Нүүр Ярилцлага Д.Балдандорж: Баянтүмэн тасгийнхны хөрвөх чадвар, дадлага туршлага өндөр
Ярилцлага

Д.Балдандорж: Баянтүмэн тасгийнхны хөрвөх чадвар, дадлага туршлага өндөр

G.Press 2 сарын өмнө 413 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Баянтүмэн тасгийн Замын V ангийн дарга Д.Балдандоржтой уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. Өнгөрсөн оны ажлын үр дүнгээсээ хуваалцана уу?

 

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Манай Баянтүмэн тасгийн Замын V анги 2025 онд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын техникийн байдлыг сайжруулах үндсэн зорилтын хүрээнд урсгал болон их засварын ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Манай анги нийт 238 км гол зам, 33.1 км салаа зам хариуцдаг. Найман хэсэг, аврах анги, авто гаражийн бүтэцтэй, 121 орон тоотой ч бодит байдал дээр 10-20 хүнээр дутуу ажиллаж байна. Өнгөрсөн онд 13667 бетон дэр, 3159 модон дэр сольж, 8.2 км замд их засвар хийсэн. Их засварын хүрээнд шуудуу татах, ухсан шороогоор далан босгох ажлыг гүйцэтгэсэн. Ингэснээр цас хунгарлах, борооны усанд зам угаагдах, мал зам руу орох эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж чадлаа.

 

-Зам төмрийг хүчжүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?

 

-Манай гол замын 80 хувийг модон дэр, 20 хувийг бетон дэр эзэлдэг. Нийт 399314 дэртэйгээс 83000 орчмыг хүчжүүлснээр 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2014 оноос эхлэн гэмтэлтэй төмөр бетон дэрийг засварлан дахин ашиглах, тахир замыг 3.1 болон 4.1 схемээр хүчитгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Ингэснээр царигийн тэлэлт, замын хэлбэлзэл мэдэгдэхүйц буурсан. Өмнө нь дэрийн аж ахуй сул байснаас замын балл өндөр гардаг байсан. Одоо муудсан дэр олноор гарах нь багасаж, 7-8 ширхгээр илэрдэг болсон.  Гол замын  Р-43 зам төмрийг Р-50 болгон шинэчилсэн. Зарим хэсэгт Р-60 суман шилжүүлэг тавьж хүчитгэсэн. Цаашид Баянтүмэн өртөө болон салаа замуудыг Р-50 зам төмрөөр солих шаардлага бий. Гурван км орчим замыг шинэчлэхээр төлөвлөсөн ч эцэслэн шийдэгдээгүй байна. Зам төмрийг Багануур өртөөнөөс автомашинаар тээвэрлэдэг. 25 метрийн урттай 20 ширхэг зам төмөр 25 тонн жинтэй, нэг удаагийн тээврийн зардал 10.3 сая төгрөг. Гурван км замд 240 ширхэг зам төмөр шаардлагатай тул 12 удаагийн тээвэр хийнэ. Тээврийн хүчин чадал, зардал нь томоохон сорилт болж байна.

 

-Хүний нөөцийн тулгамдсан асуудал юу байна вэ?

 

-Манай тасагт нэг замчин 1.5-3 км зам хариуцаж байна. Ачаалал их. Нэг хэсэг 8-9 замчинтай ажиллаж байгаа. Ялангуяа тор засагчийн орон тоо байхгүй болсон нь хүндрэл үүсдэг. Өмнө нь 12 тор засагчтай байсан бол одоо замчид давхар хариуцаж байна. Мал зам дээр гарах, галт тэрэг яаралтай тоормозлох, хурд буурах эрсдэл байсаар байна. Зуны ачааллын үед даргаас эхлээд цэвэрлэгч хүртэл бетон, модон дэр буулгах, суулгах ажилд оролцож, хамтын хүчээр гүйцэтгэлээ нэмэгдүүлдэг. Ингэснээр төлөвлөсөн 100 дэрийн оронд 200-г солих боломж бүрддэг. 2020 оноос хойш шинэ төгсөгч ирээгүй. Иймээс орон нутгийн иргэдийг практик сургалтаар бэлтгэж, шат дараатайгаар мэргэжил эзэмшүүлж, чадамжуулж байна. Ажиллах хүчнээ орон нутгаасаа бүрдүүлж, тогтворжуулах бодлого барьж байгаа. Өмнө нь Дорнод аймагт МСҮТ-д замчны анги ажиллаж, 30-40 суралцагчаар элсэлт авч байсан. Замын захиргаанаас мэргэжилтэн очиж 30 хүний бүрэлдэхүүнтэй ангийг төгсгөсөн туршлага бий. Манай хамт олны 60-70 хувь нь залуучууд болсон нь эерэг үзүүлэлт. Харин энэ жил элсэлт аваагүй, түр зогссон байдалтай байна.

 

-Ажилчдын тогтвор суурьшил хэр байна вэ?

 

-Манай тасаг алслагдмал бүсэд байрладаг ч нийтдээ тогтвор суурьшил боломжийн түвшинд байна. Эрээнцав-Чулуунхороот чиглэлийн сумын төвтэй бүсэд тогтвор суурьшил харьцангуй хэвийн. Харин Хөх нуур, Чингисийн далан өртөө, 103 дугаар зөрлөг, Хавирга өртөө, 160 дугаар км-т тогтвор суурьшил тааруу тал бий. Чойбалсан, Баянтүмэн тасгийн хувьд суурьшил сайн. Манай нэг хэсэг одоогоор цахилгаангүй байна. Бусад хэсгүүд цахилгаантай болж, интернэт орчин сайжирсан нь ажиллах, амьдрах нөхцөлийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн. Жил бүр төлөвлөгөөнд тусган орон сууц барьж байна. Замын II, IV, VI, VIII хэсгүүддээ технологийн зориулалттай орон сууц шинээр ашиглалтад орсон. Технологийн орон сууц муутай хэсэглэл дээр шинээр орон сууц барихаар төлөвлөдөг. Хавирга өртөөнд орох сууц барих шаардлагатай байгаа. Бусад хэсэглэлд технологийн байр хүрэлцээтэй.

 

-Ур чадвар, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

 

-Манай тасаг Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөж буй технологи, сургалтын бодлогод нийцүүлэн ажиллахыг зорьдог. Жил бүр Замын захиргаанд санал хүргүүлж, төлөвлөгөөндөө тусган замчин, мастер, бригадын даргын сургалтад хамрагддаг байсан. Ковидоос хойш сургалтууд онлайн хэлбэрт шилжсэн. Мөн Замын II, IV анги дээр очиж туршлага судалсан. Зам сумын арчилгаа, багаж хэрэгслийн бүрдүүлэлт, технологийн горим, засвар үйлчилгээний чиглэлээр туршлага солилцож байна. 2023 онд инженер, техникийн ажилтнууд их засвар хийж буй талбай дээр очиж, технологи, ажлын горим, “цонх”-ны үеийн зохион байгуулалтыг газар дээр нь харж, бодит туршлага хуримтлуулсан.

 

-Алслагдмал өртөө учраас төмөр замчдын ажил мэргэжлийн хувьд хөрвөх чадвар өндөр байдаг уу?

 

-Хөрвөх чадвар маш өндөр. Хүн бүр олон үүрэг гүйцэтгэх шаардлага гардаг. Жишээлбэл, замын мастер зөвхөн замаа шалгаад, бичиг баримтаа хөтлөөд зогсохгүй шаардлагатай үед замчнаа хийнэ. Зам төмөр солих ажилд оролцоно, дэр мод буулгана, технологийн ажлуудад хүн хүч дутмаг байвал шууд орж ажилладаг. Замчид ч мөн адил олон чиг үүрэгтэй. Жолоочоо хийнэ, цахилгаан багаж хэрэгслийн засвар үйлчилгээнд оролцоно. Замын цахилгаан багажийг засварлахад замчин-жолооч маань засвраа өөрөө хийнэ. Мөн замчин оосорлогчийн үүргийг гүйцэтгэнэ. Дэр модыг вагоноос буулгах, зам төмөр ачих үед оосорлогчийн орон тоо байхгүй учраас бид ажилтнуудаа мэргэшүүлж, чадамжийн гэрчилгээ олгон, эрхийг нь үүсгэж, технологийн дагуу аюулгүй ажиллагааг хангуулан ажиллуулдаг. Алслагдсан өртөөнд ажиллаж байгаа хамт олон нэг нэгнээ орлож, олон талын мэдлэг, ур чадвартай байж гэмээнэ ажлаа саадгүй явуулдаг. Манай замчдын хөрвөх чадвар, дадлага туршлага өндөр гэж хэлж болно. Ажлын ачааллаа бодоод замчдыг ээлжийн амралтаа I, IV улиралд ав гэж хэлдэг. Нэг хэсэгт 8-9 замчинтай. Ангийн хэмжээнд 75 замчинтай.  Найман мастер, есөн бригадын дарга, найман жолоочтой. Замын инженер, техникийн ажилчид арван хүний бүрэлдэхүүнтэй.

 

-2026 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

 

-Энэ жил 15000 бетон дэр, 5000 модон дэр солихоор төлөвлөсөн. Хэрэв жилдээ 20000 орчим дэрийн хангалт авдаг тогтолцоо бүрдвэл хурд бууруулахгүйгээр хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэж тооцож байна. Мөн балластыг эрүүлжүүлэх, бохирдлыг бууруулах ажил нэн шаардлагатай байгаа.

 

-Та Баянтүмэн тасагтаа олон жил удирдлагаар ажилласан хугацаанд ямар ахиц гарсан бэ?

 

-Би 1992 онд замчнаар ажлын гараагаа эхэлж, мастер, бригадын дарга, инженерээр ажилласан. 2012 оноос хойш Замын V ангийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд гол замаа Р-50 болгож шинэчиллээ. Өртөөний замуудыг шат дараатай хүчитгэсэн. Тууш дүнз, тусгаарлагч уулзваруудыг шинэчилсэн. Замын техник, багаж хэрэгслийг шинэчилсэн. Замын байдал өмнөхөөсөө эрс сайжирсан. Удирдлагаар ажилласан хугацаанд дэр мод солилт, зам хүчжүүлэх ажилд ахиц гарсан. Материалын хангалт тогтвортой боллоо. Замын техникийн байдал сайжирлаа. Хүний нөөцийн хомсдолтой ч хамтын зохион байгуулалтаар ажлыг гүйцэтгэж байна. Цаашид хүний нөөц бүрдүүлэх, тор засагчийн орон тоог сэргээх, балластыг эрүүлжүүлэх, зам төмрийг солих ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна.

 

-Байгаль цаг уурын эрсдэл хэр нөлөөлдөг вэ?

 

-Манайх тал хээрийн бүсэд байрладаг. Шуурга, их цас, хээрийн түймэр, үерийн усанд угаагдах эрсдэл бий. Түймрээс хамгаалах зорилгоор хавар, намар зогоон татах, шуудуу ухах, далан босгох ажлыг тогтмол хийдэг. Зарим газарт 3-6 метрийн зурвас татдаг ч хүчтэй салхи шуургатай үед хангалтгүй байх тохиолдол бий. Нийт 19 гарам, 99 хоолой, дөрвөн гүүртэй. Тусгай гүүрийн замчин байхгүй тул замчид давхар гүйцэтгэж байна.

 

-Сүүлийн жилүүдэд дэрийн аж ахуйн ажлын явц, чанарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

 

-Ер нь жилээс жилд дэрийн аж ахуйн ажил мэдэгдэхүйц сайжирч байна. Замын балл өндөр байдаг ч манай дэрийн аж ахуйн үзүүлэлт 40–50 хувьд хүрч, харьцангуй өндөр хувьтай явж байна. Балл буурч байгаа нь бидний хийж байгаа ажлын үр дүн гарч байгааг илтгэж байгаа.

 

-Өмнөх онуудтай харьцуулахад ажлын нөхцөл байдал хэр сайжирсан бэ?

 

-Урд жилүүдэд 123 км-т хурд буулгасан байдалтай ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, замын байдал хангалтгүйгээс хурдны хязгаарлалтад орсон гэсэн үг. Харин өнөөдөр жилдээ 20000 ширхэг дэрээр хангалтаа бүрэн авч чадвал хурд бууруулахгүйгээр хэвийн горимоор ажиллах боломж харагдаж байна. Өнгөрсөн жил хангалт сайн хийсэн нь бидэнд бодит дэмжлэг болсон.

 

-Төлөвлөгөө, гүйцэтгэлийн хувьд ямар хүндрэлүүд гарч байна вэ?

 

-Жил бүр төлөвлөгөө өндөр батлагддаг ч гүйцэтгэлийн шатанд материалын хангалт бага ирж байсан. Үүнээс болж ажлын явц саарах тохиолдол гардаг байлаа. Тиймээс Баянтүмэн тасгийг материалаар таслахгүй байх тал дээр анхаарч, тодорхой шийдэлд хүрсэн.

 

-Дүнз болон бусад материалын хангалтын талаар?

 

-2024 онд нэг ч дүнз сольж чадаагүй. Энэ нь бодит хүндрэл байсан. Харин 2025 онд Замын алба зохих хэмжээний дүнзээр хангасан нь ахиц болсон. Цаашдаа дүнзний хэрэгцээ байсаар байна, бүрэн шийдэгдээгүй асуудал хэвээр байгаа.

 

-Техник, үйл ажиллагааны нөхцөл хэрхэн сайжирч байна вэ?

 

-Сүүлийн жилүүдэд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Орчин үеийн цахилгаан багаж хэрэгсэл авсан, машин техникийг үе шаттай шинэчилж байна. Орон нутагтаа зорчигчийн хоёр вагоноор долоо хоногт хоёр удаа үйлчилдэг. Мөн ачаа-зорчигчийн галт тэрэг явдаг.

 

-Цаашдын зорилго, анхаарах асуудал юу байна вэ?

 

-Хүний нөөцөө бүрдүүлэх, балластыг эрүүлжүүлэх, зам төмрийн хүчитгэлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Материалын хангалтыг таслахгүй байх бодлого баримталж байна. Манай хамт олон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хамтын хүчээр ачааллаа даван туулж ажиллах болно. Балластыг эрүүлжүүлэх ажил зайлшгүй шаардлагатай. Манай замд 1987-1989 онд анх хэсэгчлэн их засвар хийсэн. Гэвч чигжээсний бохирдол 50-60 хувьд хүрсэн байна. Энэ нь замын даац, тогтвортой байдалд шууд нөлөөлж байгаа тул анхаарах шаардлагатай асуудал гэж үзэж байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.