Нүүр Сурвалжилга Ц.Шинэхүү: Үндсэн ажилчин болтлоо депогоос олон удаа халагдсан хүн шүү би...
Сурвалжилга

Ц.Шинэхүү: Үндсэн ажилчин болтлоо депогоос олон удаа халагдсан хүн шүү би...

G.Press 9 сарын өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн хос дугуйн засварчин, УБТЗ-ын 2024 оны Замын мэргэжлийн аварга Цагаанцоожийн Шинэхүүг уншигчдадаа танилцуулъя.

 

Тус депод 15 дахь жилдээ ажиллаж буй энэ залуу Зүүнхараагийн унаган хүүхэд аж. Аав нь Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт, ээж нь Төмөр замын эмнэлэгт ажиллаж байсан гэхээр тэр аргагүй удамтай төмөр замчин. Гэхдээ төмөр замчин болсон нь багын хүсэл мөрөөдөл гэхээсээ зурсан зураг төөрөг нь түүнийг төмөр зам руу хөтөлсөн бололтой. Уг нь, дунд сургуулиа дүүргээд ХААДС-д элсэлтийн шалгалт өгөөд тэнцээд авч. Тэгтэл Замын-Үүдэд БОС-ны ангид ажилладаг ах нь түүнийг зуны гурван сар энд ирж ажил хийж, сургалтын төлбөрөө хий хэмээн дууджээ. Тийнхүү урд хилийн боомт Замын-Үүдийг зорьжээ. Гэтэл мань хүн тэндээ бүр таван жил болж, гэргийтэй болоод нутагтаа буцаж иржээ.

Тэрбээр, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид гэрээт ачигчаар ажилд орж бараг тэндээ шингэхийн даваан дээр 2005 оны намар нутагтаа ирсэн гэдэг. Ирээд тогтсон ажил төрөл хайж, тэр зуур янз бүрийн ажил хийж үзжээ. Бүр уул уурхайн компанид ч хэсэг ажиллаж үзжээ. Тэгтэл 2009 оны Ачааны вагон засварын депод ажилладаг нэг найз нь “Депод ажилчин авч байна” гэж хэл дуулгажээ. Тэр үед Ачааны вагон засварын депо БТЕГ ХХК-ний вагонуудыг засварлах гэрээ байгуулж, хүн хүчээ зузаатгах шаардлага үүсэж, түр ажилчин элсүүлж байж. Түүнийг депо дээр ирэхэд 200 гаруй хүн цуглачихсан тэднээс 56 түр ажилчин сонгон шалгаруулж авна гэжээ. Ингээд ажил горилогчид бүгд шалгалтад ороход Ц.Шинэхүү 54-т нь жагсаж, юутай ч депогийн босгоор алхан орсон байна. Анх түр ажилтнаар орохдоо л Хос дугуйн цехэд хуваарилагджээ.

Шинээр ажилд орсон хүмүүсийг нэг сарын сургалтад хамруулж, шалгалт аваад дахин гурван сар дагалдангаар ажиллуулснаар тэр 2010 оны нэгдүгээр сарын 6-нд гэрээ байгуулан жинхэлсэн гэнэ.

Мөн тус депо дээр Оюунтолгойн гэрээгээр мэргэжлийн бус хүмүүсийг гурван сарын түргэвчилсэн сургалтад хамруулахад нь Ц.Шинэхүү вагон-үзэгч засварчингаар суралцаж амжсан гэв. Энэ депогийн босгоор алхсан цагаас энд л тууштай ажиллая гэж бодох болжээ. Гэвч түр ажилчин гэдэг бүр ажилчдаас их онцлогтой. Тэдний ажилтай байх эсэх нь УБТЗ, БТЕГ ХХК хоёрын байгуулсан гэрээний хугацаагаар хэмжигддэг байж. Ц.Шинэхүү “Депогийн үндсэн ажилчин болтлоо би энэ байгууллагаас 5-6 удаа халагдсан шүү. Зарим үед өглөө нь халлаа гэчихээд, орой нь буцаагаад ажилд дуудна. Заримдаа хоёр сар ч гэртээ суусан. Халагдах тушаал өгөхдөө “Гэрээ сунгагдвал дуудна шүү. Удахгүй байхаа” гэдэг байсан юм. Тийм болохоор би ч ийш тийш өөр ажил төрөлд орох тухай огт боддоггүй байлаа. Бид олуулаа баг болж ажилладаг байсан. 8-9 хүн ажилладаг. Тэдэнтэйгээ их дотно болсон. Ажлаасаа халагдсан ч тэр хэдтэйгээ байнга холбоотой хэзээ дуудах бол гээд хүлээж байдагсан.

Ганц би биш гэрээт ажилтнууд бүгд л халагдана. Сарын дараа буцаад дуудагдаад ирэхэд хүмүүсийн тал нь өөр ажил төрөлд орчихсон гээд ирдэггүй байсан. Зарим нь ч “Депогийн тоглоом биш. Яв гэхээр нь явж, ир гэхээр ирдэг” гэж дургүйцээд шууд ажлаасаа гарч байсан. Хос дугуйн цехийнхэн бид 8-9 үүлээ баг болж ажилладаг. Хамт ажилладаг хүмүүстэйгээ ижил дасал болчихсон болохоор би эндээ л ажиллана гэдэг бодолтой явсан болохоор тэр үед сэтгэл буруулаагүй. Тэгж явсаар 2016 онд л үндсэн ажилтан болсон доо. Тухайн үед надтай хамт ажилд орсон түр ажилчдаас депогийн хэмжээнд 2-3 хүн л үлджээ” гэж ярилаа.

Тэрбээр, депогийн үндсэн ажилтан болоод дараа жил нь буюу 2017 онд байгууллагын аваргаар шалгарч байжээ. Түүнээс ч өмнө цехээс нь байгууллагын аваргад тодорхойлж байсан боловч түр ажилтанг шилдэг ажилтнаар шалгаруулах боломжгүй гэж буцаж байсан удаатай гэнэ. Тэгэхээр түүний хичээнгүй хөдөлмөр, тууштай байдал нь мэргэшсэн вагончин болоход нөлөөлсөн байна. 

Тэр “Би Замын мэргэжлийн аварга болно гэж зүүдлээ ч үгүй явсан. 2024 онд байгууллагын аварга болчихоод байлаа. Гэтэл нэг өдөр цехийн мастер маань депогийн засвар эрхэлсэн орлогч дарга өөртэй чинь ярья гэж байна гэв. Орлогч даргатай ярьтал “А.Пүрэвбаатар байцаагч яриарай гэсэн шүү” гэв. Тэгэхээр нь дотроо “За би юу хийлээ” гэж бодогдлоо /инээв/. Энэ жил ч олон баяртай үйл явдал давхацсан сайхан жил гарлаа. Замын мэргэжлийн аварга болоод төмөр замынхаа мэргэжил мэргэжлийн шилдэг ажилтнуудтай Вьетнам руу сайхан аялаад ирсэн. Бүгчим халууныг эс тооцвол үзэж харах зүйл ихтэй дурсамжтай сайхан аялал болсон” гэж даруухан өгүүллээ.

Ер нь, тэр даруу гэхэд дэндүү даруу хүн юм.

Ц.Шинэхүү хос дугуйн бүрэн магадлагаагаар дагнан ажилладаг юм байна. Хос дугуйг таван жил тутам бүрэн магадлагаанд оруулж, бүтэн задалж бүх эд ангийг угааж цэвэрлээд, засвар хийх шаардлагатай бол засварлаад буцааж угсардаг байна.  Тэрбээр, манай депо хос дугуйг өөрсдөө угсардаг болсон нь ёстой том дэвшил. Хамгийн өндөр үр ашигтай төсөл гэж боддог. Өмнө нь бид хос дугуйг Орос руу явуулж их засварт оруулдаг байлаа. Цаг хугацаа, зардал мөнгө их гардаг байсан. Орос руу засварт явуулах хос дугуйнуудаа ачуулах гэж л бөөн ажил ундардаг байсан даа” гэж дурслаа.

Ц.Шинэхүү 2010 онд ууган хүүгээ өлгийдөн авч байжээ. Өдгөө том хүү нь Солонгос улсад сургуульд сурахаар явжээ. Тэднийх таван хүүхэдтэй гэнэ. Говь нутгаас түүнийг дагаж ирсэн гэргий нь таван хүүхдээ өсгөж өндийлгөж гараас гаргаад гурван жилийн өмнөөс сумын спорт ордонд ажиллах болжээ. Аав, ээж хоёр нь гавьяаныхаа амралтыг эдэлж, энх тунх суугаа бол Ц.Шинэхүү ажлын хажуугаар хувийн аж ахуй эрхэлж, хэдэн адуу, үхрээ маллаж, амьдралдаа нэмэр болгоод л байна даа. Үүнээс илүү жаргал юу байх вэ гэж сэтгэл дүүрэн өгүүлэв.

Түүний амжилтын үндэс нь тууштай зан, хичээнгүй хөдөлмөр, үнэнч сэтгэл ажээ.   

 

 

Б.Гүнжинлхам 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.