Энэ сарын эхээр Хятадын CRE галт тэрэг дунд коридороор Туркийн Истанбул хотод амжилттай ирлээ. Истанбулд Хятадаас ирсэн хоёр ачааны галт тэрэг Польшийн Лодз, Унгарын Будапешт хотыг чиглэн хөдөллөө. Галт тэрэгний нэг нь 508 тонн ачаатай Чендүгээс хөдөлжээ. Хятадын Шинжаан бүсийн Алатаугийн давааг дайран, дунд коридороор дамжин Туркийн зүүн хилийн Карс хотод очиход 15 хоногт аялжээ.
Эртний торгоны замын дагуух Карс хот бол түүх, соёлын баялаг өвөөрөө алдартай. Тус хотын дарга Эйюп Сенгул Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Карс хот нь дундад коридорын гол зангилаа болохын хувьд Хятад Туркийн хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийн салбарт чухал хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Азербайжан, Гүрж, Туркийг холбосон, дунд коридорын гол сегментийг бүрдүүлдэг Баку-Тбилиси-Карс төмөр зам нь 2017 онд албан ёсоор ашиглалтад орж, 2024 онд шинэчлэгдэн, өргөтгөл нь дууссанаар коридорын ачаа тээвэрлэх хүчин чадал, өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлсэн аж.
CRE галт тэрэгний өмнөд чиглэл болон Туркийн үндэсний төмөр замын сүлжээг холбосон анхны цэг болохын хувьд "Карс хөгжлийн шинэ боломжийг нээж байна" гэж Сенгул тэмдэглэв. Ирээдүйд ачаа тээврийн хэмжээ өсөх төлөвтэй байгаа тул энэхүү чингэлэг галт тэрэгний үйлчилгээг эхлүүлснээр Карс хотыг логистик, дамжин өнгөрөх тээврийн чухал төв болгон хувиргах болно.
Цаашид Карс төмөр замд суурилсан аж үйлдвэрийн экосистемийг бий болгож, хотын дэд бүтцийг улам бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Хятадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд тус хот гадаадын хөрөнгө оруулалтын журмыг хялбарчилж, илүү шударга, ил тод бизнесийн орчныг санал болгоно.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци
http://www.china-railway.com.cn/english/news/202508/t20250814_147796.html
