмөр бетон дэр сольдог болсон. Нэг үеэ бодоход бөөнөөрөө нүхээ ухна, хуучин дэр модоо сугалаад бетон дээрээ шургуулахдаа доод тал нь зургаан хүн байж хийхгүй бол болохгүй. Дөрвөн хүн нь өргөнө, нөгөөдүүл нь доогуур нь лоомоо хийж хөшиж, олс, уяагаар ард, урд талаас нь татаж, түлхэж шургуулж оруулна. Дараа нь сайн чигжиж бэхэлнэ дээ.
-Одоо танайд хэчнээн дэр мод солигдоод байна вэ?
- Сая Замын даргын үзлэгийн үед танилцуулсан илтгэх хуудсанд Эрээнцав-Баянтүмэнгийн гол замд 394662 ширхэг дэр байгаагийн 71119 нь төмөр бетон дэр байна. Тэдгээр төмөр бетон дэрийг 125.5 км тахир тойруу, шулуун хэсэгт схемчлэн солиод байгаа гэж дурдагдсан байна лээ.
Одоо би Баянтүмэнгийнхээ төв дээр бетон дэрний цутгалт дээр ажиллаж байгаа. Өдөрт 250 ширхэгийг цутгаж, хатангуут нь боолт, шайбыг нь суулгаад мод ивж, хураадаг. Нэг вагонд 224 ширхэг бетон дэр ачигддаг. Түүнийг шугам замаар аваачиж тараана. Энэ бүх ажлыг дан гар ажиллагаагаар хийдэг.
-Та гэр бүлээ танилцуулна уу?
- Миний эхнэрийг Цэнджавын Энхмаа гэдэг. Бид дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань тусдаа гарсан. Гурван охины маань хоёр нь айлын бэр болоод Увс, Сүхбаатар аймагт амьдарч байгаа. Манайх ойр зуурын хэдэн малтай, арваад үнээтэй, хэдэн тахиатай. Зундаа цагаан идээ гарган авч, ач зээ нараа тараг, сүүгээр таслахгүйг боддог. Зав зайгаараа эхнэр бид хоёр хашаа хороогоо аятайхан тохижуулах гэж их оролдоно оо.
- Олон жил төмөр замд ажиллахад ер нь юу бодогдож байх юм?
-Төмөр зам чинь сайхан байгууллага шүү дээ. Сайн ажилласныхаа хүчинд би 2008 онд Баянтүмэн тасгийнхаа Хөдөлмөрийн аварга, 2018 онд “Онц хөдөлгөөнчин”, 2024 онд “Тэргүүний төмөр замчин” болсон. Энэ жил Замын мэргэжлийн аварга боллоо.Энэ бүхэн бол төмөр замын л буян шүү дээ. Ер нь төмөр замд ажиллаагүй байсан бол өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү. Манай Баянтүмэнгээс сүүлийн 30-аад жилийн хугацаанд Замын мэргэжлийн аврага төрөөгүй юм билээ. Өмнөх аварга нь Цэрэндаш багш маань байсан. Багшийнхаа шагналыг авлаа даа гээд дотроо их баярлаж байгаа.
-Залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Сайн ажиллаарай л гэнэ дээ. Одоо би удахгүй тэтгэвэртээ гарах гэж байна. Хамт олондоо, дарга удирдлагадаа хандаж хэлэхэд миний өдий зэрэгт хүрсэн нь та нарын маань л буян гэж хэлье, маш их баярлаж явдаг шүү.
Ерээд оны эхэн үед эдийн засгийн хямрал болоод ачаа тээвэр байхгүй, нэг хэсэг хэцүү байсан шүү. Байгууллага маань өр зээлэнд ороод, дансаа хаалгачихаад, цалин мөнгөө тавьж чадахгүй айхтар хэцүү байхад Лора Энхболд гээд манай дарга илүү дутуу өрөө тасалгаа, объектоо нууцаар түрээслүүлж, олсон жаахан хэдэн төгрөгөөрөө цалингаа тавих гэж шөнө дунд өнгөрч байхад ажилчдаа вокзалын өрөөнд сэм дуудаж цалинг нь өгдөг байлаа. Бидний үеийнхэн ийм л хүнд хэцүү үеийг хамт олноороо сэтгэл нэгтэй даван туулсан хүмүүс дээ. Одоо эргээд дурсахад сайхан байна.
-Баярлалаа, танд сайн сайхныг хүсэн ерөөе.
Д.Батбаяр хэдийгээр суурь боловсрол эзэмшээгүй, бичиг үсэг мэдэхгүй шахуу Баянтүмэн төмөр замд ажилд орж байсан бол одоо ямар ч дарга даамлыг дагуулахааргүй, дадлага туршлагатай, идэвх санаачилгатай, шинийг зохион бүтээдэг шилдэг ажилтан болжээ. Хүүхэд залуучуудад элэгтэй, хамт олондоо тусч, өгөөмөр сайхан сэтгэлтэй Д.Батбаярын тухай Баянтүмэн тасгийнхан ам уралдан магтах нь бахархалтай.
Г.Энхбаатар
