Саяхан Дархан өртөөний 75 жилийн ой болж тэмдэглэж өнгөрлөө бололтой. Дархан өртөө бол зөвхөн УБТЗ-ын төдийгүй улс Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэртэй хамт олон шүү дээ.
Төр олон нийтийн зүтгэлтэн хөдөлмөрийн баатар Д.Мөнхөө гуай надад ярихдаа 1960 онд биднийг сангийн аж ахуйн ургац хураахаар явж байхад энд Найрамдалын Дархан хот босно гэсэн бичигтэй том пайз хатгаастай байсан гэж дурсаж байж билээ.
Бүр 1947 онд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн элчин Приходов, МПС-н ерөнхий инженер Гильнер нар шинээр баригдах төмөр замын замнал тогтоож явахдаа энд ирээдүйн цахилгаан станц байгуулагдана гэж бас газар тогтоосон юм гэнэ лээ.
Дархан хот байгуулагдахын өмнө Дархан зөрлөг өргөжиж өртөө болж Дархан-II өртөө байгуулагдаж улмаар салбар замууд үүсэж цемент, шохой мэт барилга барилгын материалын үйлдвэр, нэхий эдлэл, оёдол, хүнс гэх мэт Монгол улсын аж үйлдвэрийн том төв Монгол зөвлөлтийн найрамдлын бэлэг тэмдэг болсон Дархан хот сүндэрлэн боссон билээ.
Их бүтээн байгуулалтын ажил хийхийн тулд эхлээд төмөр замаа барьдаг. Түүний үзүүр дээр хөгжил бий болдог жамтай юм.
Вокзал чинь хүмүүс галт тэргэнд сууж явдаг, ирдэг тийм газар шүү дээ. Орос хүний хувьд бол дайны жилүүдэд эр нөхөр, эцэг эхээ дайнд мордуулдаг, мөн дайнаас амьд үлдсэн нь эргэж ирдэг үүгээрээ баяр гунигийг тээдэг, санагдуулдаг баяртай ч юм шиг, хөнгөн гунигтай ч юм шиг газар шүү дээ. Энэ тухай Дарханы вокзалын төсөл зургийг зурж бүтээсэн одоо би авторын нэрийг санахгүй байна. Тус вокзалын гадна дотно ханан дээр өнгө өнгөөр мозайкилж үлдээсэн уран гоёмсог сийлбэр байдаг шүү дээ. Энэ яах аргагүй вокзал гэдэг газрын тухай орос хүний хийсвэрээр бодож бодитоор бүтээсэн эд гэлтэй. Манай Дархан өртөөнд олны дунд болон төмөр замдаа нэрд гарсан Дархан өртөөний дарга Лхан-Аажав, Дархан II-н дарга Цэдэнбал, МЧ-н дарга Цэнд, өртөөний дарга асан Чойхорлоо, өртөөний жижүүр Гончиг, Бүрдковский, Баажийхүү, үйлдвэрчний хорооны дарга Мэндбаяр нарын зэрэг олон сайхан хүмүүс ажиллаж байсан.
Одоо Удирдах газрын урд талын Төмөр замын сайчуудын хүндэт самбар дээр шилдэг дарга гэж гаргаж ирье гэж шийдээд түүгээр анх Дархан өртөөний дарга Лхагвасүрэнг тодруулж тавьж байж билээ. Гэх мэтээр Дархан өртөө төмөр замын ажлыг олон юмаар өнгөлж явдаг л даа. Ингээд тус өртөөний хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш
