Монгол-Оросын найрамдлын сарыг тохиолдуулан сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Хоёр орны нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, залуу ажилтнуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үндсэн зорилго нь чиглэсэн тус тэмцээнийг  Замын даргын ажлын алба, Залуучуудын төв байгууллага, “Замчин” спорт хороо хамтран зохион байгуулсан юм. Тус тэмцээний нээлтийн ёслолд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, тэргүүн Ц.Золбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга А.Энх-Амгалан нарын удирдлагууд оролцож, тамирчдад амжилт хүсэв. Мөн эрэгтэй 24, эмэгтэй 18 багийн 150 гаруй тамирчин залуус оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

        Ийнхүү төмөр замчин залуусын дунд хоёр өдрийн турш гал гарсан тоглолтуудаас эрэгтэй төрлийн тэргүүн байрыг ЦХОБА-ны баг, дэд байрыг Дархан татах хэсгийн баг, гутгаар байрыг Зорчигчийн вагон депогийн баг тус тус эзэллээ. Мөн эмэгтэй төрөлд Чойр өртөө, Замын I анги, Зорчигчийн вагон депогийн багууд эхний гурван байрыг эзэлсэн юм. Түүнчлэн, энэ удаагийн тэмцээний “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор Зүүнхараа Гал унтраах ангийн гал сөнөөгч Д.Гансүх, “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор  Шивээ-Овоо өртөөний тооцооны техникч Н.Оюунтүлхүүр нар тодорлоо.

            Тэмцээнд орос мэргэжилтний баг оролцож нөхөрсөг тоглолт хийсэн, Залуучуудын төв байгууллага өөрөө баг гаргаж оролцсон, албан ёсны нээлтийг зүтгүүрчин залуусаас бүрдсэн амьд хөгжмийн хамтлаг хийсэн гээд сонин содон үйл явдлууд ч ихтэй байлаа. Мөн дээрх тэмцээний хаалтын үеэр УБТЗ-ынхаа төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд алдаршуулж яваа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин 2023 оны Азийн наадмын хүрэл медальт ,Улаанбаатар татах хэсгийн туслах машинч  М.Өлзий-Оршихыг УБТЗ-ын “Тэргүүний залуу” шагналаа шагнаж, 2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг хамгаалагч, Улаанбаатар татах хэсгийн ХАБЭА-н инженер Т.Мэндбаярт Залуучуудын төв байгууллага хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардуулав.