Иргэдийн дунд цусаа хандивлах тухай ойлголт харьцангуй бага, цусны донор болох нь бусдад тус болохын тулд болон нийгэмд хандсан сайн үйлс гэсэн хандлага түгээмэл. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэйчүүд гурван сард нэг удаа цусаа өгөхөд тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, энэ хугацаанд хүний цус хангалттай төлждөг ажээ. Байнга цусаа өгдөг доноруудын эрүүл мэндийн боловсрол бусдаас илүү байдаг нь эрүүл аж төрөх, өөрийгөө өвчин эрсдэлээс сэргийлэх талаар байнга мэдээлэл авч байдагтай холбоотой. Судалгаагаар цусны донорууд зүрх судас, хавдраар өвчлөх нь эрсдэл бага байдгийг тогтоожээ.
Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ховор бүлгийн цустай хүмүүс төрдөг
Судалгаагаар резус сөрөг бүлгийн цустай хүмүүс Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймагт олон байдаг аж. Булган аймгийн зарим сумдад резус сөрөг цустай хүмүүсийн тархалтыг тодруулахад Увсаас нүүж Булганд нутагласан айлуудын хүүхдүүдийн дунд илэрч байгааг тогтоожээ. Харин Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудад бага хувьтай байгаа нь тухайн үндэстэн, ястны удам зүйн онцлогтой холбоотой гэж судлаачид тайлбарласан байна. Тухайн газар нутаг, үндэстэн угсаатны онцлогоос хамааран цусны ховор бүлгүүд байдаг. Иймд дэлхийн улс орнуудын цусны албад хоорондоо мэдээллээ солилцдог бөгөөд тухайн улсад ховор бүлгийн цустай хүнд тохирох бүлгийн цус олдохгүй тохиолдолд улс хооронд солилцох гэрээ хэлцэл хийдэг байна.
III бүлгийн цустай бол та тачаангуй, идэвхитэй, хүчтэй, бүтээлч нэгэн
Цусны бүлэг нь хүний зан авирын олон нууцыг нээж өгдөг ажээ. Японы профессор Токеши Фурукавагийн 1930 онд хийсэн судалгаагаар адил бүлгийн цустай хүмүүс ойролцоо төрлийн зан авиртай байдаг ажээ.
I (О) бүлгийн цус
I бүлгийн цустай хүмүүс өөртөө итгэлтэй, өөдрөг, сэтгэлээр унах нь бага, бусдаас хараат бус, зөн билиг сайтай хүмүүс байдаг. Ажлын байр, амралтын үеэр ч манлайлах шинж чанар нь үргэлж давамгайлж байдаг. Амар тайван байдлыг илүүд үздэг бөгөөд ямар нэг хэрүүл маргаан үүсэхэд өөрөө буруугүй ч түрүүлж уучлал хүсдэг. Тэд маш найрсаг ямар ч хүнтэй эвтэйхэн харилцаж найз нөхөд болж чаддаг. О бүлгийн цустай хүний хажууд үргэлж хүмүүс цугларч байдаг нь хүнийг өөртөө татах ямар нэгэн увидастай. Аливаа зүйлийг томоор хардаг, жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй. Мөн асуудал гарахад маш хурдан шийдвэр гаргаж чаддагаараа бусад бүлгээс өөр. Хэн нэгэн найз нөхөд нь тусламж дэмжлэг хүсвэл ажлаа орхиж, туслахаар явах тийм сайхан сэтгэлтэй хүмүүс.
II (А) бүлгийн цус
II бүлгийн цустай хүмүүс онцгой зан чанартай. Тэд үнэнч, бүтээлч, мэдрэмтгий, тэвчээртэй, нууцлаг, хариуцлагатай, хэрсүү, бодлогошронгуй хүмүүс. Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, арга заль хэрэглэх дургүй. Ажил гүйцэтгэхдээ жижиг алдааг ч гаргахгүйгээр сайн төлөвлөж чаддаг. Тиймээс тэд ажлын байранд хамгийн их итгэл хүлээдэг хүмүүс юм. Тэд зөрүүд, жижиг зүйлд санаа зовниж, сэтгэл нь түгшдэг сэтгэл хөдлөл ихтэй. Хүнтэй анх уулзсан үед өөрийн талаар ярих дургүй, сэрэмжилсэн байдал гаргадаг. Харин танилцаад удсаны дараа өөрийн дотоод сэтгэлээ ил болгодог. Ер нь анх уулзсан үеийн сэтгэгдлээс огт өөр хүмүүс. Эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлагад их анхаарал хандуулдаг, бусад хүмүүс өөрийг нь хэр үнэлж байгаа эсэхэд санаа зовнидог онцлогтой. Үзэл бодлоо ил гаргадаггүй, харин бусдын үзэл бодлыг аялдан дагах хандлагатай байдаг. Тэд ямар ч зүйлийг сайн төлөвлөж хийдэг, өөрийн ч бусдын ч үнэт цагийг “үр дүнгүй өнгөрөөж болохгүй” гэсэн сэтгэлгээтэй.
III (В) бүлгийн цус
III бүлгийн цустай та тачаангуй, идэвхтэй, хүчтэй, бүтээлч нэгэн. Ажил дээр үргэлж шинийг санаачлагч, онцгой сэтгэх чадвартай хүмүүс. Ямар нэгэн зүйлийг бодож тунгаах бус ажил хэрэг болгож, сонирхсон зүйлээ судалж эхэлдэг. Өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнийг ямар ч үнэтэй байсан худалдан авах зан чанартай. Шинэ санаа, ажил эхлүүлэхдээ бүтэлгүйтэхээс айхгүй “шууд туршиж үзсэн дээр” гэсэн үзэл бодолтой. Үзэл бодолдоо хатуу чанга зогсож чаддаг хүмүүс. Өөрийнхөөрөө байх дуртай зан араншинтай. Болзсон цагаасаа хоцрох, сонирхдог зүйлээ хийж эхэлбэл эргэн тойрноо үл анзааран улайрчихдаг. Ааш муутай, сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ ил гаргадаг онцлогтой. Хэрвээ тэдний дургүйг нь хүргэсэн үг хэлбэл уур бухимдлаа шууд илэрхийлдэг. Тэд бүх зүйлд өөрийн хүч хөдөлмөрөөр хүрэхийг илүүд үздэг ч хариуцлагагүй хандлага гаргадаг. Гомдоосон нэгнээ уучлахдаа тааруу, амьдралаа өөрөө удирдаж дадсан. Ийм бүлгийн цустай хүмүүс уян хатан, шинэ зүйлд амархан дасдаг.
IV (АВ) бүлгийн цус
АВ бүлгийн цустай хүмүүс бодол санаагаа хэзээ ч ил гаргадаггүй, нууцлаг хүмүүс юм. Төсөөлөн бодох чадвар өндөр, мэдрэмж сайтай байдаг. Хэт болгоомжилдог тул өөрсдийгөө танилцуулж ил гаргах дургүй. Ялангуяа, анх уулзсан хүнээ сэжиглэн харж зай барьж харьцах хандлагатай, өөрийнхөө тухай ярихаас зайлсхийж, эсрэг этгээдээс асуулт асууж яриа өрнүүлэх сонирхолтой, үрэлгэн байдлыг үзэн яддаг. Бүх зүйл дээр үр ашигтай байдлыг илүүд үздэг, ажлын байран дээр үр ашиггүй байдал гарсан үед уурлаж бухимддаг. Ажлаа солих, шинэ бизнест хүчээ сорих үедээ өөрийн мэдрэмжид тулгуурлан ажилладаг онцлогтой. Хайртай хүнтэйгээ учирвал төсөөлөн бодох чадвар нь идэвхжиж эхэлдэг гэнэ. Цаад хүнийхээ зан ааш, цаашид хосуудын харилцаа үргэлжлэх хугацаа зэргийг нарийвчлан задлан шинжилж, удаан бодож төлөвлөдөг онцлогтой.