Нүүр УБТЗ ХНН Чингэлгийн галт тэрэгний аялал нэмэгджээ
УБТЗ ХНН

Чингэлгийн галт тэрэгний аялал нэмэгджээ

G.Press 5 сарын өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замын даргын долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдлаа. 51 дүгээр долоо хоногт хоёр гологдол гарсан байна. Тодруулбал, 19-ний 09.30 цагт Бор-Өндөр өртөөний сэлгээ 48 вагон түрж “Уулс Мандал” салбар замд явах үед зам төмөр хугарсан байжээ. Мөн 20-ны 23.00 цагт Агуйт зөрлөгт орж ирсэн 3161 дүгээр галт тэрэгний 2ТЭ25Км-455 илчит тэрэгний А секцийн дөрөвдүгээр хос дугуй гацаж чирэг үүсжээ.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд хоорондын замд зүтгүүрт гэмтэл гарч тусламж авсан найм, Тээвэр зохион байгуулалтын албанд болон СИРДП-Е хэлтэс тус бүр хоёр, Дохиолол холбооны алба нэг, СИРДП-Е хэлтэст гурав, бусдаар хоёр, нийт 14 дутагдал бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол нэг, дутагдал 136 нэгжээр буурсан байна. Тайлант долоо хоногт 102 радио галт тэрэг аялсны 30-ыг мөрдүүлэн аялуулж, дөрвөн галт тэрэг саатжээ.

Оны эхнээс 12 дугаар сарын 21-нийг дуустал 32 сая 645 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 104 хувиар биелүүлэв. Мөн 22 сая 880.1 мянган тонн ачаа ачиж, 104.5 хувиар биелүүлсэн байна.

Орон нутгийн 269100, транзит 114100, экспорт 232300, импорт 87900 тонн буюу нийт 703400 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 37 мянган тонноор бага үзүүлэлт юм.

Тайлант долоо хоногт “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 60 вагон илүү буюу 4002, “Шивээ-Овоо” ХК 22 вагон илүү буюу 2380, “Эрдэнэт” үйлдвэр 41 вагон илүү буюу 501 вагон тус тус ачсан байна. “Шарын гол” ХК энэ долоо хоногт мөн л уурхайн гаралт муу, дамжлага эвдэрсэн зэрэг шалтгаанаар 71 вагон дутуу буюу 1459 вагон ачжээ. 

19-ний байдлаар 6514 вагон буюу хоногт дунджаар 12 вагон илүү буулгаж, төлөвлөгөөг 109.8 хувиар биелүүлжээ.

Хэсгийн хурдын 39 км/цагийн төлөвлөгөөг 0.78 км/цагаар давуулав. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 29 галт тэрэг 2550 минут зогсож, хэсгийн хурдыг 0.01 км/цагаар удаашруулжээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 114 галт тэрэг /725.4 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /708.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16-16.2 галт тэрэгт хүрчээ.

Нарийн царигаар 55 галт тэрэг /410.1 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /424.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.7-7.8 галт тэрэг болж буурлаа.

Сүхбаатар-Наушкиар 51 галт тэрэг /350.4 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /344.8 вагон/ хүлээлгэн өгөв.

Тайлант долоо хоногт чингэлгийн 82 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар илүү, оны эхнээс нийт 3718 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 681 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2420, импортын 534 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт 154, транзит 63 чингэлгээр давсан байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 547 чингэлэг, 2299 вагон ачаа байна.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Эрээн өртөөнөөс 71 галт тэрэг /3454 вагон/ 163791.801 тонн хөх нүүрс хүлээж авчээ. Мөн Цогтцэций өртөөнөөс 52 галт тэрэг /1236 вагон/ 84124.2 тонн мидлинг тээвэрлэсэн байна.

Мөн хурлаар Их барилга хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай ажлаа танилцуулав. Тэрбээр, “Зарим салбар нэгжүүд зураг төсөлгүй, зөвшөөрөлгүй ажил эхлүүлчхээд араас нь зөвшөөрөл хөөцөлдөж байна. Цаашид хэн нэгний аман шийдвэрээр, зөвшөөрөлгүй ажлыг эхүүлэхгүй байх хэрэгтэй” гэв. Ирэх оны их барилга, их засварын төлөвлөгөөгөөр 203 объектын 51.4 тэрбум төгрөгийн ажил хийхээр төсөлд тусгажээ. Багахангай, Замын-Үүд, Сайншанд, Дарханд барих ипотекийн орон сууцнуудаас гадна ирэх онд нийслэлийн 73 дугаар сургуулийн урд байрлалтай Сурагчийн 12 дугаар барилгыг дахин төлөвлөж, 95 айлын ипотекийн орон сууц барихаар болжээ. 2027 оны эцэст ашиглалтад оруулах уг барилгын ажлыг ирэх нэгдүгээр сараас “Тэс сүмбэр констракшн” ХХК барьж эхлэх юм байна.

Түүнчлэн, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаяр тендерүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 22-ны байдлаар ЗТЯ-аар 580.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 352 /561 багц/ тендерийн төлөвлөгөөг батлуулжээ. Батлагдсан төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг цахим системээр 87.4 хувьтай зохион байгуулаад байгаа аж.

Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков 23-нд болох Ерөнхий хорооны хуралд 2026 онд хэрэгтэй зүтгүүрүүд болон их засварын талаар тодорхой асуудлуудыг бэлтгэж орохыг холбогдох дарга нарт үүрэг болголоо.

 

 

М.Наранболд  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.