Оросын Эдийн засаг, тээврийн хөгжлийн хүрээлэнийн мэргэжилтнүүд Оросын чингэлгийн зах зээлийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийж, үндсэн чиг хандлага, бэрхшээлийг тодорхойлж, хөгжлийн хэтийн төлөвийг гаргажээ.
2024 онд Оросын төмөр замаар тээвэрлэсэн чингэлгийн хэмжээ нийтдээ 7.9 сая TEU болжээ. Энэ нь 2023 онтой харьцуулахад долоон хувь, 2020 онтой харьцуулахад 36 хувиар илүү байгаа нь чингэлэг тээвэрлэлт тогтвортой хөгжиж, ачааны чингэлэгт зах зээлийн орон зай байгааг баталж байна.
Энэ оны урьдчилсан таамаглалаар чингэлэг тээвэрлэх хэмжээ ойролцоогоор 8.0 сая TEU байна, 2035 он гэхэд Оросын төмөр замын сүлжээгээр чингэлэг тээвэрлэх хэмжээ 10-12 сая тоннд хүрнэ гэжээ. ОХУ-д төмөр замын тээврийн чингэлэгүүд ердөө долоон хувь байгаа нь АНУ, Европын холбоо, Хятад улстай харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь уламжлалт байдлаар тээвэрлэдэг задгай ачаа (нүүрс, хүдэр, газрын тос, барилгын материал) давамгайлж байгаатай холбоотой.
Контейнер буюу чингэлэг бол төмөр замын тээврийн хамгийн хурдацтай хөгжиж буй сегмент бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгийн хэмжээ бараг гурав дахин өссөн байна. 2035 он хүртэл ОХУ-д чингэлэг тээвэрлэлтийн тогтвортой өсөлтийн хэтийн төлвийг тээвэр, ложистикийн дэд бүтцийг хэр идэвхтэй хөгжүүлснээр батална гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд терминал барихад 300 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийжээ. 2030 он гэхэд дахиад 250 тэрбумын хөрөнгө оруулалт хийх боломжтой аж.
Мөн 2022 оноос чингэлэг тээвэрлэлэд эрс өөрчлөлт орсон байна. Өмнө нь импортын чингэлэгтэй ачааны дийлэнх хувийг Финландын булангийн боомтоор дамжуулж, улмаар авто замаар тээвэрлэдэг байв. Одоогийн байдлаар гол нэвтрэх цэгүүд нь Алс Дорнодын боомтууд, Азов-Хар тэнгисийн сав газар, түүнчлэн Казахстан, Монгол, Хятадтай хиллэдэг төмөр замын гарцууд ажээ.
Л.Сурмаа
