Үүрийн шаргал гэгээнээр Улаанбаатар хотоос гурван автомашин хөлөглөн зүүн зүг хөдөллөө. Ийнхүү УБТЗ-ын захиргаа, Ахмадын холбоо, Залуучуудын зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилтны холбооноос хамтран зохион байгуулдаг “Гурван үеийн чуулга уулзалт”-ыг энэ удаа илүү онцгой зохион байгуулахаар Багануур, Баянтүмэнийг зорьж буй нь энэ юм. Багийн бүрэлдэхүүнд Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, МУГТ Ю.Идэрчулуун, удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ядамсүрэн, ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны гишүүн Н.Зина, Ш.Мөнгөнбаганa, Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүн буюу энэхүү багийг ахалж яваа Д.Цолмон, дэд тэргүүн П.Баяржаргал, Залуучуудын зөвлөлийн ажлын албаны гишүүн Г.Бүрэн-Итгэл, Б.Баасандэлгэр, Б.Уранцацрал болон Ахмадын холбооны “Хос уянга” цахилгаан хөгжмийн хамтлагийн уран бүтээлчид, сэтгүүлч миний бие багтлаа.

            Их ажил Багануур зангилаанаас эхлэх тул өглөөний нартай уралдан Багануур өртөөнд дөрөө мултлахад зангилааны дарга Н.Алтанхуяг тэргүүтэй аж ахуй нэгжийн удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төмөр замчид тосов. Уулзалтын эхэнд Залуучуудын зөвлөлийн 2022 оны тайлан, 2023 оны ажлын төлөвлөгөө”-г Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргал, “Замын даргын А/01 тоот тушаал буюу оны тэргүүн зорилт”-ыг Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн орлогч дарга П.Цолмон нар танилцууллаа. Түүнчлэн, уулзалтын үеэр Багануур зангилааны залуучууд сонирхсон асуултдаа хариулт авч, цаашид хамтын ажиллагаагаа улам нягтруулж, хойшдын бүхий л амжилтыг гурван үеийн төмөр замчид нэгэн сэтгэл, зүтгэлээр бүтээнэ гэдгийг онцоллоо. Тухайлбал, Булагтай зөрлөгт байгаа Ахмадын холбооны харьяаны газар дээр захиргаа, залуучууд хамтран мод тарихаар тохиров. Мөн зангилааны залуучуудын салбар зөвлөлөө шинэчлэн байгуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэдгээ дуулгасан юм. Ийнхүү тус зангилаанд гурван үеийн төмөр замчдын уулзалт амжилт дүүрэн болж, Ахмадын холбооны уран бүтээлчид тоглолтоо толилуулсан юм.             

Их үдийн хэрд аяллын баг хөлгийн жолоогоо Баянтүмэн тасгийн зүг заллаа. Зорьсон ажлын эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болсон ч маргаашдаа хэн юунд анхаарах, илүү сайжруулах боломж өөр юу байгаа зэрэг дүгнэлтээ хийцгээн ярилцаж, мөнхүү замын турш дуу хуур болсоор явав. Замын уртад залуусын хөгжөөн цэнгээн, инээд хөөр дунд явсаар нэг л мэдэхэд Дорнод аймагт хүрч, аян замын алжаалаа тайлан амарцгаалаа.

Зун, намрын улирал сан бол өглөө эрт сэрэхэд Хэрлэн гол шуугьж сонсогддог бол харин одоо аймгийн төвийнхний аж амьдралын чимээ сонсогдох ажээ. Бид өглөө цайлчихаад тасгийн спорт заалыг зорив. Уулзалтын үйл ажиллагаа тоглолт, нийтийн бүжиг, сургалт гээд өргөн хүрээнд болох учир ийнхүү зай томтой хэмээн спорт заалыг сонгосон хэрэг. Баянтүмэн тасгийн дарга П.Түвшинжаргал албан ёсоор нээж хэлсэн үгэндээ гурван үеийн уулзалт өмнө нь хэд хэдэн удаа тус тасагт болж буй ч жилээс жилд улам цар хүрээгээ тэлж, залуучууддаа бүрэн хүрч ажилладаг болсоор байгааг онцоллоо. Мөн “Улс орны хөгжил дээшилж, шинэ төмөр замуудын сүлжээ өргөжихийн хэрээр Баянтүмэнчүүдийн сэтгэлийн гэрэл улам асаж байгаа. Бид удахгүй Сайншандад галт тэргээр шууд хүрнэ гэдэгт итгэдэг” хэмээсэн юм. Үнэхээр УБТЗ-ын төдийгүй улс орны эдийн засаг сайжрахын хэрээр хүссэн хүсээгүй энэ ажил биеллээ олно, тэр бүү хэл төмөр замчдын цалин хангамж, ахуй амьдрал ч ойрын хугацаанд илүү сайжирна гэсэн төсөөлөл байгааг Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, МУГТ Ю.Идэрчулуун хэлсэн билээ. Ер нь, гурван үеийн уулзалтыг дарга, ажилтан гэж ялгахгүйгээр, зөвхөн гурван үеийн төмөр замчид уулзаж, ахмадуудаасаа туршлага судалсан, суралцсан нээлттэй өдөрлөг болж байгаад буйдхан зөрлөг, хэсгүүдээс ирсэн төмөр замчин залуус баярлаж байв. Учир нь, “Энэ бол ямар нэгэн хариуцлага тооцох гэсэн албан хурал, Замын даргын үзлэг биш. Бүх хүн ижил тэгш оролцож, залуусын болоод төмөр замынхаа хөгжлийн төлөө юу хиймээр байгаагаа Замын захиргаанд дайх, мөн бусдаасаа суралцах, хамтдаа дуулж бүжиглэх чөлөөт уулзалт шүү” гэдгийг Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүнүүд онцолсон юм.

 

Гурав дахь өдрийн уулзалтыг Д.Пүрэвжаал даргатай Эрээнцав өртөөнд зохион байгуулахад ч залуус сэтгэлээ нээж, баярлаж талархсанаа чөлөөтэй илэрхийлж байлаа. Уулзалтыг Чулуунхороот сумын Соёлын төвд хийсэн бөгөөд тус төвийн эрхлэгч нь “Төмөр замчдын уулзалт ямар сайхан болдог юм бэ. Энд дарга нар нь байгаа ч залуучууд биеэ огт барихгүй, чөлөөтэй оролцож байна. Ахмадууд нь яасан ч авьяастай юм. Та бүхнийг хараад сэтгэл маш их хөдөллөө. Сумын иргэд, удирдлагуудаас оролцуулж төмөр замчдаас туршлага судлуулмаар байж” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Эдгээр өдрийн уулзалт бүхний дараа залуучуудад тусгайлсан сургалтыг Хувь хүний хөгжлийн Академийн сургагч багш нар “Стрессээ удирдах нь”, “Бүтээлч сэтгэлгээ” зэрэг сэдвээр орлоо. Ийнхүү наран ургах зүгийн төмөр замчид уулзалт, сургалт, ахмадын тоглолтод сэтгэл нь дүүрч, “Та бүхэн минь зуны дэлгэр цагт нэг дахиад ирээрэй” хэмээсээр үлдлээ.

            Дорнодын тал цэлийсэн их цастай ажээ.

            Тэндээс бид цас шиг цагаан сэтгэлтэй буцав аа.

 

М.НАРАНБОЛД