УБТЗ-ын Зам засварын машинт станцынхан энэ сарын 18-наас замын дунд засварын ажлыг Замын IV ангийн хэсэглэл Сайншанд-39 дүгээр зөрлөгийн хоорондын замаас эхлүүллээ. Замын IV ангийн хэсэглэлийн 10 км замд дунд засвар хийхээс өнөөдрийн байдлаар байдлаар 7.5 км-т нь засвар хийгээд байна. Ирэх сард Замын III ангийн хэсэглэлд Улхын-Овоо-31 дүгээр зөрлөг хоорондын 5.5 км, 31 дүгээр зөрлөг-Алтганы гол хоорондын 5.5 км замд дунд засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн дунд засварын ажилд ЭЛБ-4с, ВПО-3-3000, ВПРС зэрэг замын машин механизмууд ажиллахаас гадна 70 хоппер вагон балласт тээвэрлэлтэд явж байна. Цонхонд 30 гаран инженер, механизаторууд ажиллаж байна. Мөн өртөө, зөрлөгийн зам уртасгалтын ажлын хүрээнд Цайдам зөрлөгт ус зайлуулах гурван хоолой уртасгах ажлыг энэ сарын 18-наас эхлүүлж, 26-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Зам засварын машинт станцын Салхит дахь Үе угсрах баазад замын ангиудын зуны урсгал засварт шаардлагатай CZ маркийн 15000 төмөр бетон дэрэнд боолт бэхжүүлэхээс одоогийн байдлаар 12000 дэрэнд боолт бэхжүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Мөн их засварын цувааны замчид Толгойт баазад “Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”-ийн замын өргөтгөлд шаардлагатай Р50 зам төмөртэй, модон дэртэй 2.2 км үеийг хадаж бэлэн болгоод байна. Энэ онд их засвар хийхээр төлөвлөсөн Агуйт-Мааньт, Дулаан-Ерөө хоорондын замд тус ангийн инженер техникийн ажилтнууд хэмжилт, судалгааны ажлыг хийж, их засварын ажлын зураг, технологийн процесс боловсруулах ажилдаа ороод байна хэмээн тус ангийн орлогч дарга Т.Пунцаг манайд мэдээллээ.