Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатартай өнгөрсөн оны амжилт, энэ оны зорилтынх нь талаар ярилцлаа.

 

-Замын-Үүд зангилаа өнгөрсөн онд тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ хэрхэн биелүүлэв гэдгээс яриагаа эхлүүлье?

 

-Нийт уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Улиран одсон 2023 он бол УБТЗ-ын харьяа Замын-Үүд зангилааны нийт төмөр замчид бидний хувьд түүхэн он жил болж өнгөрлөө. Тээврийн өсөн нэмэгдэж буй ачааны хэмжээ оргил үедээ байж  төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 106-170 хувиар биелүүлсэн сайхан жил болсон. 2021 онд УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа 31.2  сая тонн болж дээд амжилт тогтоож байсан бол 2023 онд 74 жилийн түүхэндээ анх удаа 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт хөдөлмөрч эвсэг хамт олны гайхамшигтай түүхэн амжилт байлаа. Тэр дундаа Монгол Улсын урд хил Замын-Үүд зангилаа БНХАУ-ын Эрээн өртөөдөөр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд хилийн өргөн, нарийн царигийн хоёр өртөөгөөр дамжин өнгөрч нэвтэрсэн транзит болон экспортын ачаа бараа 15 сая тонн хүрч түүхэн амжилтыг тогтоосон. Энэ талаар БНХАУ-ын төрийн телевиз, үндэсний сайт цахим орчиндоо зарлан тунхаглаж, баяр хүргэсэн олон контент, сэтгэгдлүүд гарлаа. Замын-Үүд, Эрээн хилийн өртөөд амжилтаа улам бататгаж арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 17.091.016 тонн ачаанд хүргэлээ. Хоёр улсын, тэр дундаа УБТЗ болон Хөх хотын төмөр замын удирдлагууд, мөн хилийн өртөөд ажлыг зөв төлөвлөж, зохион байгуулалтыг оновчтой нарийн тооцож хуваарилан, техник технологийн олон арга хэмжээг цаг алдалгүй авч ажилласны үр дүнд 17 сая тонн ачааг саадгүй найдвартай, түргэн шуурхай тээвэрлэж чадлаа. Энэ бол УБТЗ-ын хамт олон улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө үргэлж хичээн ажилласны нэг илрэл гэж манай хамт олон дүгнэж байна.

 

-Урд хөрштэй галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, дээд амжилт тогтоож байсан. Тэгэхээр галт тэрэг солилцоог цаашид илүү нэмэгдүүлэх талд зангилааны зүгээс ямар зохион байгуулалт хийн ажиллаж байна вэ. Ачилт, буулгалтын үйл ажиллагаа хурдан байх ёстой гээд олон талд анхаарч байгаа болов уу?

 

-Бид маш олон ажлыг Замын удирдлага, албатайгаа хамтарч зохион байгуулсны үр дүнд өндөр амжилттай ажиллалаа. 2023 онд Замын даргыг анх удаа  БНХАУ-ын төмөр замын компаниудын ерөнхий захирал удирдлагууд урьсан. Замын дарга Х.Хэрлэн болон хилийн өртөөний дарга өөрөө очиж нүдээр харан ажлыг судалж үзэх үүрэг даалгавар өгсний дагуу энэхүү түүхэн айлчлалд миний бие явах завшаан олдож, ажлын хэсэгт орж ажилласан. Үнэхээр хөгжиж байгаа улсыг, тэр дундаа төмөр замын салбар нь хэрхэн хурдацтай хөгжиж буйг хажуугаас нь харах сайхан боломж гарсан. Айлчлалын үед БНХАУ-ын баримталж буй бодлого “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд, мөн гурван улсын хооронд транзит коридори гээд томоохон бодлогын хүрээнд хийх тээвэр болон бүтээн байгуулалтын ажлууд маш том жин дарах хэмжээний төлөвтэй байгааг олж харсан. 2023 оноос энэ бодлогын томоохон ажлууд бодитой эхэлсэн гэж би харж байгаа. УБТЗ-ын хувьд Монгол Улсын Засгийн газар, чиглэл хариуцсан Зам, тээвэр хөгжлийн яамныхаа дэмжлэг туслалцаатайгаар олон улсад болон Монгол Улсын хэмжээнд тээвэрлэсэн ачаа нь 32.4 сая тонн болсныг дээр дурдсан шүү дээ. Евро Азийн хамгийн дөт зам болох манай улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг урд өмнө байгаагүй түүхэн дээд хэмжээнд ингэж хүргэж чадсан нь ОХУ, БНХАУ, Монгол Улс гурван улсын хувьд өмнөө тавьсан дээрх томоохон зорилтуудыг биелүүлж эхэлсэн түүхэн ажлын эхлэл, өрнөл хэсэг боллоо гэж харж байгаа. Хилийн өртөөдийн онцлог бол хоёр томоохон чиглэлээр явагддаг. Нэгдүгээрт, галт тэрэг солилцоо. Замын-Үүд зангилааны нийт  төмөр замчид бид нарийн царигаар БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Замын-Үүдийн нарийн царигийн өртөөгөөр 2022 онд 2527 галт тэрэг хүлээж авч байсан бол 2023 онд 2669 галт тэрэг хүлээн авч, төлөвлөгөөг 106 хувиар биелүүлсэн. Нарийн царигаар орж ирсэн хөдлөх бүрэлдэхүүний вагоны тоог өмнөх онтой харьцуулахад 17997 вагоноор нэмэгдэж ирсэн байна. Энэ нь галт тэрэгний чанар хэрхэн сайжирсныг харуулсан тод жишээ. Өргөн царигаар Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөө рүү 2022 онд 4125 галт тэрэг хүлээлгэн өгч байсан бол 2023 онд 5357 галт тэрэг хүлээлгэн өгсөн. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 1232 галт тэрэг илүү өгч, төлөвлөгөөг 130 хувиар биелүүлсэн үзүүлэлт юм. Өргөн царигаар орж ирсэн хөдлөх бүрэлдэхүүний вагоны тоог өмнөх онтой харьцуулахад 54851 вагон илүү нэмэгдэж ирсэн байна. Энэ мэтчилэн бид хүлээлгэн өгч байгаа галт тэрэгнийхээ чанар дээр онцгой анхаарч, бүрэлдэхүүн дэх вагоны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Замын-Үүд-Эрээний чиглэлд 2023 оны зургадугаар сарын 6-нд УБТЗ ХНН-ийн түүхт 74 жилийн ойгоор өргөн царигаар хоногт 18 галт тэрэг хоёр удаа, 16 галт тэргийг 44 удаа хүлээлгэн өгсөн түүхэн дээд амжилтыг гаргасан. Нарийн царигаар хоногт есөн галт тэрэг нэг, найман галт тэргийг 144 удаа хүлээн авсан амжилтыг манай хамт олон гаргалаа. Замын-Үүд зангилаанд төмөр замын үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуй нэгжийн 1400 төмөр замчин бүгд 2023 онд гаргасан амжилтаа 2024 онд улам бататгаж, хариуцсан чиглэл бүрдээ эзэн нь байж, ажлыг хариуцлагатай гүйцэтгэж ажиллана гэдэгт итгэж байгаа.

 

-Урд хөрштэй харилцан ажиллахад ачаа тээврийнх нь технологи шинэчлэгдэж байна уу. Өнөөгийн байдлаар, ямар түвшинд явна гэж та дүгнэдэг вэ?

 

-Урд хөрш маань ёстой л гэрлийн хурдаар хөгжиж байна даа. Хажуу хаяанд минь сүндэрлэж байгаа Эрээн өртөө өдөр ирэх бүр л хөгжин цэцэглэж байна. Бид тэднээс хоцрох ёсгүй тул 2023 онд Замын дарга болон холбогдох алба, хэлтэс хамтарч Замын-Үүд зангилааг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа тооцоог хийж, гүйцэтгэх ажлуудаа эрэмбэлэн зураг төсвийг нь гаргаж бэлтгэсэн. Замын даргын тушаал гарч комисс томилогдон ажиллаж байна. Замын-Үүд зангилаанд комисс гурван удаа ирж ажилласан. Бид 2024 онд зэргэлдээх төмөр замаасаа хоцрохгүйгээр техник технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг нийт 172.1 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх боломжтойг тооцож гаргасан. Энэ хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бүтээж чадвал бид хүлээгдэж байгаа тээврийн үйлчилгээгээ хүсэн хүлээсэн хэмжээндээ зохион байгуулж чадах юм. Эхний ээлжинд бид Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийнхаа I талбайг өргөтгөх шаардлагатай. Ингэж чадсанаар 1500 чингэлэг хураах буулгах хүчин чадалтай болно. Дараагийн том ажил нь нарийн царигийн өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд холбох. Ингэснээр бид Эрээн өртөөний галт тэрэг боловсруулах хүчин чадалд ойртоно. Тэгэхгүй бол бид өнөөдөр нарийн царигийн өртөөгөөрөө  галт тэргийг гар ажиллагаатай байгууламжаар боловсруулж байна. Энэ нь хугацаа их алддагаас гадна хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг сөрөг нөлөөлөл тэнд оршиж байгааг таслан зогсоох явдал юм. Орчин цагт хүний гар оролцоо багатай дэвшилтэт техник технологи ашиглаж суурилсан тийм л гарц гаргалгаа хамгийн зөв байх болов уу гэж бодож байна. Гуравдугаарт, Бүс нутгийн логистикийн төвд ашиглаж байгаа өргөн, нарийн царигийн хоёр замыг уртасгаж сунгах асуудал. Энэ гурван ажил нэн тэргүүнд эрэмбэлэгдэж байгаа. Цаашид Зүтгүүрийн эргэх депог сунгах, 1109 дүгээр км-ийн гармыг хоёр өөр түвшинд огтлолцуулах, нарийн царигийн өртөөг шинээр барих, шилжүүлэн ачих орон нутгийн III талбайд нэмж хоёр зам барьж, 50 тоннын хоёр кранаар тоноглох, Замын-Үүд-2 өртөөнд галт тэрэг хүлээн авах, явуулах хоёр зам барих, Нарийн царигийн өртөөнд шинээр галт тэрэг хүлээн авах явуулах мөн хоёр зам барих гээд олон ажил бий. Мөн Монгол Улсын хил дээр барьсан гурван замтай зөрлөгийг төвлөрүүлэлтэд оруулж, Замын-Үүд-1 өртөөний Б парк болгож ашиглах, Замын-Үүд-2 болон Шаргын-Овоо зөрлөг хооронд хийсэн 14 км хос замыг төвлөрүүлэлтэд оруулж ашиглах, улсын хил дээр 2023 онд барьж бэлтгэсэн нарийн царигийн хос замыг БНХАУ-ын Эрээн өртөөтэй холбох гэх мэт маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

 

-УБТЗ ачаа тээврийн дээд хэмжээг энэ онд ч давуулан биелүүлэх зорилт тавих байх. Үүнтэй холбоотой танай зангилаа, хэсэглэлийн хэмжээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөв?

 

-Мэдээж бид гаргасан амжилтаа бататгаж давуулан биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно. Замын-Үүд зангилааны хамт олон 2023 онд гаргасан олон түүхэн амжилтаа энэ онд улам ахиулна гэдэгт итгэлтэй байгаа. Тээврийн хэмжээ улам л өсөн нэмэгдэж байна. Бид олон улсад болон дотооддоо хүлээгдэж буй тээврийн захиалгыг боломжтой бүхий л дээд түвшинд хүргэж, хүртээмжээ улам нэмэгдүүлж ажиллах болов уу. Замын-Үүд зангилаанд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг дан ганц УБТЗ ХНН гэхээс илүү миний бодлоор төр засаг анхаарал хандуулах цаг болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ бүх талын дэмжлэгийг үзүүлж 2023 онд тариф нэмэх томоохон ажлыг хамтарч хийж чадсан шиг техник технологийн шинэчлэлд ч гэсэн бид бүхнийг дэмжээсэй гэж боддог. УБТЗ ХНН Замын-Үүд зангилаанд төлөвлөсөн 172.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадвал бидний өмнө хүлээгдэж байгаа тээврийн томоохон ажлууд, мөн төмөр замчдын нийгмийн асуудал гээд маш олон асуудлыг цэгцэлнэ. Бид энэ хөгжил цэцэглэлтэд цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийх ёстой. Гарах үр дүн нь гарцаагүй амжилт байх болно.

 

-Тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Замын бодлогоор нэлээд олон өртөө зөрлөгийн зам, паркийг нэмэгдүүлж, сунгаж байна. Танай хэсэглэлийн хэмжээнд энэ онд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн өртөө, зөрлөг байна уу?

 

-Замын-Үүд зангилааны хэмжээнд Замын-Үүд-1 өртөөний удирдах пульт таблог 1995 оноос хойш солиогүй байсныг 28 жилийн дараа 518 сая төгрөгөөр сольсон. Энэ нь Замын-Үүд-1 өртөөнд хийж байгаа галт тэрэг солилцоо, тээх нэвтрүүлэх хүчин чадал, боловсруулах чадвар техникийн ажиллагаануудыг найдвартай орчин цагийн шинэ технологи хэрэгслээр тоноглон ажиллаж байна. Мөн Монгол Улсын хил дээр гурван замтай зөрлөгийг манай төмөр замчид 2022 онд ашиглалтад гар ажиллагаатай оруулсан шүү дээ. 2023 онд дохиолол холбоогоор тоноглосон бол энэ онд удахгүй Замын-Үүд-1 өртөөний Б парк болгон холбоочид маань хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ашиглалтад орсноор Б паркаар дамжуулан өргөн царигийн галт тэрэг солилцоог 20 галт тэргэнд хүргэж ажиллах боломж бүрдэх юм. Нарийн царигийн өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд оруулж, Шилжүүлэн ачих ангийн зам талбайд төлөвлөсөн хэмжээний бүтээн байгуулалт хийсний дараа солилцох галт тэрэгний тоо эрс нэмэгдэж, хос замаа холбох боломж бүрдэнэ.

 

-Ачаа, тээврийн үйл ажиллагаа зохион байгуулж, амжилтаа улам ахиулахад тулгамдаж буй асуудал өөр юу байна вэ?

 

-Тулгамдаж байгаа асуудлууд бол өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд хийгдэх хөрөнгө оруулалтыг төр засагтайгаа хамтарч хийж чадвал асуудлыг би хүнд гэж харахгүй байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн өртөөдийг өргөжүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй хийгээд явбал багасах бус илүү нэмэгдэх тээврийн ажлыг амжилттай даван туулах болно гэж харж байна. Ачаа тээврийн үйл ажиллагааг хилийн өртөөнд, мөн Шилжүүлэн ачих ангидаа өөрөө явагч ачигч техникийг 2023 онд шинээр авсан. Одоо ч гэсэн шинээр хоёр нэмж ирсэн нь Эрээн хотод гаалийн бүрдүүлэлтээ хийж байна. Энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө нэмж нэг өөрөө явагч ачигч техникийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар Замын захиргаа оруулсан байгаа. Ингэснээр ачилт буулгалтын ажиллагаа эрс сайжирч, ээлжиндээ ачих буулгах ачаа чингэлгийн тоо нэмэгдэнэ. Замын-Үүд өртөөний ажил Шилжүүлэн ачих ангийнхаа ажилтай салшгүй холбоотой байдаг. Хилийн өртөөний онцлог нь өргөн, нарийн цариг шилжүүлэн ачилт хийдэг технологитой. Энэ ажиллагаа аль нэг цэгтээ доголдвол асуудал хүндэрдэг. Тийм хүндрэлийг гаргахгүй байхыг хичээн ажиллаж байна. Хүндрэл үүсгэхгүй байх талд ч Замын захиргаа маш сайн анхааран ажиллаж байгааг энд онцолъё.

 

-Таны хувьд зангилааны дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Анх ажил хүлээж авсан цагаас өнөөг хүртэлх ажлаа дүгнээд үзвэл хэр амжилттай ажилласан байна вэ?

 

-Миний бие анх 2019 онд Замын даргын тушаалаар Замын-Үүд өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч даргаар томилогдож байлаа. Тэгээд 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Замын даргын Б-1-139 тоот тушаалаар Замын-Үүд өртөөний даргаар ажилласан. Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм. Нэг л мэдэхэд таван жил болох гэж байна. Би анх Замын-Үүд яв гэхэд нь үнэхээр их баярлаж билээ. Яагаад гэвэл, ажил ихтэй том өртөө гэдэг л ойлголт олон жил миний толгойд байсан. Тийм газар ажиллана гэхэд сүрдмээр байсан ч хийж чадвал харин нэр төрийн өндөр асуудал юм билээ. Ажил авсан цагаас хойш би Замын-Үүд зангилаа гэх их айлын хөдөлмөрч, эвсэг хамт олны хүч дэмжлэгээр өнөөдрийг болтол сайхан ажиллаж байна. Тэр дундаа хамт олноо энэ ташрамд магтмаар байна. Бид 2019 оноос хойш олон саад бэрхшээл, хүндрэлийг хамтдаа амжилттай давж туулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед улсын урд хилд тээврийн салбарт ганцхан төмөр замын салбар ажиллаж байсан шүү дээ. Хариуцлагатай тэр үед би төмөр замчин гэдэг ямар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттай, нэгнээ гэсэн сэтгэлтэй байдаг юм гэдгийг илүү сайн мэдэрсэн. Бид л хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх юм гэсэн сэтгэлээр тэсгим хүйтэнд хоёр ээлж үлдчихээд 14 хоног ар гэрээсээ хол тусгаарласан байранд өдөр шөнөгүй, нойргүй хүчин зүтгэсэн. Миний хувьд ч яг дэргэдээс нь харж, хамтдаа зүтгэж байсан юм. Ер нь, хэр баргийн хүний хийгээд байдаггүй ажлыг миний хамт олон даваад л гарсан. Энэ хүнд цаг үед УБТЗ ХНН-ийн 16000 төмөр замчид бүгд яг ийм нөхцөлд ажилласан. Харин тэднийг улс дурсаагүйд нь би жаахан гомддог л юм. Харин цагдаа, онцгойнхон, эмч нарыг үргэлж магтаж байсан. Тэд ч бас бидэн шиг л ажиллаж, хариуцсан ажилдаа тангараг өргөсөн цэрэг шиг ажиллаж чадсан юм. Улс тэднийг магтаж сайшаасанд баярласан. Төмөр замчид шиг магтаалыг цөөхөн биш маш их сонссонд шүү. Бид эмч, цагдаа, онцгой, хил хяналтын байгууллагын ажилтнууддаа маш их баярлаж байгаа. УБТЗ ХНН-ийн 16000 төмөр замчдаа Монгол Улсынхаа эдийн засгийг аварч, хөл дээр нь тогтоож үлдсэн баатрууд гэж боддог. Замын-Үүд зангилааны нийт 14 аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч нартаа удирдлагын түвшинд үргэлж дэмжиж, алдаа оноог минь дэнсэлж, амжилт ололт бүрд минь хамт байдагт баярлаж явдгаа сониноороо дамжуулан илэрхийлж байна. Мөн зангилааны 1400 гаруй төмөр замчиндаа талархал илэрхийлье. Бид олон ажлыг амжилттай давсан, цаашид ч хамтдаа давсаар байх болно. Одоо бид бүхний өмнө 2024 он гэсэн түүхэн жил зурайж байна. УБТЗ ХНН-ийн маань түүхт 75 жилийн ой тохионо. Тиймээс Замын-Үүд зангилааны нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс бид бүхэн түүхт ойгоо угтаж бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн шинэ дээд амжилтуудыг зөв төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж хамт олныхоо хүч хөдөлмөрөөр бий болгож бэлэг барина гэдгээ илэрхийлж байна.

 

-Заг цав гарган нээлттэй ярилцсан танд баярлалаа. Танд болон танай зангилааны нийт төмөр замчдад ажлын өндөр амжилт хүсье!

 

 

М.Наранболд