Манай улсад хотын дайтай цөөн хэдхэн сум байдгийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа юм. Зүүнхараа нь төмөр замын босоо тэнхлэгийн үндсэн маршрут дайрч өнгөрдөг давуу талаараа үйлдвэрлэл болоод хүн ам төвлөрсөн суурин билээ. Энэ л сайхан нутгийн унаган иргэн, төмөр замчны мэргэжлийг удам дамжин өвлөж, Зүүнхараа өртөөндөө 33 дахь жилдээ ажиллаж байгаа тээшийн нярав Д.Алтанцэцэг хэмээх бүсгүйтэй уулзаж ярилцах боломж тохиосон юм. Түүний даруу, хичээнгүй, ажилдаа тууштай нэгэн болох нь үйл хөдлөл, ярианаас анзаарагдана. Аав Ц.Даваа нь УБТЗ-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт 40 жил, ээж Б.Аюуш нь төмөр замын эмнэлгийн гал тогоонд насаараа ажиллаж гавьяаныхаа амралтыг эдэлцгээжээ. Тэрбээр аав ээжээсээ наймуулаа бөгөөд ихэнхи нь төмөр замчин болцгоожээ.
Д.Алтанцэцэг Мандал сумын орос II сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж 1990 онд төгсжээ. Тухайн үед сумын Хөдөлмөр хамгааллын нийгэмлэгээс төмөр замын өртөөнд ажлын тоо гарсныг мэдсэнээр Зүүнхараа өртөөнд буудлын жижүүрээр 1992 онд анх ажилд оржээ. Талбайн цэвэрлэгч, өртөөний жижүүр, пүүлэгчээр ажиллаж байгаад тээшийн нярвын ажлыг 25 жил тасралтгүй хийж байна. Ажиллах явцдаа мэргэжил дээшлүүлэх дамжаанд хамрагджээ. Түүний ажил өглөөний 07:30 цагаас эхэлж, гадаа тээшинд байгаа ачааг нэг бүрчлэн нэр устай нь тулгаж аваад олголтоо хийнэ. Иргэдээс ирсэн ачаанд бичиг баримт үйлдэж, хүлээн авч хиллэж, чиглэл бүрт хүлээлгэж өгнө. Д.Алтанцэцэг “Энэ олон жил ажиллах явцад туршлага дутах, воганы эд ангиа мэдэхгүй хөглөх, ачаа тээшээр элдвийн зүйл тээвэрлэгдэх, зарим хүмүүсийн ааш авирыг тэсвэрлэх зэрэг олон бэрхшээлтэй тулгарна. Тэр бүрт алхам алхмаар урагшилж, суралцсаар ирсэн. Ажлын хамт олон, гэр бүлийн хүнийхээ тус дэмээр ажил мэргэжилдээ өсөж, улам дурласаар ирсэн. Пүүлэгчээр ажиллаж байх үед нүүрс ачсан вагон дээр нэг эгч гарчихсан. Би сандарч “Эгчээ буугаарай, вагон хөдөллөө” гэхэд “Тор барьсан надтай хэрэлдэж байхаар тонн тонноор хулгайлж байгаа хүмүүстэйгээ хэрэлд” гээд бууж өгдөггүй. Нэг удаа нохойн гөлөгнүүдийг шуудайлаад амыг нь боогоод тээшинд өгчихсөн байсан зэрэг хөгтэй, хөгжилтэй зүйл их тохиолддог. Манай эндэхийн дэлгүүрийнхэн анх түрдэг тэргээр бараагаа зөөж байсан бол одоо супермаркет болтлоо өргөжсөн нь төмөр замын буян. Ковид, малын шүлхий өвчин гарсан ч манай тээш л зогсолтгүй ажилласаар ирсэн. Төмөр зам ард иргэддээ ээлтэй, дэмжлэг туслалцаа үзүүлдэг, би ажлаараа бахархдаг” гэж өгүүлж байв.
Түүний нөхөр Д.Баатар ч бас Зүүнхараадаа төрж өссөн, удам дамжсан төмөр замчин. Галт тэрэгний холбогч, найруулагчаар 29 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарчээ. Гэрт муудалцах эсвэл асуудал үүссэн ч ерөөсөө тэр нөхөртэйгөө муудалцдаггүй. Учир нь нөхрийнх нь ажил минут, секундээр хэмжигддэг. Найруулагч сэлгээг удирдана. Аль болох унтуулж амраах, хувцсыг угааж, цэвэрхэн явуулахад анхаарч, ажлын гологдол дутагдал гаргачихгүйн төлөө хоёул хичээж ажиллажээ. Тэдний хичээл зүтгэлийг ч үнэлжээ. Д.Алтанцэцэг 2013 онд “Онц хөдөлгөөнчин”, 2023 онд “Тэргүүний төмөр замчин” болсон бол Д.Баатарыг “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнажээ. Д.Алтанцэцэг “ Би нөхрөөрөө бахархдаг. Учир нь “Онц хөдөлгөөнчин” “Тэргүүний төмөр замчин” тэмдгийг сарын дотор авсан. Ийм тохиолдол байдаггүй гэсэн. Миний нөхөр үүрээр сэлгээ, бэхэлгээ хийж явахдаа суудлын вагоны дугуйнд гологдол илрүүлсэн юм. Өртөөнийхөө 70 жилийн ойгоор “Төмөр замчны Алдар” тэмдэг гардаж авсан. Хоёулаа бахархах зүйлтэй төмөр зам гэдэг их айлын буяныг эдэлж байна даа” гэж сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ярих түүнийг сонсоход бахархалтай санагдаж байлаа. Тэд хүү охин хоёртой. Том охин нь эмчийн мэргэжил эзэмшиж, хүү нь МУИС-ийн III дамжаанд суралцдаг. Ах дүү олуулаа өссөний ач тус их. Ээлжинд ажилдаа явах үедээ охиноо том эгчдээ захиж орхино. “Моносхон” цэцэрлэгийн багш мэргэжилтэй эгчийнхээ тусламжийг чамгүй хүртжээ. Ажлын хажуугаар соёл урлагийн арга хэмжээг ч үл орхигдуулна. Д.Алтанцэцэг хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлж байгаагаа төмөр замын буян гэж бодож, баярлаж дотроо залбирч явдаг. Өөрсдөө мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй учраас хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаарч хүслээ биелүүлжээ. Нөхөр нь спортоор тэргүүлж, эхнэр нь дуулж, бүжиглэн хамт олны зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоор иржээ. Хүүгээ урлагийн хүн болно гэж бодож байсан ч өөр мэргэжил эзэмшихээр суралцаж буй гэнэ. “Моносхон” цэцэрлэг хүүхдийн авьяасыг багаас нь нээж өгдөг тул “Гэгээн алсын одод”, “Авьяаслаг Сэлэнгэчүүд” уралдаанаас нь хүү “Авьяас” алтан медаль хүртэж, “Ритм” хамтлагийг долдугаар ангидаа байгуулж, цахилгаан гитар дардаг, “Хараацай-7” чуулгын гоцлол бүжигчин болж шаггүй авьяаслаг гэдгээ баталсан нэгэн.
Д.Алтанцэцэг илүү дутуу зүйл бодолгүй ажилдаа сэтгэлээсээ хандаж, хүүхдүүдийнхээ хичээл номонд анхаарч, чөлөөт цагаараа ногоогоо тарьж, хувийнхаа хэрэгцээг бүрэн хангаад илүүчилж борлуулна. Нэг их ашиг олохгүй ч хавар ногоогоо тарьж, намар боловсруулна. 18 нэр төрлийн нарийн ногоо тарьж даршилдаг, ажилсаг гэрийн эзэгтэй. Ажлын хамт олон нь худалдаад авчихдаг. Сайншандаас хүртэл захиалдаг гэсэн шүү.
Дуудах нэр, дуурсагдах алдартай явна гэдэг сайхан. Төмөр замд ажилласны буянд бид хоёр 2024 онд ашиглалтад орсон орон сууцнаас хоёр өрөө байр худалдан авч, ая тохитой амьдарч байна. Төмөр замаас хөнгөлөлт үзүүлсэнд баярлалаа. Хамт олондоо үргэлж баярлаж явдаг шүү гэж талархлаа илэрхийлж байсан юм.
П.Түмэндэмбэрэл
