Хүүхдийн секторын ахлах арга зүйч Ч.Одгэрэлтэй уулзлаа.

 

  - Өнөөдрийн байдлаар, танай харьяа цэцэрлэгүүдэд хүүхдүүдийн ирц хэдэн хувьтай байна вэ?

-Хоёрдугаар сарын 13-ний байдлаар, нийт 4158 хүүхдээс 2506 хүүхдийн ирцтэй байна. Үүнээс өвчтэй гэсэн магадлагаагаар 345, чөлөөтэй 875, тасалсан 432 хүүхэд байна гэсэн мэдээ гарчээ.

-Чөлөө авсан хүүхдийн тоо их өндөр харагдаж байна?

- Тиймээ. Ямар шалтгаантай чөлөө авах ихсэж байгааг тодруулахаар  манай сектороос энэ сард судалгаа  явуулсан. Шалтгаан нь янз бүр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-өөс нэгдүгээр сарын 30 хүртэл сурагчдын амралт үргэлжилснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ үеэр эцэг, эхчүүд цэцэрлэгийн насны дүү нарыг нь хамт амраадаг. Өөр олон хүчин зүйлс ч бий. Тухайлбал, ханиад томуу их, хүүхдээ гэртээ харах боломжтой гэр бүл хүйтэн, ханиад өвчлөл гэх шалтгаанаар  чөлөө  их авч байна.Эдгээр хүчин зүйлийн нөлөөтэй чөлөө авах нэмэгдсэн.

-Цэцэрлэгүүдэд хүүхдийн өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

-УБТЗ-ын нийт 27 цэцэрлэгийн 128 бүлэгт 4181 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Хүүхдийн секторын хувьд хичээлийн жил эхэлснээс хойших буюу есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн өвчлөлийн шалтгааныг тодруулахаар судалгаа хийсэн. Үүнд томуу, томуу төст өвчнөөр 33315, салхин цэцгээр 442, гэдэсний халдварт өвчнөөр 8, шүдний өвчнөөр 151, арьсны өвчнөөр 29, мэс заслаар 18, гэмтлээр хоёр гэхчлэн өвчин тус бүрээр гаргасан. Өнгөрсөн таван сарын хугацаанд хүүхдийн өвчлөл 11 хувьтай гарсан. 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчдын амралт дуусаж, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн ирц өсөж, өвчлөл буурч, нийт  хүүхдүүдийн найман хувийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, гурван хувиар буурлаа.