УБТЗ-ынТөв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгээс дараах тодруулгыг авлаа.
-Өнөө жилийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээ хэдэн хувьтай үргэлжилж байгаа вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгт оны эхнээс батлагдсан хуваарийн дагуу өдөрт 50 төмөр замчин үзлэгт орж байна. Нэгдүгээр сард Зорчигчийн вагон депогийн 1258 төмөр замчин үзлэгт хамрагдаж, 99.6 хувьтай дууслаа. Мөн Зам засварын машинт станц, Төв засварын үйлдвэр, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны агуулах, АТҮТ, Толгойт өртөө, Толгойт ТҮГ зэрэг байгууллагуудынхан үзлэг, оношилгоонд хамрагдаж байна. Энэ жилийн үзлэгийн явцаас харахад, манай төмөр замын байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнууд манай эмнэлэгтэй уялдаа холбоогоо сайжруулж, ажилтнуудаа маш эмх цэгцтэй илгээж байгаа. Энэ нь бидний ажилд тус дэмтэйгээс гадна ажиллагсад нь эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжоор хангагдаж байгаа юм. Хувь хүмүүс ч мөн хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдлыг ойлгож байгаа нь сайшаалтай хэрэг.
-Шугам замын урьдчилан сэргийлэх үзлэг хэзээ эхлэх вэ? Өмнөх үзлэгийн үр дүнгийн талаар ямар дүгнэлт гарсан бол?
-Урд, хойд шугам зам дахь үзлэгийг 5-6 болон 9-10 дугаар саруудад “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв аялах үеэр зохион байгуулна. Өнгөрсөн оны есдүгээр сард “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв замын хойд хэсэгт 21 хоног ажилласан. Төв эмнэлгийн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэг, кольпоскопи, ариутгал, лаборатори, эрт илрүүлгийн их эмч, сувилагч гээд нийт 22 эмч, эмнэлгийн ажилтан үзлэг шинжилгээ, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Үүнд, хамрагдвал зохих 4318 хүнээс 3851 хүн хамрагдаж, үзлэг 89 хувьтай гарсан.
-Төмөр замчдын эрүүл мэндийн үзлэгийн чанар эн тэргүүн асуудал шүү дээ?
- Тиймээ, төмөр замчид эрүүл мэндийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо хийлгэх нь хамгийн чухал. Үзлэгийн явцас харахад, үний нөөцийн ажилтан, эмнэлгийн байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч, ажиллагсдын ухамсар дээшилсэн байна. Өнөөгийн байдлаар, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдсан. Хүйсээр нь ангилбал, эрэгтэй 424, эмэгтэй 252 байна. Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн. Үүн дотроос хавдрын сэжигтэй тохиолдлыг авч үзвэлнийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулснаа схоёр хүн хавдрын сэжигтэй гарлаа.31 наснаас дээш нийт 320 хүнийг ходоодны дурангийн шинжилгээнд хамруулж, эдийн шинжилгээ авсан. Үүнээс ходоодны хавдар батлагдсанхоёр тохиолдол илэрсэн.Хөхний хавдрын сэжигтэй нэг тохиолдол байна.
- Төмөр замчид ямар өвчинд илүү өртөмхий байна вэ?
- Хамгийн элбэг тохиолдож буй нь хоол боловсруулах замын эмгэг. Энэ нь, нийт илэрсэн өвчлөлийн 40 хувийг эзэлсэн. Үүнээс ходоодны үрэвсэлт өвчин 29, элэг цөс нойр булчирхайн эмгэг 14.4, ходоодны шарх 3.2, зүрх судасны эмгэгүүд, даралт ихсэх өвчин 22.5, хөхний үүсгэвэр 3.8 хувийг тус тус эзэллээ. Бөөр шээсний замын эмгэгүүд 8.5, бамбайн зангилаа 7,0 хувиар удаалж байна. Ер нь, хойд замд, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр шийдвэрлэн илгээснээс гадна зарим хүнийг дараалалд оруулсан. Хөдөлгөөний бус ажилд тэнцэх нэг, хугацаа заасан нэг, ажлын нөхцөл өөрчлөх, анхаарал татсан зургаан хүн гарсан. Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэж, 13А маягтаар дараагийн шатлалын эмнэлэгт илгээсэн.