Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэг. Баянбуурал амралтын газрын угтах үйлчилгээний ажилтан эмэгтэйн ааш ааль сайтай бүсгүйг Д.Алтнаа гэдэг. Тэр огт зүгээр суудаггүй, үргэлж хөдөлж, үйлдэл хийж харагддаг. Чаргаар гулгахаар гарах хүүхдүүдийг халамжилна. Нэг харахад шал арчиж харагдана. Эсхүл гаднаас орж ирэх ажилтандаа анхаарал хандуулна. Энд ирсэн амрагчид түүнийг андахгүй эгч дүүс мэт харилцана. Арга ч үгүй биз ээ. Түүний амьдрал Баянбуурал амралтын газартай салшгүй холбоотой. Д.Алтнаа 39 жилийг энд өнгөрүүлж, энэ амралтын хөгжил цэцэглэлт, өгсөж уруудах аль ч үед нь ажилласаар ирсэн. Хэдийгээр 2019 онд тэтгэвэртээ гарсан ч гэртээ тогтож сууж чадсангүй, олон бужигнасан хамт олондоо буцаад иржээ.
Д.Алтнаа 1966 онд Сэлэнгийн Зүүнхараа суманд төрж, Мандал сумын төмөр замын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Олон түмэн цугласан сайхан дэнж дээр гоё амралт байгуулагдсан байна гэсэн яриа сонсогдож, 1986 оны хавар Баянбуурал амралтын газрыг зорьж ажилд орсон байна. Д.Алтнаа, “Төмөр зам зарчимтай газар. Олонтойгоо харьцаад бужигнаж байх нь жаргалтай, хамт олонтойгоо жаргал зовлонгоо хуваалцана. Бид хүнээс үг сонсдог үеийнхэн. Муухан ах дүүс хамаатан саднаас дээр. Өөрт оногдсон ажилдаа эзэн нь болж ажиллах нь аз жаргал юм. С.Додной, С.Довдон, Ц.Цэрэндорж, Д.Ганбат гээд үе үеийн дарга нар их бүтээн байгуулалтыг хийсэн. Төмөр замчид хөнгөлөлттэй амардаг үед замчид их амардаг байлаа. Одоо төмөр замчдын амралт гэлтгүй улс орон даяар мэддэг амралт болсон. “Баянбуурал” талх амралтын брэнд бүтээгдэхүүн. Т.Саранзаяа ээжээсээ өвлөж авсан талхны жор 2003 онд чанарын гэрчилгээ авч байсан. Намайг анх ирж байхад өвлийн амралтын байр ашиглалтад орж байлаа. Хаянхярваа даргын үед амралт улирлын чанартай зун ажилладаг байсан. 1988 онд өвлийн байр ашиглалтад орсон. С.Додной дарга уран бүтээлч хүн учир Баянбуурлын тухай дуу хийсэн. Д.Ганбат дарга их бүтээлч сэтгэлгээтэй. Спорт заал баригдсанаас хойш семинар уралдаан тэмцээн энд хийгдэж байна. Хойд урд замын бүсийн тэмцээн болж, өдөртөө 1000 хүн хүлээн авсан. Өвөл 170, зундаа 500 орчим хүн хүлээн авна. Манай тогооч нарын ур чадвар өндөр. Амт чанартай хоолоор амрагчдаа дайлна. Бие биеэ хүндэтгэнэ. Туршлага суралцана. Дагаад л дагалдуулаад л хамтраад хийдэг. Өөрсдөө цагаан идээгээ боловсруулж, өвөл нь аарц, чацарганаар витаминжуулна. Үе үеийн дарга, нягтлангууд их сайн ажилласан. Манай амралтад өвөө эмээ, аав ээж, үр хүүхэд, ач зээ гээд бүгд л ирж амрах дуртай. Америкт амьдарч байгаа ч багаасаа хүүхэд маань энд амарч байсан. Ээжээ, ааваа нөгөө газраа амарна гээд л зориод ирнэ. БНСУ-д амьдарч байгаа шүүгч А.Жаргалсайхан гуай Баянбууралдаа амарчихаад буцахгүй бол нэг л юм дутагдаад байдаг юм гээд л ирнэ. Миний ханийг М.Жаргалсайхан гэдэг. Баянбуурал амралтын газар, ”Ганзам” сонинд ажиллаж байсан уран бүтээлч хүн бий. Гэрэл зураг ч сонирхоно. Баянбуурал амралтын тухай олон сайхан шүлэгтэй. МУГЖ Х.Болормаагийн дуулдаг “Хань” дууны шүлгийг бичсэн” хэмээн ажил, амьдралынхаа замнал, амрагчид, амралтынхаа тухай ярихад сэтгэл нь ихэд хөдөлсөн харагдсан.
Д.Алтнаа өөрөөсөө илүүтэй бусдын тухай л ярих аж. Байгууллагынхаа хоёр удаагийн аварга, “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин” тэрбээр төмөр замынхаа цэнхэр цамц, үйлчилгээнийхээ халаадандаа хайртай, өмсөх дуртай хэмээн бахархаж байв.
Олон жилийн тэртээ төмөр замчдын “Хайрын цагаан уул” яруу найргийн наадамд М.Жаргалсайханы “Хань” шүлэг тэргүүн дэд байрт шалгарч байв.
“Зүрх жаргаасан хайраар
Зүүдээ гоёж
Зүснийх нь гэгээнд
Зүгээ олсон хань минь… /Хань/. Энэ шүлгийг гэргий Д.Алтнаадаа зориулжээ.
...Нар туссан тэнгэрийн цэнхэр уул
Найраг шүлэг хөгжөөсөн төгс хийморь нутаг
Шувууд чуулсан хаврын нуур шиг
Шуугиан тасардаггүй, уянга дууны эгшиг цангинасан
Учрал ерөөлийн Баянбууралдаа ажиллаж, амьдарсаар сууна.
П.Түмэндэмбэрэл