Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн Ням гаригт “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан төв оффиссын газар хэлтэс, нэгжийн дарга нартай уулзан тус байгууллагын бүтэц орон тоог дахин цомхотгох, ажил үүргийн хуваарилалт, зорилго чиглэлийг илүү тодорхой болгох, ажлын бүтээмжийг сайжруулах чиг үүргийг өгөв.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалттай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол гарсантай холбогдуулан ЗТЯ-наас салбар бүрт төрийн өмчит компаниудыг нэгтгэх, бүтэц орон тоог цомхотгож, үр ашигтай ажиллуулах өөрчлөлтүүдийг эрчимтэй хийсэн. Мөн энэ тушаал шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн бүтцийг 950 хүний орон тоотой байхаар баталсан.
”Монгол төмөр Зам" ТӨХК одоогоор найман газар, 17 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагт 776, төв оффист 174, гэрээт ажилтнаар 238 хүн ажиллаж байна. Энэ бүтэц бүрэлдэхүүн нь “Хэлдэг гурав, хийдэг ганц” гэдгийн үлгэрээр ажлын үзүүлэлт, үр ашигтайгаа нийцэхгүй байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хатуухан шүүмжилж, "МТЗ ТӨХК-д өнөөдөр зургаан хүн тутамд нэг дарга байна. Төв оффист нь 174 алба хаагч ажиллаж байна. Дарга нарынх нь тоо олширч бүтэц нь данхайсан. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн энэ бүтэц бүрэлдэхүүн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраасаа илүү томорсон байна” гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад бүтэц бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт оруулж, ирэх долоо хоногт танилцуулах, алба хэлтсийнхээ тоог цөөлж, ажилчдынхаа 40 хувийг орон нутагт шилжүүлэн ажиллуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс ажилчдаас нэг ч хүн халахгүй, зөвхөн дарга нараасаа эхэлж танахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хатуу сануулсан юм.
