Нүүр Ярилцлага Д.Амарбаясгалан: УБТЗ энэ онд гадаад худалдааны 22 сая тонн ачаа тээвэрлэнэ
Ярилцлага

Д.Амарбаясгалан: УБТЗ энэ онд гадаад худалдааны 22 сая тонн ачаа тээвэрлэнэ

G.Press 1 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Амарбаясгалантай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн онд Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх хүндтэй цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

 

-Баярлалаа. Анх Москвагийн төмөр замын дээд сургуулийг төгсөж ирээд Толгойт өртөөнд ачаа тээврийн дагалдан пүүлэгчээр ажилд орж, УБТЗ-ын өртөө зөрлөгүүдэд бүх шатны мэргэжлийн ажлаа хийн техникийн шалгалтаа өгч албан тушаал дэвшин ажилласаар өнөөдөр төрийн дээд шагнал авсандаа маш их баяртай байгаа. Энэ шагнал зөвхөн миний гавьяа биш, олон мянган төмөр замчдын минь нийлмэл хөдөлмөрийн үр дүнгийн шагнал юм. Тэр тусмаа галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажиллаж байгаа төмөр замчдын хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж “Гавьяат тээвэрчин” хэмээх хүндэт цолоор шагнасан гэж бодож явдаг тул энэ ташрамд мэргэжил нэгт төмөр замчдадаа, ОХУ-ын мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.

 

-“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн”-ийг УБТЗ ХНН саяхан Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулахын ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ. Зөвлөгөөнд оролцсон төмөр замуудын төлөөлөгчид ам сайтай буцах шиг боллоо. Таван өдөр үргэлжилсэн олон улсын ийм арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаас эхлээд дуусах хүртэл та бүхэн их ачаалалтай ажиллав уу?

 

-Энэ зөвлөгөөн нь цар тахлаас хойш зохион байгуулагдсан анхны томоохон олон улсын арга хэмжээ тул Замын удирдлага болон ЗТЯ ихээхэн ач холбогдол өгсөн. Зөвлөгөөнийг зохион байгуулахаар Замын даргын тушаал гарч бэлтгэл ажил 2024 оноос эхэлсэн. Миний бие Замын даргын тушаалаар ерөнхий зохион байгуулалтыг хангаж, Гадаад харилцааны, Маркетингийн, Замын даргын ажлын, Тээвэр зохион байгуулалтын зэрэг албад төлөвлөгөөний дагуу ажлуудыг амжилттай зохион байгуулсан. УБТЗ-ын хувьд олон улсын томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай тул зөвлөгөөн өндөр түвшинд болсон гэж дүгнэж байна. Зөвлөгөөнд оролцсон 11 орны 100 гаруй төлөөлөгч ч сэтгэл хангалуун байсан. Талуудтай гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцохоос гадна Монгол Улсын эдийн засагт нэн чухал ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр мөн хэлэлцсэн.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын V хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэхээр тохиролцсон гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/-ны хэмжээний биелэлтийг хэлэлцэж, энэ онд тээвэрлэх гадаад худалдааны  ачааны хэмжээгээ тохиролцлоо. Мөн энэ онд төмөр замын олон улсын харилцаанд тээвэрлэхээр тохиролцсон ачааны тээвэрлэлтийн нөхцөлийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү зөвлөгөөнөөр УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээг өсгөхөөр зөвшилцөж тохирсон нь УБТЗ бүс нутгийнхаа тээвэр логистик, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж байна. Зөвлөгөөний үеэр зөвшилцөж тохиролцсон ачааг төлөвлөсөн хэмжээнд тээвэрлэхийн тулд УБТЗ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хөрш орнуудынхаа төмөр замуудтай нягт хамтран ажиллана. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнг тус байгууллага “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.

Монгол Улсаар буюу УБТЗ-ын төв коридороор дамжин өнгөрөх Азиас Европ, Европоос Ази руу чиглэх транзит ачаа тээврийн урсгал нь дэлхийн олон орны эдийн засагт чухал нөлөө үзүүлж байдаг. Товчхондоо, Монгол Улс төмөр замын тээврийн, эдийн засгийн гол судас, Ази Европыг холбосон хамгийн дөт зам гэж тодорхойлж болно. Тиймээс цаашид өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж, хөрш төмөр замууд боломж шийдлээ нэгтгэн, нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Энэ ч үүднээс ачааны хэмжээ тохиролцох олон улсын зөвлөгөөн нь зөвхөн өмнөх жилийн гүйцэтгэл, энэ жилийн төлөвлөгөөг яриад зогсох бус, урт хугацааны хөгжлийн зураглалыг, бодит байдлыг олон талаас нь тунгаан хэлэлцдэгээрээ онцлогтой.

 

-Энэ удаагийн зөвлөгөөнөөр УБТЗ-аас хөрш төмөр замууддаа ямар асуудлыг тавьж, харилцан тохиролцоонд хүрч чадав?

 

-Зөвлөгөөнд оролцсон 11 улсын Афганистан, Беларусь, Вьетнам, Ирак, Казахстан, Хятад, Солонгос, Монгол, Туркменистан, Узбекстан хоорондын нийт 130.0 сая тонн орчим ачааг тээхээр тохиролцсон. Энэ онд УБТЗ гадаад худалдааны 22 сая тонн ачаа тээвэрлэхээр болсон. Тодруулбал, дамжин өнгөрөх ачаа 5.5 сая, экспортын ачаа 11.8 сая, импортын ачаа 4.7 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэнэ. Өнгөрсөн онтой харьцуулахад тээврийн хэмжээ 6.3 хувийн өсөлттэй байхаар тохирлоо.

-           Хилийн Замын-Үүд–Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар ачаатай галт тэрэг, БНХАУ руу буцах хоосон чингэлэгтэй галт тэрэг Хятадын талд хүлээлгэн өгөх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг Хятадын төмөр замуудад зөвлөгөөний үеэр тавьж харилцан санал солилцож протоколд тусгасан. 

-           Вьетнамын төмөр замын болон Хятадын төмөр замын төлөөлөгчидтэй БНСВУ-аас БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Монгол Улс руу (мөн буцах чиглэлд) 30.0 мянган тонн цагаан будаа болон бусад ачааг тээвэрлэхээр талуудтай хэлэлцэж, Хятадын төмөр замаар тээвэрлэх дамжин өнгөрөх ачааны хэмжээнд тусгуулсан.

-           Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг вагон, чингэлгээр хилийн Эрээн өртөөгөөр тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар хоёр талт уулзалтыг зохион байгуулах тухай саналыг Хятадын талд тавьсан. Гэвч энэ асуудал нь Хятадын төмөр замуудын хамрах хүрээнд хамаарахгүй, гааль болон хяналт шалгалтын газруудын хамрах хүрээний асуудал гээд дээрх төрлийн ачааг хүлээн авахаар захиалга өгч буй байгууллагыг хүлээн авагч талын гаалийн байгууллагад хандахыг зөвлөсөн.

-           УБТЗ ХНН болон “РЖД” НХН хоорондын хоосон болон ачаатай вагоныг “цаасгүй технологиор” тээвэрлэх ажлыг зохион байгуулахад талууд 2025 онд EDI систем ашиглан мэдээлэл дамжуулах үйл явцыг төгөлдөржүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр тохирлоо.

-           Талууд энэ онд “РЖД” НХН болон УБТЗ ХНН хоорондын Наушки, Сүхбаатар болон Соловьевск, Эрээнцав хилийн өртөөдөд илгээх өртөөнд бүрдүүлсэн галт тэрэг дамжуулалтын цахим падаан солилцооны ажлыг үргэлжлүүлэхээр тохирсон.

-           БНХАУ болон Монгол Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг цаасгүй технологи ашиглан гүйцэтгэх, мөн сар болгон тээврийн хэмжээ тохирох үйл явцыг цахимжуулах зэрэг асуудлаарх олон улсын ачаа тээврийн мэдээлэл солилцооны чиглэлийн мэргэжилтнүүдийн хурлыг энэ оны II улиралд багтаан зохион байгуулахаар талууд тохиролцсон.

-           ОХУ-аас болон Европын орнуудаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ хүрэх чингэлгийн галт тэрэгний ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад буулгалтаас суларсан хоосон чингэлгийг ОХУ руу тээвэрлэх ажлыг зохион байгуулах, мөн буцах чиглэлд тогтоосон журмын дагуу Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу ачаатайгаар тээвэрлэхээр талууд тохиролцсон.

-           Оросын төмөр замууд, УБТЗ, Хятадын төмөр замууд ОХУ-аас Эрээн өртөө хүртэл Монгол Улсаар дамжин өнгөрөх ургамлын тосны үр болон бусад үр тарианы төрлийн ачааг биг-бег шуудайнд савлаж (1.5 тн-оос ихгүй) поддон болон доторлогоо хийсэн битүү вагон, 20 ба 40 футын чингэлэгт тээвэрлэхээр тохиролцлоо.

-           Монгол Улсаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Казахстан улс руу (мөн буцах чиглэлд) ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, мөн төмөр замын шинэ чиглэл үүсгэх асуудлаар гурван талын уулзалт хийхээр талууд санал солилцож тохиролцсон.   

 

-Экспорт, импорт, транзит ачаа гээд тус бүрдээ өсөлттэй байхаар тохиролцоонд хүрэх шиг болсон?

 

-Тиймээ, импортын тээврийн хувьд 2024 оны гүйцэтгэлээс 10 хувь орчим илүү хэмжээний ачаа тээвэрлэнэ. Экспортын тээврийн хувьд өнгөрөгч оноос 138.5 мянган тонноор буюу 1.2 хувиар илүү ачаа тээвэрлэхээр тохирсон. Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг 2024 оны гүйцэтгэлээс дөрвөн хувиар илүү ачаа тээхээр тохирсон.

 

-Ачаа тээврийн захиалга өссөөр байгаа ч нөгөө талд нь манай тээх нэвтрүүлэх хүчин чадлын хязгаар гэж бий. Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил ямар ажлууд хийх вэ?

 

-УБТЗ-ын гол шугамын нэвтрүүлэх чадвар нь 19 хос галт тэрэг, тээх чадвар нь 34.1 сая тонн байна. Замын хойд хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг саадгүй зохион байгуулах нэвтрүүлэх чадварын нөөц боломжтой. Урд хэсгийн Олон-Овоогоос Шаргын-Овоо өртөө хүртэл хөдөлгөөний эрчим өндөр байгаа тул нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр тодорхой санхүүжилт төлөвлөн зам шинэчлэлт хийх, өндөр хүчин чадалтай шинэ зүтгүүр худалдан авах, өртөө, зөрлөгийн зам сунгах, алсын удирдлагатай зөрлөг барих, хоёр дахь зам барих, гүүр хоолой шиэнчлэх,   дохиолол холбооны шинэ систем нэвтрүүлэх зэрэг ажлыг тогтмол хийдэг. Энэ онд 50 км замд их засвар, шинэчлэлт хийнэ. Үүнд: Багахангай-Мааньт, Цагаанхяр-Чулуут, Сүхбаатар-Дулаан хоорондын 34 км зам шинэчилнэ. Мөн Олон-Овоо-Айраг хоорондын замд хийнэ.

Өртөө Оорцог-Энгэр зөрлөгийг өргөтгөж, Сайншанд өртөөний зорчигчийн тавцанг сунган гэрэлтүүлэг нэмнэ. Бор-Өндөр өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд холбоно. Мөн хөдлөх бүрэлдэхүүний засварын хүрээнд гэвэл Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний цахилгаан машин засварлах цех барина. Есөн зүтгүүрийг  БАБС /Бүхээгийн аюулгүй байдлын системээр/-аар тоноглоно. Түүнчлэн, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг Эрээн өртөөтэй холбох, нарийн царигийн паркийг хөгжүүлэх, цахилгаан төвлөрүүлэлтэд шилжүүлэх, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн боловсруулах чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөсөн. Улмаар өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахаар хос замтай болох шаардлагатай байна.

 

-УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх ёстой гэж харж байна вэ?

 

-Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсгийн 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн гуравдугаар хуралдааны /Улаанбаатарт болсон/ протоколын дагуу УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр гурван улс харилцан тохиролцсон байдаг. Манай төмөр зам тээх нэвтрүүлэх чадварынхаа дээд цэгт тулсан учир нэн тэргүүнд хос зам барих зайлшгүй шаардлагатай.  Бид УБТЗ-ын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг өнгөрсөн онд боловсруулан ЗТЯ-нд танилцуулсан. Энэхүү ТЭЗҮ-ийг 2025 онд багтаан эрх бүхий байгууллагаар баталгаажуулах  ажлыг одоо хийж байна. 

 

-Энэ жилийг УБТЗ “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Хөдөлгөөн болон ачаа тээврийн чиглэлээр ажиллаж буй төмөр замчдын тогтвор суурьшил ямар байгаа вэ. Энэ чиглэлээр барьж буй бодлого?

 

-УБТЗ 16000 орчим ажилтантай. Үүнээс галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой 12.208 хүн ажиллаж байгаа нь нийт ажилтны 77.1 хувийг эзэлж байна. Энэ оны зорилт нь цагаа олсон шийдвэр гэж харж байгаа. Замын даргын А/01 дүгээр тушаалын хүрээнд есөн дэд зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар нэгдсэн төлөвлөгөө гаргасан. Дэд зорилтууд хэрэгжиж эхэлснээр одоо мөрдөж буй дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, мөн зарим нэг шинэ журам ч гаргана. Ингэснээр бид ажиллах хүчний хомсдол үгүй болно. Одоо ажиллаж байгаа ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл нь сайжирна гэж харж байна. Төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилд төмөр замчдынхаа цалин хөлсийг 36.2 хүртэлх хувиар нэмж, 13 дахь сарын цалинг жил бүр 200 хувь олгож байна.  Үүнээс гадна говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгодог болсон.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан эхчүүдэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгож эхэлсэн. Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн орон сууцанд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Зүүнхараад 80 айлын ипотекийн орон сууц барьсан. Энэ онд Улаанбаатар /95 айлын/, Замын-Үүд /108 айлын/, Сайншанд /180 айлын/-д тус тус барих ипотекийн орон сууцанд төмөр замчдаа хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн, ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж давтан сургах, мэргэжилтэй ажилтны болон инженер техникийн ажилтны мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтыг Хүний нөөцийн албатай хамтран тогтмол зохион байгуулж байгаа. 

 

-УБТЗ-ын тээврийн тарифыг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа индексжүүлснээр бид алдагдалтай биш ашигтай ажиллаж, улмаар төмөр замаа хөгжүүлэх боломж гарч ирнэ гэж найдаж байна. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?    

 

-УБТЗ ХНН-ийн үндсэн орлогыг зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас бүрдүүлдэг. Зорчигч тээвэрлэлт нь орон нутгийн ба олон улсын харилцааны, ачаа тээвэрлэлт нь дамжин өнгөрөх ба орон нутгийн харилцааны гэж ангилагдана. Орон нутгийн харилцааны ачаа тээвэрлэлтийн алдагдлыг бууруулах зорилгоор 2021-2025 оны дунд хугацааны тарифын бодлогыг манай эдийн засагчид, санхүүчид холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран боловсруулсан. 2019-2021 онд зарим бүлгийн ачаа тээврийн тарифыг 3-10 хувиар ердөө хоёр удаа индексжүүлж байсан. Харин 2022-2025 онд үе шаттайгаар нийт зургаан удаа индексжүүлснээр алдагдалтай байсан тээврийг ашигтай хэмжээнд хүргэж, нийгэмлэгийн санхүүгийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн. Тухайлбал,

-2022.03.27-ны өдрөөс 16 нэр төрлийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 6.64-7.21 хувиар индексжүүлсэн.

-2022.11.01-ний өдрөөс экспортын дөрвөн нэр төрлийн ачаа тээврийн тарифыг 15-20 хувь, зорчигч тээвэрлэлтийн тарифыг 50 хувиар индексжүүлсэн.

-2022.12.04-ний өдрөөс орон нутгийн харилцааны нүүрс тээврийн тарифыг 18 хувиар индексжүүлсэн.

-2023.07.01-ний өдрөөс найман нэр төрлийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 4.6-50.1 хувиар индексжүүлсэн.

Мөн орон нутгийн болон олон улсын харилцааны зорчигч тээвэрлэлтийн тарифыг тус тус 50 хувиар индексжүүлсэн. Ингэснээр зорчигч тээвэрлэлтийн орлого 11.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.  2023 онд нефтийн бүтээгдэхүүн, хүнсний ачаа, орон нутгийн нүүрснээс бусад бүх бүлгийн тээврийн тариф алдагдалгүй болсон.

-2024.01.04-ний өдрөөс найман бүлгийн ачааны тээвэрлэлтийн тарифыг  10.0-16.0 хүртэлх хувиар индексжүүлсэн.  

-2025.01.01-ний өдрөөс 12 бүлгийн ачааны тээвэрлэлтийн тарифыг индексжүүлсэн.  

Үүний үр дүнд УБТЗ-ын тээвэрлэж буй ачааны 1/3 хувийг эзэлдэг орон нутгийн нүүрсний тээврийн тариф алдалгүй болсон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нефть, хүнсний ачаанаас бусад бүлгийн ачааг алдагдалгүй тээвэрлэж байна.

 

-Зорчигч тээврийн тухайд?

 

-УБТЗ-ын зорчигч тээвэрлэлтийн тарифыг 2022-2023 онд хоёр удаа 50, 50 хувиар ШӨХТГ-ын зөвшөөрлийн дагуу индексжүүлсэн. 2022 онд зорчигч тээвэрлэлтээс 64.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Тарифыг индексжүүлснээр 2023 онд алдагдлыг 25 тэрбум төгрөгөөр бууруулж 39.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Мөн орон нутгийн харилцааны зорчигч тээвэрлэлтийн алдагдлыг бууруулах зорилгоор төрөөс дэмжлэг, татаас авах талаар холбогдох тооцоо судалгааг хийж ЗТЯ болон Сангийн яаманд удаа дараа хүргүүлэн ажиллаж байна.

УБТЗ-аар үйлчлүүлэгч иргэд зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Вокзалын хонгилон гарцанд урсдаг зам суурилуулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэхүү урсдаг замыг -40 хэмийн хүйтэнд хэвийн ажиллахаар тооцож, өндөрлөсөн тавцангийн давчуу зайд хийснээрээ онцлог юм.  Мөн вокзалын нэг давхарт байрлах зорчигчдод үйлчлэх танхимыг 207 сая төгрөгөөр засварлан сайжруулж дуудлагын систем, зорчигчдын үйлчлүүлэх тавцан шинээр хийсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Вокзалын тээшийн хэсгийг төвийн халаалтын шугамд 88.2 сая төгрөгөөр шинэчилсэн нь ажилтнуудын ажиллах орчин, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 2023-2024 онд зорчигчийн галт тэрэгний цагаан хэрэглэлийг 100 хувь шинэчилсэн. Мөн зорчигчийн вагоны нэг удаагийн аяганы загвар, стандартыг шинэчлэн өөрчилсөн. Аяга халахгүй, таглаатай тул асгарахгүй давуу талтай болсноос гадна цай кофены төрлийг нэмэгдүүлсэн.

 

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.