Нүүр Томилолт Ч.Нямаасүрэн:Төмөр замын салбарт гурван үеэрээ зүтгэж явна
Томилолт

Ч.Нямаасүрэн:Төмөр замын салбарт гурван үеэрээ зүтгэж явна

G.Press 3 сарын өмнө 106 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Төмөр замын ахмад нягтлан бодогч, спортын мастер, олон үеийн хөдөлмөрч гэр бүлийн эзэгтэй Ч.Нямаасүрэн нь 1952 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1970 онд ханиа даган Сүмбэр суманд ирж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Түүний хань О.Одцэрэн нь Сүмбэр суманд Монгол банк, Хөдөө аж ахуйн банкны салбарын анхны захирлаар 30 гаруй жил ажилласан, банк санхүүгийн салбарын нэр хүндтэй зүтгэлтэн байв.

Ч.Нямаасүрэн 1970-1975 онд Чойрын артельд 19 настайдаа нягтлан бодогчоор ажиллав. Тухайн үеийн лам нарын цугларсан артель нь  гутал, төмөр урлал, оёдлын цех бүхий томоохон байгууллага байсан бөгөөд бүх тооцоог сампингаар гар аргаар боддог байв. Нэг бээлий оёход 33 мөнгө, орны цагаан хэрэглэл оёход 12 мөнгө гэх мэт маш нарийн тооцоог сампин дээр бодож гүйцэтгэдэг. Хожим артель Нийтийн аж ахуйн яаманд шилжсэн түүхтэй. Сүмбэр суманд анхны санхүүгийн тасаг байгуулагдахад төсвийн байгууллагуудын нягтлан бодогчоор ажилласан бөгөөд улмаар ажлын шаардлагаар Дорноговь аймгийн Айраг суманд очиж, төмөр замын салбартай амьдралаа холбожээ. Айрагт ачаа тээврийн ажилтан, билет-таваарын ахлах кассир хийж, Төмөр замын техникумын ашиглалтын ангийг дүүргэсэн байна.

Ч.Нямаасүрэн 1982 онд Чойрт эргэн ирж, Замын III ангид орлогч нягтлан бодогчоор томилогдон, давхар Чулуун заводын нягтлан, мастер, жолооч нарын цалингийн тооцоог хариуцан ажиллажээ. Тухайн үед 600 гаруй ажилтантай, ганцхан төмөр тооны машинтай, бусад бүх тооцоог гараар хийдэг байв. Шөнөжин бодож сууснаас болж бие нь халуурч өвдөх үе ч цөөнгүй байсан ч ажлаа хойшлуулах эрх нягтлан бодогчид байдаггүй байв.

1982-1988 онд бүх ашиглалтын хэмжээнд байсан 60 гаруй өртөө, зөрлөгийг арван тулгуур өртөөнд хуваарилж, аж ахуйн тооцоонд шилжүүлэх томоохон ажлыг хийж гүйцэтгэв. 1988 оны хоёрдугаар сарын 1-нд Чойр өртөө тулгуур өртөө болж аж ахуйн тооцоонд орсноор Ч.Нямаасүрэн тус өртөөний анхны ерөнхий нягтлан бодогч болж ажилласан.

Тэрбээр 2008 онд гавьяаныхаа амралтад гарах хүртлээ өртөөний орлогыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах, санхүүгийн сахилга бат, өр авлагагүй тогтвортой үйл ажиллагааг бий болгоход бүх хүчээ зориулсан. Үүний үр дүнд Чойр өртөө санхүүгийн зөрчил, өр авлагагүй ажиллаж ирсэн бөгөөд 2000 онд Замын мэргэжлийн аварга, 1995 онд “Тэргүүний төмөр замчин”, 2006 онд “Хүндэт төмөр замчин” цолоор түүнийг тус тус шагнажээ.

Ч.Нямаасүрэн 1990 оны үед сампингаас тооны машинд, улмаар 2000 оноос компьютерийн систем, олон улсын нягтлан бодох бүртгэлийн программд шилжих үйл явцын анхдагчдын нэг байж, программчлал, балансын шинэ системийг нэвтрүүлэн ажлаа хүлээлгэн өгсөн туршлагатай нэгэн.

Тэтгэвэрт гарсныхаа дараа ч үргэлжлүүлэн ажиллаж, 20 жилийн турш Ахмадын хорооны нягтлан бодогчоор ажиллаж, 2025 онд ажлаа хүлээлгэн өгсөн байна. Нийтдээ улсад 55 жил хөдөлмөрлөсөн ахмад юм. Тэднийх найман хүүхэдтэй, дөрөв нь хүү. Хүү О.Одбат Чойр өртөөнд туслах найруулагч, ач хүү С.Сүхням, хүргэн Х.Дагва нар машинчаар ажиллаж, төмөр замын салбарт гурван үеэрээ зүтгэж яваа. Ээж нь тав дахь үеэ үзсэн 94 настай буурай бий.

Ч.Нямаасүрэн спортын салбарт ч онцгой гавьяатай. Тэрээр ханьтайгаа волейболын спортын мастер цолтой, гэр бүлээрээ волейбол тоглодог уламжлалтай. Одоогоор тус гэр бүлээс волейболын 11 мастер, дэд мастер төрсөн бөгөөд зээ охин С.Будсүрэн “Тэнүүн-Огоо” лиг, Азийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Говьсүмбэр аймагт анхны гэр бүлийн волейболын тэмцээнийг санаачлан 15 дахь жилдээ зохион байгуулж байна.

Ахмадын хороондоо санхүүгээ хариуцахын зэрэгцээ спорт хариуцсан тэргүүлэгчээр ажиллаж, 400 гаруй ахмадын эрүүл амьдралын төлөө явган аялал, софт волейбол, граунд гольф, дартс, шатар, даам, хийн дасгал зэргийг хуваарьтайгаар зохион байгуулж ирсэн. Өөрөө явган аяллын дэд мастер, баг тамирчдаа дасгалжуулан тэмцээнд амжилттай оролцуулдаг.  “Ган зам” сонины идэвхтэн бичигч байж, сонины захиалга нэмэгдүүлэх тал дээр анхаардаг нийгмийн идэвх сайтай нэгэн юм.

Ч.Нямаасүрэн, “Энэ олон жил төмөр замчдынхаа дунд ажиллаж, амьдарч ирэхдээ төмөр зам маань ажиллагсад болон ахмадуудаа үнэхээр сайн халамжилдаг, ээлтэй байгууллага гэдгийг биеэр мэдэрсэн. Төмөр замчдаа үргэлж харж үзэж, ажлыг нь дэмжин, нэмэлт орлогоор урамшуулдаг уламжлалтай. Тухайлбал, 13 дахь сарын цалин олгодог тогтолцоотой нь ажилтнуудын хувьд томоохон дэмжлэг болдог. Мөн 9000 гаруй ахмад настандаа онцгой анхаарал тавьж, дэд сантай болгосон нь ихээхэн ач холбогдолтой. Тус сангийн санхүүжилтийг хороо, зөвлөлүүдэд хуваарилан, жилдээ хоёр удаа тэтгэмж олгодог. Үүнээс гадна түлээ, нүүрсний дэмжлэг, амралт сувиллын хөнгөлөлт зэрэг бодит тусламж олон бий. Шаардлагатай үед нэмэлт тусламж, дэмжлэг ч үзүүлдэг. Ахмадуудаа өөрсдийнх нь оролцоотой, асуудлыг нь шийдүүлж байгаа нь хамгийн зөв, оновчтой шийдэл гэж боддог” гэж дурсав.

Түүний энгэрт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас, Алдарт эхийн I, II одон, бусад олон шагнал гялалзана. Өөрийгөө тэр “зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу” нягтлан байсан гэж тодорхойлдог. Санхүүгийн хууль, сахилга батыг чанд баримталж, хүний хувьд энэрэнгүй, халамжтай байсныг нь хамт олон нь “Манай ээж”, “Ерөнхий” хэмээн хүндэтгэн дууддагаар илэрхийлэгдэнэ. Одоо ч түүнийг ингэж дуудах нь түүний хамгийн том шагнал нь юм.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.